Баяр цэнгэл, баатарлаг зориг, сүр жавхаа илтгэсэн “улаан”, хөгжил цэцэглэлт, сайн сайхан, амар амгалан, урт нас, идэр залууг бэлгэдэх “ногоон”, үргэлжид мөнх, үнэнч бат, тогтвортойн бэлгэдэл “цэнхэр”. Эдгээрээс нэг нь ч алга. Хар даа, хар өнгө л байна. Харанхуйд арван сарыг өнгөрөөж, хэвлийгээс гарахын хүслэн болон тийчиж, доошилж, дээшилсээр гарахад харанхуйн “ХАР” л угтав. Харин гэрлийн үзүүрээс атгасан тэр өдөр тэртээ 2004 он. Ийн “Гудамж” цувралын дараагийн эзний түүхийг цааш сийрүүлье.
Түүнийг Б.Оргил гэдэг. Өдгөө 21 настай. Удам дамжсан харааны бэрхшээл түүнийг тойрсонгүй. Эхээс хараагүй төрөв. Удамших тохиолдол цөөн боловч цөөнхийнх нь нэг нь тэр. Төрснөөс хойш гурван жилийн хугацаанд гадаах агаарыг “залгилахгүй” гэртээ өнгөрөөсөн. Түүнийг амнаас ам дамжсан яриа аварсан гэхэд хилсдэхгүй. “Эх нялхаст болор суулгавал хараа орох магадлал 70-80 хувь” гэх яриагаар очиж үзүүлснээр гурван настайдаа хараа оржээ. Гэхдээ 10 хувь. Одоо 90 хувийн харааны бэрхшээлтэй.
“Хараа орсныхоо дараа бүх зүйлтэй шинээр танилцаж байгаа болохоор халбага, сэрээ, усны сав, шил зэргийг хараад ч мэддэггүй байсан. Хараад мэдэхгүй учраас чимээгээр нь мэддэг, таньдаг байлаа” гэв. Гурван нас хүртлээ сонсож байсан чимээтэйгээ харьцуулж мэддэг болсон гэсэн үг.
Сургуулийн нас болоход самбар дээрх зүйлийг харахгүй, хүүхдүүд илт гадуурхаж байсан тул тусгай хэрэгцээт боловсролыг сонгосон аж. Сургуульд ороод тэр бараг л Эрдэнэт хотын “од” болсон. Багаасаа дуулж, бүжиглэх сонирхолтой байсан учир ямар ч төрлийн уралдаан тэмцээн болно, тэнд гүйж явна. Түүний дуулах дуртай, үргэлжид амны уншлага болох дуунууд бүгд ээжийн дуу. Арга ч үгүй. Ээжийн хүү юм чинь. Тэрнээс хойш Эрдэнэтийнхэн нөгөө “хөөрхөн” дуулдаг хүү байна гэцгээнэ. Харин 2016 онд Улаанбаатар хотод ирснээр түүний амьдрал бужигнах шиг болов. Эргэлт гэж хэлсэн ч болох юм байна. Учир нь дуулж бүжиглэх түүний сонирхол тэсвэр тэвчээрээр солигдон гүйлтийн тамирчин болсон.
“ИНГЭЖ ЭХЭЛСЭН” “Хотод ирээд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд сурдаг байсан юм. Тэр үед АХИЛЛИС МОНГОЛ клуб тусгай зургаан сургуульд АХИЛЛИС Kids гэх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт хамрагдаад тамирчин болох итгэл, найдвар авч Бабу бариач ахтай танилцан бэлтгэл хийж эхэлж билээ. Бабу ахыг фэйсбүүк, клабхаусаар хүмүүс танина. Бид намар танилцсан. Аравдугаар сард марафон болох байсан учраас хэдэн цаг гүйсэн ч хамаагүй барианд орж л байвал гээд бэлтгэл хийснээс хойш хоёр сарын дараа анхны тэмцээндээ оролцсон нь миний эхлэл”. Эхний тэмцээний амжилт дөрвөн цаг.
Тамирчин болоод гаргасан амжилт хоёр жил байтугай хорин жилд ч бэрх бас том. Ялалтын амтанд дассан “гудамжны эзэн”-д зогсох бодол үгүй. Өдөр бүр өнөөхөө амтлахын хүслэн болно. Өдөрт хоёр удаа бэлтгэл хийхийг эрмэлзэнэ. Хөлөө цуцааж, сууж ч чадахгүй болтлоо гүйнэ. Хэдэн ч гутлыг цаашаа харуулсан юм бүү мэд. Цоорох хүртэл гүйх нь тод. Түүнд хурд сааруулагч хэрэг болж магад. Даанч санхүүгийн асуудал гэсээр зулайгаа маажих. Нийслэлд ирснээс хойш цаашид хэрхэх талаар өдөр бүр бодолд дарагдаастай. Түүний амжилтын болон амьдралын “зангуу”-г авч хаяах шийдэл нь унадаг дугуй гэж төсөөлөөгүй. Гэхдээ зургаан сарын өмнөөс тэмцээнд явах зардал, ахуй амьдралд хэрэглэх мөнгөө унадаг дугуйгаар хүргэлт хийж олох болов. Энэ нь анхны ажил биш. Түүний ажлын гараа микроны хаалга хааж нээж, мөнгө тоолж, хойшоо дөрөвлөчих, нугас руу орчих, арын дөрөв нийлүүлээд өгчих зэрэг чихэнд танил үгсээр дүүрэн кондукторын местнээс эхлэлтэй. “Эрдэнэтийнхэн өдөр бүр микрогоор явдаг. Тухайн үед яагаад бусад хүмүүс чадаад би яагаад чаддаггүй юм гээд анх өдрийн долоон мянган төгрөгөөр кондуктор хийж байлаа. Багаас нь эхлээд дэвшинэ гэдэг дээ. Тэрэнтэй адилхан долоо, арав, арван таван мянга гээд дээшилсэн. Тэрний дараа гурил үүрээд гүйдэг, машин угаалгад машин угаадаг байсан гээд л ажлыг сольж өгснөө хуучилсан юм.
Харин одоо ЦУЦАШГҮЙ ХӨЛТӨН. Машинаар гурван цаг явах мухартын хөндий “Нисэх, Яармаг ч ойрхон санагддаг болсон”. Эхэндээ сурах гэж хөгөө чирсэн. Хаягаа олохгүй. Нөгөө хүн рүүгээ олон залгахаар чи яасан сонин хүүхэд вэ, Улаанбаатарт хүргэлт хийдэг байж хаяг олохгүй гээд эхэлнэ. Тэр чинь миний анхны хүргэлт байж болно шүү дээ. Зургаан сарын өмнөх би одоогийн би хоёр өөр хүн байхгүй юу” гэх. Оройдоо байрны тоот харахгүй будилах тохиолдол байх ч хамгийн чухал нь гараа хумхиагүйдээ өөрөөрөө сэм бахадна. Ийн өдөрт холоос ойр 10-15 хүргэлтийг том шардаа/Цүнх/ хийж аваад сүнгэнэнэ.
НЭГ ХҮН. Гудамжны эзэн найз охины хамт амьдардаг. Тусдаа гараад удаагүй шинэхэн хос. Хоёул гүйлтийн тамирчин. Үерхэж эхэлснээсээ хойш нэгнийхээ сонирхолд татагдан хамт гүйх болсон гэх. Гурван жилийн турш найзын харилцаатай явсан. Товчхондоо, гурван жил утсаар ярьж, найзалж нөхөрлөж найрах гэж явсан/инээв/. Хоёрдугаар сараас хойш хүргэлтэд явж хаврын хавсарга, намрын сэрүү татсан үеэр даарч явсаар орой ирэхэд халуун хоолтой угтах л сайхан даа гэх энгийн жаргал, тансаглал.
МЭРИЙЛТ. Тэр удахгүй АНУ-ыг зорино. Монгол Улс гэх айлыг төлөөлөх юм. Нью Йорк хотод хөнгөн атлетикийн тэмцээнд хүч үзэхээр мэрийж буй. Шалтгаан нь зардал үгүй, дэмжих байгууллага үгүй. Заавал олон жил хичээллэж, олон дараалсан амжилт гаргаж байж “тэтгэх” компаниудын хуучин үзэл садаа болж буй. Мөн параолимпын тамирчин бол харзнана. Тиймээс хүнээс гуйхгүйн тулд өглөөдөө бэлтгэл, өдөртөө хичээл, оройдоо хүргэлт хийдэг. Нэг өдрийн мэрийлт нэг иймэрхүү.
АРВАН ХУВИЙН БОЛОМЖ, МЯНГАН ХУВИЙН ЖАРГАЛ. Гудамжны эзэн анхны тэмцээндээ 42 км-ийг дөрвөн цаг гүйж байсан. Одоо гурван цаг хагас. Арван минутаар ахиулсаар гурван цаг руу оруулах нь түүний зорилго. Ингэснээр ЭЛИТ зэрэглэлийн тамирчин болох аж. Энэ нь холынх биш. Хоёроос гурван жилийн дараа хүрэх боломжтой гэв. Зэрэглэл ахиулах явцдаа сургуулиа төгсөж, ажиллаж, дасгалжуулагчаа хийх гээд олон зүйлийг тээсэн. Тэр 100, 90 биш, арван хувь хардаг. Надад зуун хувь байсан бол гэж хойш суусангүй. Боломжийг л ашигласан. Арван хувийн боломжоор арван минутаар ахиулах ЭЛИТ гудамжны эзэн. Яриа өндөрлөж, утас цохино. Дараагийн хүргэлт 16 дугаар хороолол. Дөхөөд залгая гэсээр их хотын түгжрэлээс ангид явна. Захиалга дуусвал найз охин дараагийн зар тавина. Тэд өөрсдөө бүгдийг бий болгох гэсэн ганц л зарчим баримталдаг. Энэ бол багийн ажиллагаа. Хамтын жаргал. Харилцан ойлголцол.