Баяр цэнгэл, баатарлаг зориг, сүр жавхаа илтгэсэн “улаан”, хөгжил цэцэглэлт, сайн сайхан, амар амгалан, урт нас, идэр залууг бэлгэдэх “ногоон”, үргэлжид мөнх, үнэнч бат, тогтвортойн бэлгэдэл “цэнхэр”. Эдгээрээс нэг нь ч алга. Хар даа, хар өнгө л байна. Харанхуйд арван сарыг өнгөрөөж, хэвлийгээс гарахын хүслэн болон тийчиж, доошилж, дээшилсээр гарахад харанхуйн “ХАР” л угтав. Харин гэрлийн үзүүрээс атгасан тэр өдөр тэртээ 2004 он. Ийн “Гудамж” цувралын дараагийн эзний түүхийг цааш сийрүүлье.
Түүнийг Б.Оргил гэдэг. Өдгөө 21 настай. Удам дамжсан харааны бэрхшээл түүнийг тойрсонгүй. Эхээс хараагүй төрөв. Удамших тохиолдол цөөн боловч цөөнхийнх нь нэг нь тэр. Төрснөөс хойш гурван жилийн хугацаанд гадаах агаарыг “залгилахгүй” гэртээ өнгөрөөсөн. Түүнийг амнаас ам дамжсан яриа аварсан гэхэд хилсдэхгүй. “Эх нялхаст болор суулгавал хараа орох магадлал 70-80 хувь” гэх яриагаар очиж үзүүлснээр гурван настайдаа хараа оржээ. Гэхдээ 10 хувь. Одоо 90 хувийн харааны бэрхшээлтэй.
“Хараа орсныхоо дараа бүх зүйлтэй шинээр танилцаж байгаа болохоор халбага, сэрээ, усны сав, шил зэргийг хараад ч мэддэггүй байсан. Хараад мэдэхгүй учраас чимээгээр нь мэддэг, таньдаг байлаа” гэв. Гурван нас хүртлээ сонсож байсан чимээтэйгээ харьцуулж мэддэг болсон гэсэн үг.
Сургуулийн нас болоход самбар дээрх зүйлийг харахгүй, хүүхдүүд илт гадуурхаж байсан тул тусгай хэрэгцээт боловсролыг сонгосон аж. Сургуульд ороод тэр бараг л Эрдэнэт хотын “од” болсон. Багаасаа дуулж, бүжиглэх сонирхолтой байсан учир ямар ч төрлийн уралдаан тэмцээн болно, тэнд гүйж явна. Түүний дуулах дуртай, үргэлжид амны уншлага болох дуунууд бүгд ээжийн дуу. Арга ч үгүй. Ээжийн хүү юм чинь. Тэрнээс хойш Эрдэнэтийнхэн нөгөө “хөөрхөн” дуулдаг хүү байна гэцгээнэ. Харин 2016 онд Улаанбаатар хотод ирснээр түүний амьдрал бужигнах шиг болов. Эргэлт гэж хэлсэн ч болох юм байна. Учир нь дуулж бүжиглэх түүний сонирхол тэсвэр тэвчээрээр солигдон гүйлтийн тамирчин болсон.