Он гарсаар цагдаагийн байгуулага 59 хүнд холбогдох 24 хар тамхины хэргийг шалгаж байгаа аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад нэлээд өссөн үзүүлэлт юм байна. Үүнтэй холбоотойгоор манай улсад үйлдэгдэж байгаа хар тамхины хэргийн нөхцөл байдал болоод энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлж, тэмцэж байгаа талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.
-Он гарсаар хар тамхины хэрэг нэлээд ойр ойрхон сонсогдлоо. Өчигдөр гэхэд л их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага илрүүлсэн. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгт хэд орчим насны хүмүүс, ямар шалтгаан нөхцлийн улмаас холбогдож байна вэ?
-Хоёрдугаар сарын 12-ны өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 19-32 насны гурван этгээд их хэмжээний мансууруулах бодисыг тээвэрлээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь таслан зогсоож баривчилсан. Биедээ авч явсан бодисыг эд мөрийн баримтаар хураан авсан байгаа. Гурван этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2 болон тус хуулийн 18.5-д зааснаар хэрэг бүртгэлтгэлийн хэрэг нээж, саатуулан шалгаж байна.
2019 он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэргийн 59 холбогдогчтой, 24 хэргийг илрүүлэн шалгаж байгаа. Энэ тоо нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлт харагдаж байгаа юм. 2018 онд бүтэн жилийн хугацаанд 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгасан байдаг. Энэ дунд насанд хүрээгүй хүүхэд ч бий. Насны ангиллаар авч үзвэл 18-35 нас залуус 80 хувийг эзэлж байсан. Хар тамхины хэрэг нь хохирогч байхгүй шууд холбогдогч, яллагддагчаар татдаг онцлогтой хэрэг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд “би хамт явж байсан, би татаж байгаагүй” гэж үгүйсгэдэг. Хар тамхийг зөвхөн хэрэглэсэн этгээд биш биедээ авч явсан буюу холбогдож байгаа бүх этгээдүүдийг хэрэгт холбогдуулан татдаг.
Хар тамхитай тэмцэх мэдээ мэдээллийг нэлээдгүй хүргэж байгаа боловч насанд хүрээгүй хүүхдүүд оролцох эрсдэл байна.
-Хар тамхины хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд холбогдож байна гэлээ. Тэгэхээр насанд хүрээгүй хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь ямар шалтгаантай байгааг судалж үзсэн үү?
-Насанд хүрээгүй хүүхэд аливаа гэмт хэрэг ялангуяа мансууруулах бодистой холбогдож байгаа нь эцэг, эхийн хайхрамжгүй байдалтай холбоотой. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийг судлаад үзвэл аав, ээж нь ажилдаа анхаарал төвлөрүүлэх хугацаанд муу хүмүүстэй нөхөрлөх, түүнд уруу татагдах, бусдыг даган сонирхож, аливаа гэмт хэргийн гэрч болдог тохиолдол байдаг. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж байгаад анхаарал хандуулж, нөхөрлөж байгаа хүүхдүүд дунд нь таны хүүхдийг уруу татах нэгэн байгаа эсэхийг нягталж үзэх ёстой. Мөн мансууруулах бодис гэж юу болох талаар мэдэж байгаа талаар хүүхэдтэйгээ ярилцах ёстой.
-Манай улсад орж ирж байгаа хар тамхины төрөл улам нарийсч байгаа гэсэн мэдээлэл байдаг. Үнэхээр манай улсад орж ирж байгаа мансууруулах төрлийн бодисыг ялгах аргаггүй болж, өөрчлөгдөж байна уу?
-Монгол Улсад ихэвчлэн канабис, мөс буюу ice орж ирж байсан ч саяхнаас LSD төрлийн бодис орж ирсэн тохиолдол илэрсэн байна. Мөс буюу ice, LSD, канабис гэх мэт төрлийн бодисыг хэрэглэсэн, тээвэрлэсэн тохиолдлуудыг илрүүлсэн. Эдгээр төрлийн бодисыг хүүхэд хэрэглэвэл биед нь шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Насанд хүрсэн 100 кг жинтэй хүн хэрэглээд 40 кг болох хүртлээ турсан жишээ байдаг. Бие эрхтэн буюу хумс, нүд, шүднээс эхлээд харлаад эхэлнэ. Гадаад байдал нь хүн харах аргаггүй болно гэсэн үг.
-Эцэг, эхчүүд хүүхдээ мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгааг нь ажиглах юм уу, ямар нэг байдлаар мэдэх боломж бий юу?
-Ер нь эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцдаг байх ёстой. Цагдаагийн байгууллага эцэг, эхчүүдэд танай хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон гэхээр зарим нь үгүйсгэдэг. Цагдаагийн байгууллага биологийн шинжилгээгээр тогтоодог. Хар тамхийг нэг удаа татаж хэрэглэсэн тохиолдолд хамгийн багадаа 60 хоног цусанд эргэлдэж байдаг. Харамсалтай нь Монгол Улсад хар тамхины эмчилгээ байхгүй. Зөвхөн хордлого тайлах эмчилгээ хийдэг. Тэгэхээр мансууруулах төрлийн бодист донтож байгаа хүмүүсийг 100 хувь эмчлэх арга байхгүй. Энэ төрлийн бодист донтоод гэртээ өөрийгөө боомилж, нас барсан хэрэг өнгөрсөн онд гарсан.
-Насанд хүрээгүй хүүхэд эцэг, эхийн хараа хяналт муу байгаагаас мансууруулах төрлийн бодис хэрэглэж байлаа гэхэд насанд хүрсэн, ид хийж бүтээх залуус яагаад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна вэ?
-Ажилгүйдлээс болж залуус хар тамхи татахыг оролдож байгаа гэх нь өрөөсгөл. Ажилгүй хэсэг бүлэг этгээдүүд хар тамхины хэрэгт холбогдоход ажилтай буюу төрийн алба хаагч хүртэл холбогдох тохиолдол бий. Үүнийг шууд ядууралтай холбож болохгүй. Ихэвчлэн чөлөөт цагаа зөв боловсон бус өнгөрүүлдэг, шинэ сонин зүйл эрэлхийлдэг залуус хэсэг бүлгээрээ нийлэхдээ буруу зүйлд уруу татагдаж байна. Хар тамхийг өдөр болгон хэрэглэх нь шууд үхэлд хүргэх аюултай.
-Хар тамхины хэрэглэгч нь ихэвчлэн мөнгөний боломжтой хүмүүс байдаг гэдэг. Хэрэглэгчийг хэр судалж, анхаарч ажилладаг вэ. Мөн тэднийг худалдан авалт хийхгүй байх талаас хэрхэн тэмцэж байна вэ?
-Боломжтой хүмүүс л мансууруулах бодис хэрэглэдэг гэх нь өрөөсгөл ойлголт. Уг бодисыг хэрэглэхээс гадна бусдад дамжуулан худалдан борлуулж ашиг олох журмаар ч оруулж ирэх нь бий.
-Хар тамхины хэрэгт холбогдсон хүүхэд, нас хүрэгчдэд ямар хариуцлага тооцдог юм бэ?
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаа этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20-р бүлэгт заасан зүйл ангиудаар зүйлчлэн хариуцлага тооцдог.
-Эцэг, эхчүүд энэ төрлийн гэмт хэргээс хүүхдээ хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх вэ?
-Манайхан баячуудын хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог гэж ойлгодог. Гэтэл одоо энэ төрлийн гэмт хэрэгт бүх насныхан холбогдож байна. Хамгийн гол нь энэ төрлийн гэмт хэрэгт зөвхөн татсан хүн хариуцлага хүлээхгүй гэдгийг иргэд ойлгох ёстой. Бага насны хүүхэд хар тамхи хэрэглэхгүй ч газ үнэртэж мансуурч байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулах үндэслэлтэй байдаг. Насанд хүрээгүй хүүхдэд эцэг, эх болон сурган хүмүүжүүлэгч нь анхаарал тавих ёстой. Хэрэв сэжигтэй тохиолдол байвал эцэг, эхэд нь мэдэгдэх. Энэ төрлийн бодисыг бусдын нөлөөнд автаж хэрэглэхээс аль болох зайлхсхийж, эрүүл мэнддээ анхаарал тавиарай.