УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Филатова нарыг цагаатгуулах тухай асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Монгол Улсад ардчилсан тогтолцоо бүрдсэнээр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нэгэн чухал төрийн байгууллагыг байгуулсан. Энэ бол Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн асуудлыг хариуцсан цагаатгалын комисс юм. УИХ-ын Дэд даргын хувьд цагаатгалын комиссыг ахалж ажиллаж байсан. Өмнө нь манай Дэд дарга нар цагаатгалын ажилд ач холбогдол өгч ажилласан үр дүн нь гарч байна. Шүүхээр нийт 31314 хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн байна гэж цагаатгагдсан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэсдийг цагаатгах тухай хууль гэж бий.
Тиймээс бид Монгол Улсын төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Юмжаагийн Цэдэнбал түүний гэргий А.И.Филатова нарыг хууль ёсны дагуу шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж байна. Энэ хүмүүсийг цаг хугацааны хувьд түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр гарч цагаатгасан албан ёсны баримт бичиг байхгүй. 2014 оны аравдугаар сарын 22-нд УИХ-ын Дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн байна гэдэг дүгнэлтийг тогтоосон байдаг. Мөн Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Филатова болон тэдний үр хүүхдийг тухайн үед мөрдөгдөж байсан Үндсэн хууль, Олон улсын хүний эрхийн тунхаглалуудын маш олон заалтыг зөрчиж шийтгэсэн байдаг. 1984 онд гадаадад нутаг заагдан цөлөгдсөн. Бүхэл бүтэн долоон жил гадаадад гэрийн хорионд байсан, бүх эд хөрөнгө гадаад паспортыг нь хураасан. Тэтгэвэр, хувийн эд хөрөнгө, дулаан хувцас, тэр бүү хэл дотуур хувцсыг нь хүртэл хураасан баримтууд байдаг. Хүний эрхийг ингэж зөрчиж, хэлмэгдүүлсэн архивын бичиг баримттай танилцсан.
Энэ хүмүүсийг цагаатгаж байна гэдэг төр уучлал гуйж байна гэсэн чухал ач холбогдолтой зүйл. Тиймээс бид энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа. Тэдний бүх гавьяа шагналыг хураасан, өнөөдрийг хүртэл сэргээж буцааж олгоогүй.
Ю.Цэдэнбалын гол голомт ТББ-ын тэргүүн Б.Бат-Амгалан: Монгол төрийг хагас зууны турш удирдаж байсан нэрт төрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Филатова нарын хувь заяаны асуудал монгол түмний сэтгэлийг сүүлийн 30 жил огшуулж ирсэн эмзэг сэдэв байдаг. Өдийг хүртэл энэ гэр бүлийн нэр төрийг сэргээж, цагаатгах албан ёсны шийдвэр гараагүй байна.
Ю.Цэдэнбалын дүүгийн охин А.Буянхишиг: Би ах дүү нараа төлөөлж ирсэн. Ах, эгч хоёрыг минь цагаатгахаар хамтран ажиллаж байгаа бүх хүнд талархаж байна. Санасан бодсон ажил маань бүтнэ гэж найдаж байна.