Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүнээр удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Н.Номинг сонгожээ. Тодруулбал, тус холбооны тэргүүн Сант сургуулийн захирал З.Энхмөнх БШУ-ны сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллах болсонтой холбогдуулан холбооны сонгуульт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.
Уг асуудлыг тус холбооны Удирдах зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд З.Энхмөнхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирал Н.Номинг санал нэгтэйгээр тэргүүнээр сонгожээ.
Н.Номин нь боловсролын салбарт 15 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд 2016 онд “Номт Наран" сургуулийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар ажилладаг ба өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сарын 21-нд Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож улмаар тус оны арваннэгдүгээр сард гүйцэтгэх захирлаар томилогджээ. Тэрбээр хувийн сургуулиуд болон тэдний багш ажилчид, суралцагчдын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулан ажиллаж буй туршлагатай гишүүн юм. Ташрамд дурдахад, тус холбоо нь 1999 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм.