“Мисс Монголиа-2018” тэмцээний тэргүүн гоо бүсгүйгээр Шинэ Монгол Технологийн Коллежийн Химийн инженерийн дөрөвдүгээр ангийн оюутан Б.Мөнхчимэг шалгарсан билээ. Түүнийг өчигдөр Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах, Шинэ Монгол технологийн коллежийн захирал Ш.Буянжаргал тэргүүтэй багш, сургуулийн хамт олон хүлээн авч, баяр хүргэх торгон мөчөөс хуваалцлаа.
Энэ үеэр Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах “Манай сургуулийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь буюу 60 эмэгтэй оюутан байдаг. Гэтэл цөөхөн эмэгтэй оюутнуудаас маань Монголын тэргүүн гоо бүсгүй шалгарсанд маш их бахархаж байна. Ялангуяа инженер хүн гоо бүсгүйгээр шалгарсан нь үнэхээр онцгой санагдаж байна. Шавь маань дараа дараагийнхаа тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, амжилттай оролцоно гэдэгт итгэж байна. Багш нар нь үргэлж тусалж дэмжих болно” хэмээн ярьсан юм.
“Мисс Монголиа-2018” тэмцээний тэргүүн гоо бүсгүйгээр шалгарч, Япон улсад болох “Miss International-2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон Б.Мөнхчимэгтэй ярилцлаа.
-Юуны өмнө Монголын тэргүүн гоо бүсгүйгээр шалгарсанд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-2018 оны Монголын гоо бүсгүйгээр шалгарсандаа маш их баяртай байна. Энэ амжилтыг гаргахад миний ард маш том баг бүрэлдэхүүн буюу миний гэр бүл, найз нөхөд, багш, хамаатан садан, сургуулийнхан гээд маш олон хүн ажилласан. Эдгээр хүмүүсийн дэмжлэг, тусламжаар өнөөдрийн амжилтыг гаргалаа.
-Тэмцээний үеэр ямар, ямар шалгуур тавигдав. Аль төрөлд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Гоо бүсгүйн тэмцээн нь үндсэн зургаан төрлийн шалгууртай байдаг. Миний хувьд гурван шалгуурт нь дээд амжилт үзүүлсэн. Тухайлбал, спорт, бикини төрөлд түрүүлж, авьяасын төрөлд шилдэг дөрвөн оролцогчийн нэгээр шалгарсан. Миний хувьд монгол хүн гэдэг утгаар монгол бүжгээ бүжиглэсэн. Монгол бүжгээ энтертаймент байдлаар үзүүлэхийг зорьж, хэл хуур хөгжимтэй хослуулсан.
-Өмнө нь “Мисс Монголиа” тэмцээнд оролцож байсан уу. Энэ жилийн “Мисс Монголиа” тэмцээнд оролцоход ямар байсан бэ?
-Миний хувьд 2017 оны гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож гуравдугаар байрын шагналыг авч байсан. Тэр үед бага зэргийн туршлага хуримтлуулсан учраас энэ жил нэлээд төлөвлөгөөтэй ажилласан.
-Энэ жилийн тэмцээндээ хэрхэн бэлдсэн бэ?
-2017 оны Монголын гоо бүсгүй тэмцээний дараанаас бэлдэж эхэлсэн. Тэмцээний бүх шалгуураа бичиж байгаад надад аль төрөлд юу хэрэгтэй талаар бодож, бэлдэж эхэлсэн.
-Ер нь яагаад загварын чиглэлээр явах болсон юм. Юу чиний сонирхлыг илүү ихээр татсан юм бэ?
-Миний хувьд бага байхдаа огт гадаа тоглодоггүй байсан. Харин гэртээ даавуугаар хувцас хийгээд өрөөнийхөө нэг булангаас нөгөө булан хүртэл алхаж үздэг байсан. Энэ байдлыг ээж, аав хоёр маань хараад дөрөвдүгээр ангиас эхлэн Монголын хүүхдийн ордны загвар, дизайны Н.Нармандах багшийн удирдлага дор нэг жилийн хугацаатай явуулж байсан. Үүний дараа 2017 оноос “Андра” академийн загварын дугуйланд явж эхэлсэн.
-Багаасаа загварын чиглэлээр явах сонирхолтой байсан хэрнээ яагаад инженер мэргэжлийг сонгосон юм бэ?
-Миний арьс маш эмзэг учраас импортын бүтээгдэхүүн таарч тохироход амаргүй байдаг. Тийм учраас би өөрөө гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдэж, инженерийн сургуульд орсон.
-Мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Надад хоёр том мөрөөдөл бий. Миний хувьд химийн инженер мэргэжлээр сурдаг. Цаашид гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байгуулж, монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх мөрөөдөлтэй. Үүний хажуугаар дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд оролцож, дэлхийн гоо бүсгүйн титмийг эх орондоо авчрах мөрөөдөлтэй.
-Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцох мөрөөдөлтэй гэлээ. Уг тэмцээний гол шалгуурын нэг болох хүмүүнлэгийн ямар ажил хийнэ гэж бодож байна. Энэ талаар хэр төсөөлдөг вэ?
-Олон улсын гоо бүсгүй шалгаруулалтад оролцож байгаа бүсгүйчүүд ихэвчлэн бүтээн байгуулалттай холбоотой төслүүд хийдэг юм шиг санагдсан. Харин миний хувьд тогтвортой хөгжлийн зорилтод орсон чанартай боловсролын талаарх төсөл хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Энэ төслийг 2017 оны Монголын гоо бүсгүй тэмцээнд оролцох үеэр санаачилж байсан.
-Гоо бүсгүйд байх ёстой бүх чадварыг өөртөө эзэмшинэ гэж байсан. Ер нь эх орныхоо нэрийг олон улсад гаргах гоо бүсгүйд ямар зан байдал, мэдлэг чадвар байх ёстой гэж боддог вэ?
-Гоо бүсгүй нь бүгдэд эерэг зүйлийг түгээж чаддаг. Эергээр нөлөөлж чаддаг байх ёстой гэж боддог. Тийм учраас нийгмийг чиглэсэн эерэг зүйлүүдийг хийж, бусдыг урилна. Тиймээс би асрамжийн газрын охидод гоо зүйн сургалт явуулж эхэлсэн.
-Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлдэг вэ?
-Зав гарвал ихэвчлэн гэртээ гоо сайхны бүтээгдэхүүн хийж, өөрийн болон гэр бүлийнхээ хэрэглээг хангадаг. Банны бөмбөлөг, уруулын бальзам, гуужуулагч, маск, саван зэрэг олон зүйлийг хийдэг. Ер нь сургууль дээрээ авсан онолын мэдлэгээ ашиглаж, гэртээ бодитоор туршилт хийдэг гэж хэлж болно.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.