Олон улсын валютын сан(ОУВС)-ын зүгээс цаг уурын өөрчлөлт болон бэлчээрийн даац хэтэрсэн явдлаас улбаалан Монгол Улсын мал аж ахуйн салбарт томоохон аюул нүүрлэж буйг анхааруулжээ. Мөн хэрэв энэхүү асуудалд төрөөс бодлогын шуурхай арга хэмжээ авахгүй бол улс даяар эдийн засгийн тэнцвэргүй байдал бий болохыг сануулсан байна. Энэ нь цаашлаад цөлжилт хурдсах үндсэн шалтгаан болж байгаа бөгөөд Монголын тал нутгаас эхэлсэн "шар шороон шуурга" БНХАУ-аар дамжин БНСУ, Япон зэрэг орны эх газарт хүрч, байгалийн гамшиг нүүрлүүлж байгаа нь олон улсын асуудал болжээ.
Манай улсын хувьд нийт хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний 90 хувь, нийт ажиллах хүчний 25 хувь нь мал аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлдэг. Энэ утгаараа манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчинд хөдөө аж ахуйн салбар тооцогдоно. ОУВС-ын зүгээс манай улсын хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй хамгийн том сорилт, бэрхшээлийг зуны хуурайшилт, бэлчээрийн даац хэтэрснээс болж бэлчээр газрын доройтол улам хурдацтай нэмэгдэж байгаа явдал гэжээ. Бэлчээр газар доройтсоноос үүсэх эрсдэл нь зуны цагт хангалттай тарга авч чадаагүй мал өвлийн хүйтэн, зуд зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлсийг гаднын нөлөөгүйгээр тэсэж гарахад бэрхшээлтэй болгох нь тодорхой.
ОУВС-ын тооцоолсноор 1990 оноос хойш зудын улмаас хорогдсон малын тоо манай улсын нийт ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байгааг дурджээ. Онцлууштай нь, тус байгууллагын олж илрүүлснээр малын тоо толгой огцом өссөнтэй холбоотойгоор цөлжилт нүүрлэсэн бүс нутгуудад зудаар хорогдсон малын тоо толгой улсын хэмжээнд хамгийн их байна.
Монгол Улсад 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт малын тоо толгой гурав дахин нэмэгдэж 66.5 саяд хүрсэн нь нийт бэлчээрийн даацтай харьцуулахад асар их тоо юм. Үүний бараг тал хувь нь буюу 27.1 сая нь ямаа. Энэ тоо 1990 онд ердөө 5.1 сая байжээ. Ямаан сүргийн тоо толгой ийнхүү улсын хэмжээнд огцом буюу тав дахин өсөх болсон нь дэлхийн зах зээл дээрх ноолуурын ханш нэмэгдэж байгаа, төрөөс ямааны ноолуурт урамшуулал олгох бодлого хавтгайрсантай холбоотой гэж үзжээ. Гэтэл 1990 онд хонин сүргийн тоо толгой 15 сая байснаас 2018 онд 30.5 сая болж 30 жилийн хугацаанд харьцангуй байгалийн жамаар буюу хоёр дахин нэмэгджээ. Харин адуун сүрэг 2.2 саяас 3.9 сая, үхэр сүрэг 2.8 саяас 4.4 сая болж нэмэгдсэн бол тэмээн сүрэг 537 мянга байснаас 460 мянга болж буурчээ. Эндээс анзаарагдах нэг чухал зүйл байгаа нь малчид зах зээл, амьжиргаагаа даган яалт ч үгүй хамгийн ашигтай ямаан сүргийг өсгөхөд төвлөрчээ. Үүнийг буруутгах аргагүй юм. Учир нь малчид зээл-ноолуур-зээл гэсэн цикьд амьдарч буй нь нууц биш. Энэ асуудалд төр болон орон нутгийн удирдлагын бодлого, зохицуулалт, бэлчээрийн менежментийн стандарт, газар ашиглалтын зохицуулалт хийх байдал дутагдсаар байна.
Харин ОУВС-ын зүгээс Монгол Улсын мал аж ахуйн салбар, цаашлаад нийт эдийн засаг, тэр дундаа малчин өрхүүдийн амьжиргаанд сорилт болж буй малын тоо толгой болон бэлчээрийн даацын хэвийн харьцааг бий болгох чиглэлд дараах гурван зөвлөмжийг хүргүүлжээ.
1. Малын тоо толгойгоос хамааран малчин өрхүүдээс бэлчээр газар ашигласны төлбөр хураах, энэ төрлийн татварын механизм бий болгох. Үүнд бага болон зохистой хэмжээнд мал сүрэг үржүүлж буй иргэдийг татвараас чөлөөлөх. Зөвхөн мал сүргийн тоо толгойн хэмжээ төрөөс тогтоосноос хэтэрсэн малчин өрхөд бэлчээр ашигласны төлбөр тавих. Сүргийн хэмжээнээс хамааран бэлчээр газрын хязгаарлалт тогтоох.
2. Малын гаралтай эцсийн бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх, түүнд урамшуулал олгох. Тухайлбал, ноолуурын чанарыг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүнээс гарах ашгийг нэмэгдүүлэх, том сүргээс хамааралтай байдлыг бууруулахад чиглэсэн арга техник, сургалтыг малчдад хүргэх.
3. Зөвхөн ноолуураас хамааралтай мал аж ахуйн бүтээгдэхүүнээс илүүтэй хэрэглээнд суурилсан бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, түүний ашигтай хэмжээг нэмэгдүүлэх. Тухайлбал, махны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, цаашид малчдын дунд малын тоо толгой бус чанарт анхаарлаа хандуулах сэтгэлгээг бий болгох, үүнийг урамшуулах.
Мөн үүний дээр гадаад худалдааны бодлогын хүрээнд ОХУ, БНХАУ гэх хоёр хөрш зэргэлдээ оронд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх. Тэр дундаа махны экспортыг нэмэгдүүлснээр бэлчээрийн даацын асуудалд гол бэрхшээл болж буй малын зүй зохисгүй тоо толгойн өсөлтийг хэвийн хэмжээнд барих гэсэн зөвлөмжүүдийг хүргүүлжээ.
Эх сурвалж: IMF, Intellinews, 1212.mn