Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, "Мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах тухай" хуулийн төслийн талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангах, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах чиглэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцууллаа.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Засгийн газраас өргөн барьсан “Мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах тухай" хуулийн төсөлд хөдөө аж ахуйн салбарт мах, гурилын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах гэдэг чиглэлд анхаарч ажиллахаар тусгасан.
Засгийн газар өнгөрсөн наймын сарын хугацаанд нөөцийн мах бэлтгэлд 104 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж, 12.6 мянган тонн мах бэлтгэсэн. Үүний 60 хувь нь хонь, 30 хувь нь үхэр, 10 хувь нь ямааны мах байгаа. Нөөцийн махыг гуравдугаар сарын 25-наас зах зээлд нийлүүлж эхэлсэн. Нийт 468 дэлгүүр, худалдааны төвөөр нөөцийн мах борлуулж байна.
Махны нөөц долдугаар сарын 1-ний өдөр буюу ирэх зун хүртэлх төв суурин газруудын махны хэрэглээг хангах боломжтой. Нөөцийн мах нойтон махны бөөний үнээс хямд үнээр борлуулагдаж байгаа. Тухайлбал, үхрийн ястай мах 8900 төгрөг, хонь 8400 төгрөг, ямаа 7100 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна.
Бид энэ онд аль болох их хэмжээгээр үр тариа, хүнсний ногоо тариалах чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүд авсан. Үүний хүрээнд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, зарим хүнсний гол нэр төрлийн бараанд экспортын хязгаарлалт тавих эрхийг ХХААХҮ-ийн сайдад олгохоор хуульд тусгасан. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор манай хойд хилийн бүсүүдэд иргэдийн жижиглэн экспортын хүнсний бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоосон. Үүний эсрэг талд бид импортоос хамааралтай хүнсний бүтээгдэхүүн дээрээ экспортын хязгаарлалт тогтоох эрхийг хуулиар олгохоор судалж байна. Цаашид ямар бараа бүтээгдэхүүн дээр хориг тогтоох вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргаад явна.
Үндсэндээ ургамлын тос, элсэн чихэр, бүх төрлийн будаа зэрэг импортын хамааралтай хүнсний бүтээгдэхүүнийг ОХУ болон бусад хөрш орны иргэд дамжуулан экспорт хийж, жижиглэнгээр аваад гарчихвий гэдэг дээр зохицуулалт хийж байгаа.