Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Манай хороо-Миний гудамж” аяныг есөн дүүргийн хэмжээнд гурван сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл зохион байгуулж байгаа юм. Уг аянд Улаанбаатар хотын 152 хорооны бүх айл өрх, аж ахуйн нэгжийг хамрагдаж, өөрсдийн ая тухтай орчин нөхцөлд амьдрах боломж бүрдүүлэх тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг санаачлан хийж байгаа юм. Аяны хүрээнд гэр хорооллын иргэд орчин тойрноо хэрхэн тохижуулж, тав тухтай нөхцлийг бүрдүүлж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт ажиллаж, танилцлаа.

Ажлын хэсэг хамгийн эхлээд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 35 дугаар гудамжинд хийсэн тохижилтын ажилтай танилцсан юм. Уг гудамж нь явган хүний зам тавигдаагүй, гэрэлтүүлэг муугаас гадна авто машин зорчих хэсэг нь эвдэрч гэмтсэн байжээ. Харин аяны хүрээнд иж бүрэн гэрэлтүүлэг, зориулалтын явган хүний зам тавьж, авто машины зорчих хэсэгт байгаа саадыг арилган замыг тэгшлэн орц, гарцыг чөлөөлсөн байна. Айл өрхүүд ч хашаагаа будаж янзалсан байв. Мөн ая тухтай нөхцлийг бүрдүүлэх үүднээс тарьсан модны хажууд сандал байрлуулсан харагдлаа.
Энэ үеэр тус хорооны иргэн Ч.Цэцгээтэй уулзахад “Цэвэр бохир усны асуудлыг шийдчихвэл эндээ сайхан амьдарч болж байна. Хамгийн гол нь утаанаас салах нь чухал асуудал болоод байна. Орон сууцанд орох амаргүй учраас амьдарч байгаа орчноо тохижуулаад амьдарч болмоор санагддаг” гэсэн юм.
Үүний дараа Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд байрлах авто машины салхины шил үйлдвэрлэдэг “Авто шил” компанийн гадна тохижилтийн ажилтай танилцлаа. Эднийх “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд 30 гаруй сая төгрөг зарцуулж, ажиллах орчноо үлгэр жишээ болгон тохижуулсан хэмээн компанийн ерөнхий менежер Д.Болдбаатар хэлсэн. Тухайлбал, 1000 гаруй цэцэг, 300 гаруй мод болон 300-400 м кв талбайд зүлэг тарьжээ. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд оффисын байрнуудаа цахилгааанаар халааж байгаагаас гадна нойлын асуудлаа шинэ технологиор шийдсэн байна. Мөн 20 гаруй гэрэлтүүлэг хийж, камержуулж байгаа аж. Хамгийн сонирхолтой нь эднийх монгол гэрийг оффисийн зориулалтаар тохижуулсан байлаа.
Үлгэр жишээ айл Ц.Цогт-Очирынх
Мөн ажлын хэсэг гэр хорооллын айл өрхийн тохижилтын ажлын төлөөлөл болгож, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Ц.Цогт-Очирынд очлоо. Эднийх “Манай хороо-миний гудамж” аяны хүрээнд 12 сая төгрөгөөр хашаан дотроо усан оргилуур хийж, Цамбагарав уулын нөмөрт таван хошуу малтайгаа нутаглан буй монгол айлыг товхинуулсан ногоон байгууламжийг цогцлоосон талаар гэрийн эзэгтэй А.Навчаа хэлсэн юм. Ц.Цогт-Очирынх хашааныхаа булан тохой бүрийг ашиглаж, завсар зай бүрт нь цэцэг ногоо, жимс жимсгэнэ, мод ургамал тарьсан байв. Мөн хүүхэд тоглох савлуур, амарч тухлах саравчийг модоор хийсэн байлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн иргэдийн 50 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Бид улсын хэмжээнд орон сууцжуулах бодлого явуулж байгаа ч гэр хороололд амьдарч байгаа иргэдийн амьдрах орчныг хэрхэн сайжруулахад бодлогын шинж чанартай үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ер нь иргэд өөрийн эзэмшил газар дээрээ тав тухтай нөхцлийг бүрдүүлж амьдрах сонирхол их байгаа юм. Гэр хорооллын иргэдийн дунд судалгаа явуулаад үзэхэд 60 орчим хувь нь орон сууцанд орохоос илүү байгаа орчноо сайжруулах хүсэлтэй байгаа нь харагдсан. Гэр хорооллын тохижилтын ажил, жишиг үйл ажиллагаатай танилцахад нийслэлийн иргэд өөрсдийн амьдрах орчноо сайжруулахад анхаарлаа хандуулдаг болсон нь харагдаж байна. Мөн техник технолгийн хөгжил нь гэр хорооллын орчинд тав тухтай амьдрах нөхцлийг хангаж өгч байна. Амьдрах орчноо сайжруулах шинэ санал, санаачлага гарган ажиллаж байгаа иргэдийн санаачлагыг төсвөөс тодорхой хэмжээгээр хөрөнгө гарган дэмжинэ” гэж ярьсан.
Ажлын хэсэг хамгийн сүүлд нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, “Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэн”-ийн тохижилттой танилцлаа. Уг хүрээлэнг одоогийн байдлаар 80 гаруй сая төгрөгөөр тохижуулсан байгаа аж. Тухайлбал, 400 гаруй мод, бут тарьснаас гадна хамгаалах хашаа, гэрэлтүүлэг, камер, зам талбайг тохижуулсан байна.
Ногоон нуур цэцэрлэг нь зуны улиралд цагаан галуутай хамт нууран дээр завьтай аялуулдаг бол өвлийн улиралд мөсөн дээр гулгуулдаг юм байна. Нэг цаг тоглоход 4000 төгрөгийн үнэтэй.
Уг цэцэрлэгт зуны улиралд хүмүүс олноор ирдэг байна. Сүүлийн үед гадны жуулчид ч тус цэцэрлэгийг зорин ирэх болжээ. Тиймээс ногоон нуур цэцэрлэгийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаагаар дамжуулан нийслэл болоод монгол орноо суртачлах аялал жуулчлалын бүс болгохоор зорьж буйгаа үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох хэлсэн юм. Тиймээс ойрын үед цэцэрлэгээ өргөтгөж, монгол ахуй соёлыг харуулсан гэр барихаар төлөвлөөд байгаа аж.