Open iToim app
Зочин | 8 мин уншина

Ц.Хуяг: Банкны хадгаламжаас татагдсан мөнгө биржийн бус зах зээл рүү орсон

Ц.Хуяг: Банкны хадгаламжаас татагдсан мөнгө биржийн бус зах зээл рүү орсон
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 1
Монголын үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хороон дарга Ц.Хуягтай ярилцлаа.
-Биржийн бус зах зээл зохицуулалтай болоод нэг жил болж байна. Зохицуулалтгүй үед хаалттай бондыг хэрхэн арилжаалдаг байсан бэ? 
-Өмнө нь мэргэжлийн тоглогчид бонд гаргахдаа хоорондоо зохицож, гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулдаг байсан. Тэр хэлцлийг нь хоёр тал л мэддэг. Хэдэн төгрөгийн гэрээ үүнд эргэлдсэн зэрэг мэдээлэл байдаггүй байв. Биржийн бус зах зээлийг нэгтгэснээр энд юу болсныг мэдэх боломжтой болж байгаа юм. 
Хөрөнгийн зах зээл дээр биржээр арилжаалдаг зах, биржийн бусаар арилжаалдаг гэсэн хоёр зах бий. Одоогоор биржийн бус захад зөвхөн өрийн хэрэгслүүд л гарч байна. Ийм зах зээлгүй үед хэн, хаана, юу гаргаж байгаа нь мэдэгддэггүй байсан. Тэр нь амжилттай болсон уу, уналтад орсон уу гэдэг нь бүр тодорхойгүй өнгөрдөг байв. Өөрийгөө зохицуулах статустай МҮЦАЭХ-ны зүгээс цэгцлэх хэрэгтэй гэх асуудлыг хөндсөн. Олон улсын жишгийнхээ дагуу биржийн бус зах зээлийг уг хороо хариуцдаг. Энэ утгаараа тус зах зээлийг хуулийн нарийвчилсан зохицуулалтаар зохицуулж, дүрэм, журмаа гаргаж, гишүүддээ мөрдүүлж байна. 
Дэлгэрүүлбэл, 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр 995 дугаар тогтоолоор биржийн бус зах зээлийг үйл ажиллагааны журмыг баталсан. Үүгээр биржийн бус зах зээлийн эрх зүйн орчин бүрдсэн юм. Үүнд нарийвчилсан дүрэм журам, үйл ажиллагааг нь мэргэжлийн холбоо зохицуулна гэж хуулиар заасан. Тэр утгаараа нарийвчилсан журмаа гаргаж, дөрөвдүгээр сард өгсөн. Түүнийгээ долдугаар сарын 1-нд албан ёсоор батламжлуулж авсан. Харин наймдугаар сараас бүртгэж эхлээд есдүгээр сарын 7-ноос хоёр дахь зах зээлээ нээж байв.
-Биржийн бус зах зээлийн бонд нь хэсэг хүмүүсийн дунд өрнөөд хаалттай байдаг учраас үүний талаар иргэд ойлголт тааруу санагддаг. Мэдээлэл өгөх үүднээс хаалттай бонд нь нээлттэй бондоос юугаараа ялгаатай талаар энэ хэсэгт онцолъё.
-Хаалттай бонд нь нэг талд нь үнэт цаас гаргагч нөгөө талд нь хөрөнгө оруулагч гэх хоёр утгуудын дунд явдаг. Хөрөнгө оруулагчид нь зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагч байна. Өөрөөр хэлбэл, жирийн иргэд орох боломжгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтаа мэдэж байгаа, санхүүгийн мэдлэгтэй хүмүүс хөрөнгөө оруулна гэсэн үг. Харин нээлттэй бонд бол олон нийтэд, хэл дуртай нь оролцох боломжтой бондыг хэлж байгаа шүү дээ.
-Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн шалгуур нь юу вэ?
-Хорооноос баталсан биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журамд мэргэжлийн хөрөнгө оруулагч гэх нэр томьёог тодорхойлсон. Үүгээр хувь хүн нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд сар тутмын дундаж орлого нь 10 сая төгрөгөөс дээш, нэг жилийн туршлагатай. Эсвэл хагас тэрбум төгрөгийн цэвэр хөрөнгөтэй байх гэж нарийн заасан байдаг. Аж ахуйн нэгжийн хувьд борлуулалтын орлого 1-2 тэрбум гэж заана. Бусад санхүүгийн байгууллагууд нь мэргэжлийн оролцогч гэж явдаг.
-Ер нь энэ зах зээл зохицуулалттай болсноор ямар өөрчлөлтүүд гарав?
-Биржийн бус зах зээл бүртгэлгүй байсан учраас урьдчилсан тооцооллоор 100 орчим тэрбум төгрөгийн бонд энэ зах зээлд байгаа гэж тооцоолсон. Мөн эхний жилд 10 орчим компани бүртгэнэ гэж бодож байтал төсөөллөөс давсан юм. Өнөөдрийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн өрийн хэрэгслийг бүртгэсэн. Үүнээс амжилттай гаргасан нь 645 тэрбум төгрөг буюу 60 хувьтай байна. Бусад нь транчаараа явж байгаа учраас үргэлжилнэ. 
Одоогоор биржийн бус зах зээлд шууд оролцсон 26 байгууллага бүртгэгдсэн байна. Дийлэнх нь үнэт цаасны буюу брокер, дилерийн компаниуд болон хөрөнгө оруулалтын сан бий. Цаашдаа бид банк, санхүүгийн байгууллагыг шууд оролцогчоор хангах боломжийг бүрдүүлнэ. 
1.1 их наяд төгрөг бүрдүүлэхэд нийт 65 аж ахуйн нэгж үнэт цаасаа гаргасан. Тэр дунд бидний мэдэхгүйгээс гадна мэддэг том групп компаниуд бий. Жишээлбэл, Гацуурт, Шунхлай, Говь, Таванбогд, ББСБ-ууд, барилга, уул уурхайн салбарын компаниуд өрийн хэрэгслээ гаргасан.
-Бүтээгдэхүүний эрсдэлийг тооцдог уу?
-Эдийн засгийн том эргэлт учраас эрсдэл бий. Бүтээгдэхүүн нь банкны хадгаламжаас илүү эрсдэлтэй. Тийм учраас илүү өндөр хүү амладаг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн шаардлагыг хангаж байж үүнд ордог учир тухайн хүн эрсдэлээ өөрөө даадаг. Мэргэжлийн хөрөнгө оруулагч оръё гэж байгаа бол үнэт цаасны компани дээр очоод “Би өөрөө эрсдэлээ 100 хувь дааж, өөрийн мэдлээр хөрөнгө оруулалтаа хийж байна” гэдэгтээ батлан даалт хийдэг. Тиймээс эрсдэлийг төрийн байгууллагаас эсвэл манайхаас нэхээд байх зүйлгүй. Манайх бүх юмыг нэгтгээд зах болгож өгч байгаа юм.
Биржийн бус зах зээлд бүртгэгдэж байгаа үнэт цаас бүхэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд ISIN буюу үнэт цаасны олон улсын код авдаг. Гаднын хөрөнгө оруулагч тухайн кодыг нь уншуулаад л хадгаламжийн төвдөө бүртгэлтэй, баталгаатай гэдгийг нь мэдэж авдаг. 
-Идэвхтэй зах зээл гэдэг нь жил хүрэхгүй хугацаанд 1.1 их наяд төгрөг босгосон гэдгээс харагдаж байна. Наймдугаар сард танилцуулсан хагас жилийн статистикаар төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 2.1 наядаар буурсан байна лээ. Хөрөнгийн зах зээлийн идэвхээс харахад биржийн бус зах зээл рүү энэ мөнгө орсон юм уу гэж таамаглаад байгаа?
-Тийм тал байхыг үгүйсгэхгүй. Хөрөнгийн зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгө ийш тийш үрэгдэнэ гэж байдаггүй. Нэг савнаас нөгөө саванд “юүлэгдэн” эргэлдэж байдаг. Тэгэхээр банкны харилцах дээр хүү бодохгүй, байгууллагын харилцах хугацаагүй хадгаламж дээр хүү бодохгүй гэх зэрэг зохицуулалт хийсэн. Дээрээс нь банкны хүү өнгөрсөн хугацаанд буурлаа. Он гараад л жаахан нэмэгдсэн. Энэ үед хүмүүс илүү өндөр өгөөжтэй хөрөнгө сонирхож эхлэх нь тодорхой. Учир нь, банкны хадгаламжийн хүү есөн хувьтай байхад инфляц 10 хувьтай давсан тул илүү өгөөж хүртэхийг хэн ч хүснэ.
-Иргэдэд нээлттэй биш учраас хөрөнгийн зах зээлд ямар өгөөжтэй байгаа нь зарим хүнд тодорхой бус байж мэдэх юм. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Зорилт нь олон нийтийнх биш учраас гарч байгаа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилж болдоггүй. Хэлцэл нь амжилттай явсны дараа мэдээлэх төдий танилцуулж байгаа. Тэр утгаараа иргэд шүүмжилж байж мэднэ. Цаашид нийтэд мэдээлэх чиглэлд ач холбогдол өгч анхаарна. Англи, монгол хоёр хэл дээр вэб дээрээ байршуулах тухай яригдаж байгаа.
Биржийн бус зах зээл бий болсноор зах зээл дээр том өөрчлөлт гарч байгаа. Би хувьдаа, өнгөрсөн 30 жилийн хугацаанд зах зээл маань хууль дүрэм журам нь дандаа болохгүй гэж хориглодог байсан. Хэт их хувийн секторыг ажиллахад хүндрэлтэй болгосон нь үнэт цаасны компаниуд Монголд төдийлөн чадавхжиж чадаагүй. Харин одоо шинэ бүтээгдэхүүн гаргаж, шинээр туршилт хийж, суралцах таатай нөхцөл болж байгаа юм. Яагаад гэвэл зохицуулалт нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хооронд гэдэг утгаараа илүү хялбар. Учир нь, бүртгэлийн хороо бүрдүүлбэрийн шинж дээр нь л бүртгэл хийдэг. Түүнээс энэ эрсдэлтэй юү, үүний үйл ажиллагаа сонин санагдаж байгаа учраас бүртгэхгүй гэдэггүй. Журмын дагуу юу бүрдүүл гэсэн түүнийг л шаардана. Журамд заасан материал бүрдээгүй тохиолдолд буцаана.
-Харьцангуй цөөхөн тоглогчид энэ талбарт орж байгаа гэдэг утгаараа ханшин дээр тоглолт хийх асуудал гарч байж болох юм. Энэ тохиолдолд ямар зохицуулалт хийж байна вэ?
-Хувьцаа бус өрийн хэрэгсэл арилжаалж байгаа учраас хүү, өртөг, зарлага нь цаг минут тутамд өөрчлөгдөж, уялдаж явдаг. Тиймээс манипуляц одоогоор гарахгүй гэж хараад байгаа юм. 100 сая төгрөгийн бондыг 100 сая бус өөр дүнгээр арилжаалаад байвал харин асуудал үүсгэнэ. Тиймэрхүү зүйлийг бид байж болохгүй гэж үзэж байгаа учраас хяналтын нэгж дээр асуудал гаргана. Ерөнхийдөө хоёр тал хоорондоо хэлцэл хийж багаа тохиолдолд манипуляц харьцангуй гайгүй. Цаашид олон бүтээгдэхүүн гаргаад ирвэл үүнд чиглэсэн нарийвчилсан журмыг дахин гаргана.
-Ер нь биржийн бус зах зээлийг гаргаж ирснээр ямар давуу тал, боломж үүссэн юм бэ?
-Үнэт цаас гаргагчдад хоёр том давуу тал үүсгэсэн.
Нэгд, цаг хугацаа. Үүнд төслийн танилцуулга гэх бүрдүүлэх материалаа бүртгэлийн хороонд ирүүлсэн бол ажлын 5-15 хоногийн дотор шийдвэр нь гарна. Нээлттэй бонд бол зургаан сар, нэг жил гээд их сунжирдаг. Нээлттэй бонд гаргагч аудитын болон хуулийн дүгнэлт гээд гурван мэргэжлийн байгууллагаас дүгнэлт авдаг. Харин хаалттай бонд дээр зөвхөн санхүүгийн тайлан аудитаар орсон байх ёстой гэх шалгууртай. 
Хоёрт, шимтгэл хураамж. Зах зээл дээрх шимтгэл яг л татвар шиг хэр хэмжээний мөнгө төвлөрснөөс үл хамааран тогтсон хувь авдаг. Өндөр байх тусмаа л их мөнгөн дүн төлөх гээд байна. Үүнийг болиулж, дээд, доод хязгаар тогтоосон. Хамгийн доод талдаа хоёр сая, дээд талдаа 10 сая гэж хязгаарласан. Энэ бол үнэт цаас гаргагчдын хувьд том боломж.
Мөн хөрөнгийн зах зээл хөгжиж байгаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд дилерийн үйл ажиллагаа төдийлөн явуулдаггүй, хөшүүрэггүй байсан. Тиймээс биржийн бус зах зээл хөшүүргийг нь бий болгохыг тулд дилерийн дансаар арилжаанд орж байгаа бол ямар нэгэн арилжааны шимтгэл төлөхгүй гэх зохицуулалтыг оруулсан. Дээрээс нь энэ зах зээлийг амжилттай эхлүүлэхийн тулд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй хамтарч гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэг жилийн хугацаанд арилжааны шимтгэл авахгүй. Манай байгууллага энэ оныг дуустал авахгүй гэж онцолсон. Арилжааны шимтгэл гэдэг нь хоёр дахь зах зээлд үнэт цаасаа арилжаалахыг хэлж байгаа юм.
-Та биржийн бус зах зээлийн өнгөрсөн ба одоо цагийг ярилаа. Тэгэхээр ярилцлагаа ирээдүй цагаар дуусгая?
-Өнөөдрийн байдлаар бид өрийн хэрэгсэл дээр л анхаарч байна. Цаашид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нээлттэй сан зэрэг бусад үнэт цаасыг арилжаалж болно. Хорооны баталсан үйл ажиллагааны журамд үнэт цаасны тухай хуулийн 5.1-д нээлттэйгээр бус хаалттайгаар арилжаалах бол биржийн бус зах зээлээр арилжаална гэж заасан. Цаашид хөрөнгийн бирж дээр арилжаалж байгаа хувьцаануудыг олон улсад манайхаар дамжуулан арилжаалж болно. Ер нь бирж гэдэг худалдагч, худалдан авагч хоёрыг холбож буй гүүр.
Мөн дүрэм журмаа боловсруулаад дунд болон урт хугацаандаа АХБ-наас хэрэгжүүлдэг зөвхөн улс дотроо бус хил дамнан арилжаалдаг байдал руу орохыг алсдаа зорьж байгаа. Харин ойрын хугацаанд Засгийн газрын өрийн хэрэгсэлд төвлөрнө. Яагаад гэхээр биржийн бус зах зээлээр дамжуулан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах том боломж бий. Хөгжлийн банкны үнэт цаасыг гадаадын хөрөнгө оруулагч худалдаж авч байгаа нь гаднын мөнгөн урсгалыг биржийн бусаар бий болгож чадсан бодит жишээ бий. Гаднын хөрөнгө оруулагчид тухайн улсын Засгийн газрын өрийн хэрэгслийг сонирхдог учраас цаашид энэ замаар гаднын хөрөнгө оруулагчийг татах хэрэгтэй.
Засгийн газрын өрийн хэрэгсэл 2017 оноос хойш арилжаанд ахин гараагүй. Тэгэхээр энэ жилээс гарах төлөвтэй байгаа гэж харж байгаа. Үе үеийн Сангийн сайд нар Засгийн газрын өрийн хэрэгслээр төсвийг санхүүжүүлж, алдагдлыг нөхөх биш эдийн засгийг цааш явуулж, хоёр, гурав, тав, долоо, арван жилийн хугацаатай өрийн хэрэгслээ гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт татах үндсэн суурь нь Засгийн газрын өрийн хэрэгсэл байдаг.Тиймээс бид энэ талаар СЗХ, Сангийн яам, Олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай ярьж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн