Амралтын өдрүүдэд ихэнх шатахуун түгээх станц дээр АИ-92 бензиний хомсдол үүсч, дараалал ердийн үеийнхээс эрс нэмэгдсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 5-нд мэдээлэл хийхдээ, цаашид шатахууны үнийг барьж чадахгүй, үнэ нэмэгдэх нөхцөл үүсч байгааг мэдэгдсэн. Ерөнхий сайдын мэдэгдлээс болсон уу, эвсэл шатахуун импортлогчид өөрсдөө үгсэн хуйвалдсан уу зах зээлд шатахууны хомсдол бий болов. Амралтын өрдүүдэд шатахууны худалдан авалт эрс нэмэгдэж, АИ-92 авто бензиний хомсдол үүссэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд үүссэн асуудлаар "НИК" компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, "Петровис" компанийн Маркетинг хариуцсан захирал А.Батпүрэв нар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд шатахууны үнэ болон нөөцтэй холбоотой мэдээлэл өгсөн юм.
"Петровис" компанийн Маркетинг хариуцсан захирал А.Батпүрэв “АИ-92 бензиний үнэ нэмэгдээгүй, литр тутамдаа 1630 төгрөг хэвээрээ байгааг мэдэгдмээр байна. Уул уурхайн дэд сайд Б.Загджаваар ахлуулсан Үнийн зөвлөл нэгдүгээр сарын 18-нд шатахууны үнэ нэмэх, эсэх асуудлаар нэгдсэн байр сууринд хүрэхээр болсон. Бид тэр хүртэл харзнаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд үнэ нэмсэн мэдээлэл газар авч, зарим колонк дээр АИ-92 авто бензин хомсодсон нь үнэн” гэлээ.
"НИК" компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, ”Өнгөрсөн баасан гаригийн байдлаар манай компани 30 хоногийн шатахууны нөөцтэй байсан. Өөрөөр хэлбэл, хомсдол үүсэх хэмжээнд хүрээгүй. Гэхдээ өнгөрсөн амралтын өрдүүдэд үүссэн гэнэтийн худалдан авалтаас хамаарч нөөц багассан. Үнэ нэмэх сургаар нөөцөд хомсдол үүсч байгаа учраас цаашид нөхцөл байдал хүндэрч магадгүй байна. Шатахуун импортлогчид их хэмжээний захиалга хийх санхүүгийн боломж дутмаг байгаа” гэлээ.
Шатахуун импортлогчид аравдугаар сараас хойш нэг литр шатахуунаас 250-300 төгрөгийн алдагдалтай хүлээж байгаа гэв. Шатахууны үнийн бүрдэлтийг задалбал, 76 хувь нь импортын үнэ, 23 хувь нь Онцгой албан татвар, гааль, нэмүү өртгийн татвар, үлдсэн нэг хувьд үйл ажиллагааны зардлаа шингээдэг гэж тайлбарлалаа. Шатахуун импортлогчид өнгөрсөн аравдугаар сарын 12-нд Засгийн газарт алдагдалтай ажиллаж байгаа саналаа хүргүүлсэн байна. Тодруулбал, Уул уурхайн дэд сайд Д.Загджавт албан бичиг хүргүүлж, Үнийн зөвлөлийг хуралдуулах саналыг удаа дараа тавьсан гэдгийг НИК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат хэлсэн. Үнийн зөвлөлийн хурал олон удаа хойшилсны эцэст өнгөрсөн долоо хоногт хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна.
Шатахууны үнэ нэмэх нөхцөл яагаад үүсэв
Шатахуун импортлогчдын хувьд бензиний үнэ нэмэхэд нөлөөлж буй хоёр үндэслэлийг ингэж тайлбарлав.
1. 2017 оны долоо болон арваннэгдүгээр сард шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлсэн нь алдагдалтай ажиллахад голлон нөлөөлсөн байна. Шатахууны Онцгой албан татвар төрлөөсөө хамаарч тонн тутамдаа 190-280 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Жишээ нь, 2017 оны долдугаар сарын 18-нд 90 хүртэлх октантай бензин тонн тутамд 160 мянга, дизель түлшнээс тонн тутам 180 мянган төгрөгийн татвартай болсон байна. Дараа нь 2017 оны арваннэгдүгээр сард 90-иэс дээш октантайд 190, дизель түлш 280 мянган төгрөгийн татвар ногдуулдаг болсон. Татварын нэмэгдэл нь шатахууны жижиглэнгийн үнийг нэмэх зайлшгүй шаардлага үүсгэж байгаа гэв. Жижиглэнгийн үнийг нэмэхдээ ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлөхгүй байх үүднээс Засгийн газартай татварын асуудлыг эргэн харах, эсвэл үнийн зохицуулалтаа чөлөөлөх саналыг тавьсан ч Засгийн газрын зүгээс энэ асуудалд тодорхой шийдэлтэй хариу өгөхгүй, Үнийн зөвлөлөө хуралдуулж чадахгүй байгааг илэрхийллээ.
2. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ОХУ-аас худалдан авдаг шатахууны үнэ 30 орчим хувиар өссөн байна. Долдугаар сараас хойш Оросын холбооны улсаас импортолж байгаа нефть бүтээгдэхүүний үнэ 130-156 ам.доллар болж өсчээ. Дэлхийн зах зээл дээр түүхийн нефтийн үнэ сүүлийн хоёр жилийн дээд төвшинд буюу 70 орчим долларт хүрсэн нь нөлөөлжээ.
Дээр дурдсан хоёр шалтгаанаас хамаарч шатахуун импортлогчид есдүгээр сараас хойш нэгж үнэ алдагдалтай, өнөөдрийн байдлаар шатахууны литр тутмаас 250-300 төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм байна. Онц эцэст, шатахуун импортлогчид 100 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэнэ. Цаашид алдагдал нэмэгдэх нөхцөл үүссэн гэдгийг тодотгов. Учир нь, хоёрдугаар сард шатахууны төрөл тутмын гадаад үнэ 20-40 ам.доллараар нэмэгдэх нөхцөл үүсчээ.
"НИК" компанийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, “Бид улсаас мөнгө нэхээгүй. Харин татварын зохицуулалтаа эргэн харж, Үнийн зөвлөлөө хуралдуулж, тодорхой шийдэлд хүрэх хүсэлтээ удаа дараа тавьж, хариуцсан яамдаа саналаа илэрхийлсэн. Засгийн газар татвар дээр тодорхой зохицуулалт хийвэл импортын үнэ, валютын ханшийн дарамт бага болох боломжтой. Татварын зохицуулалтаа эргэн харахгүй бол бид литр тутамдаа алдаж байгаа 250-300 төгрөгөө жижиглэнгийн үнээ нэмж нөхөхөөс өөр аргагүй болно” гэлээ.