Европын хөлбөмбөгийн шилдэг 12 клуб Аваргуудын лигээс тусдаа Супер лигийн тэмцээн зохион байгуулахаар нэгджээ. Улмаар Супер лигийн ТУЗ-ийн даргаар Испанийн Реал Мадрид клубын Ерөнхийлөгч Флорентино Перес сонгогдсон байна.
Супер лигийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар одоогийн байдлаар уг тэмцээнд Английн Манчестер Юнайтед, Ливерпуль, Челси, Манчестер Сити, Арсенал, Тоттенхам, Испанийн Барселона, Реал Мадрид, Атлетико Мадрид, Италийн Ювентус, АС Милан болон Интер Милан гэх 12 клуб нэгдээд байгаа аж. Мөн нээлтийн улирлын өмнө Европын өөр шилдэг гурван клуб тэдэнтэй нэгдэхээр болсон байна.
Европын топ клубууд аваргуудын лигээс тусдаа шинэ тэмцээн үүсгэх тухай асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Тухайлбал, энэ оны эхээр зөвхөн Европын шилдэг 20 клубын дунд лигийн тэмцээн зохион байгуулах баримт бичиг боловсруулагдсан талаар барууны хэвлэлүүд мэдээлж байв.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбоо болон Английн хөлбөмбөгийн холбооны зүгээс эртнээс уг асуудлыг шүүмжилж, хүчтэй эсэргүүцсэн байр суурь илэрхийлсээр ирсэн. Хамгийн сүүлд Олон улсын хөмбөмбөгийн холбоо болон Европын хөлбөмбөгийн холбооны зүгээс Аваргуудын лиг, Европа лиг тэргүүтэй бусад тэмцээнээс салан тусгаарлаж, тусдаа тэмцээн үүсгэн байгуулах, эвсэл шинэ лигт нэгдсэн багийн тоглогчдын шигшээ багт тоглох эрхийг нь түдгэлзүүлэхийг анхааруулж байв. Улмаар Европын топ багуудын тамирчид ДАШТ болон Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болох юм. Мөн Европын хөлбөмбөгийн холбоо Супер лиг нэртэй шинэ тэмцээнд нэгдэх хүсэлт илэрхийлээгүй Франц болон Германы клубуудыг сайшаасан байна.
Түүнчлэн Английг Премьер лигийн гүйцэтгэх захирал Ричард Мастерс лигийн нийт 20 клубт хандан, Супер лигийн шинэ төслийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр “Премьер лиг нь дотоодын болон Европын хөлбөмбөгийн системийн гол цөм болсон нээлттэй өрсөлдөөн, спортын амжилтыг үнэлэх зарчимд халдсан аливаа санал, шинэ санаачилгыг эсэргүүцнэ. Английн клубуудгүйгээр яригдаж буй шинэ төслийг эхлүүлэх боломжгүй. Тиймээс шинэ төслийг эхлүүлэх, эсвэл шинэ лигт нэгдэхээр төлөвлөж буй аливаа клуб нөхөж баршгүй хохирол амсахаасаа өмнө нэн даруй бодлоосоо ухрахыг уриалж байна. Бид ийм үзэл баримтлалыг дэмжихгүй. Цаашид ч дэмжих боломжгүй. Премьер лигийн дүрмийн дагуу клубууд ТУЗ-ийн зөвшөөрөлгүй өөр тэмцээнд оролцох хориотой. Багуудад тогтмол оролцдог тэмцээнээс бусад тэмцээнд оролцох зөвшөөрөл олгох ямар ч боломжгүй” гэх маш хатуу байр суурийг албан бичгээр илэрхийлсэн байна.
Мөн Европ тивийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн 246 клубыг төлөөлдөг Европын Клубуудын холбоо шинэ лигийг бус Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн шинэчилсэн форматыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Европын хөлбөмбөгийн холбоо Аваргуудын лигт 32 баг өрсөлддөг одоогийн форматыг өөрчилж, 36 баг өрсөлдүүлэх байдлаар өргөжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр нэг хэсэгт дөрөв бус зургаан баг өрсөлдөнө. Хуучин форматын дагуу клубууд Аваргуудын лигийн хэсгийн шатанд зургаан тоглолт хийдэг байсан бол шинэ форматаар баг тус бүр 10 тоглолт хийж, улмаар шигшээ 16-д шалгарах юм.
Европын топ клубууд тэр дундаа Английн Премьер лигийн багууд өрсөлдөөн багатай тоглолтуудаар Аваргуудын лигийн ачаалал нэмэгдсэнээр, дотоодын лиг, цомын тэмцээнүүд болон шигээ багийн цугларалтад оролцох байдлаар маш их ачаалалтай байдаг тамирчид нь гэмтэх, улмаар багуудын амжилт буурах зэрэг сөрөг үр дагаваруудтай гэдгийг ил, далд шүүмжилсээр ирсэн.
Европын хөлбөмбөгийн холбоо Аваргуудын лигийн өнгөрөгч улиралд телевизийн шууд дамжуулалт болон сурталчилгаа, ивээн тэтгэгчдээс 2.82 тэрбум еврогийн орлого олсон байна. Багууд Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолт бүрээс 230-480 мянган евро, хэсгийн шатны хожлоос 2.7 сая евро, тэнцвэл тус бүр 900 мянган евро авдаг. Шөвгийн 16-д ялбал 9.5 сая евро, шөвгийн 8-д 10.5 сая евро, хагас шигшээд 12 сая евро гэх байдлаар шувтаргын тоглолт өгсөх тусам шагналыг мөнгөн дүн дагаад нэмэгддэг. Улмаар ялагч баг 19 сая евро, финалд үлдсэн баг 15 сая евро хаалаасалдаг. Ийнхүү Аваргуудын лигийн өнгөрсөн улирлын аварга Германы Байерн Мюнхен клуб нийт 82.4 сая еврог энэ тэмцээнээс олсон байна.
Харин Английн Премьер лигийн хувьд сүүлийн таван жилд зөвхөн телевизийн шууд дамжуулалтаас 2.7-3.7 тэрбум фунт стерлинг, сурталчилгаа ивээн тэтгэгчдээс 1.1-1.5 тэрбум фунт стерлинг, тоглолтын тасалбарын борлуулалтаас 350-683 сая фунт стерлингийн орлого олсон байна. Улмаар лигт оруулсан хувь нэмэр, телевизийн шууд дамжуулалтаар гарсан тоо, амжилт зэргээс хамааран лигийн 20 баг жил бүр 150-760 сая фунт стерлинг хүлээн авдаг.
Мэдээж Супер лиг гэх шинэ тэмцээн нь топ багуудыг өөртөө татахын тулд санхүүгийн хувьд Аваргуудын лиг болон Премьер лигээс хүчирхэг байх шаардлагатай. Тэгвэл Английн “Sky Sports”-ын мэдээлснээр АНУ-ын үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын “JP Morgan” банк зөвхөн Супер лигт нэгдсэн багуудад нийт 5 тэрбум ам.долларын төлбөр төлөх аж.
Мөн зодог тайлсан нэр бүхий хөлбөмбөгийн тамирчид багууд зөвхөн мөнгөний төлөө шинэ тэмцээн үүсгэж, хөгжөөн дэмжигчдээсээ урваж байгаа явдалд шүүмжлэлтэй хандсан байна. Тухайлбал, Английн шигшээ баг болон Манчестер Юнайтед клубын ахлагч асан Гари Невилл энэ талаар “Би хөлбөмбөгийн тэмцээнийг шинэчилж, илүү өрсөлдөөнтэй болгохыг зорьж байгааг эсэргүүцэхгүй. Гэхдээ бидэнд аль хэдийн Премьер лиг болон Аваргуудын лиг байна. Шинэ лигт нэгдэхээр гарын үсэг зурсан Премьер лигийн зургаан клуб өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Зөвхөн шилдэг багууд өрсөлддөг Супер лиг гэсэн үү. Тэгвэл Арсенал дөнгөж сая Фулхамтай тэнцлээ. Юнайтед Бөрнлитэй тэнцсэн. Улирлын дундуур өөр лиг үүсгэхээр гарын үсэг зурж байгаа нь хошигнол юм. Премьер лигийн удирдлагууд Английн топ зургаан багийн лигийн онооноос хасаж, шийтгэл ногдуулах ёстой” гэсэн юм.
Харин Ирландын шигшээ болон Манчестер Юнайтедын ахлагч асан Рой Кин “Надад шинэ лиг үүсгэх нь тийм ч сайхан сонсогдохгүй байгаа. Яагаад гэвэл энэ бүхэн мөнгө, шуналаас үүдэлтэй. Энэ бол цэвэр шуналаар хөтлөгдсөн ажил. Тиймээс үүнийг нэн даруй таслан зогсоох байх гэж найдаж байна” гэжээ.
Тэгвэл Английн шигшээ болон Манчестер Сити клубын хамгаалагч асан Мика Ричардс “Хөлбөмбөг бол бизнес. Багууд бол хөрөнгө оруулалт. Премьер лигийн бизнес маш сайн үргэлжилж байгаа. Гэхдээ хөгжөөн дэмжигчид, тэдний дурсамж хамгийн чухал. Том клубууд хөгжөөн дэмжигчдээ мөнгөний төлөө мартах гэж үү. Өнөөдөр хөлбөмбөг ийм л болсон. Энэ бол гутамшиг” гэсэн байна.