Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

Ерөнхий сайдын Тавантолгой ДЦС-ыг хөдөлгөх 3 хувилбар

Ерөнхий сайдын Тавантолгой ДЦС-ыг хөдөлгөх 3 хувилбар
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 19
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсвийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг УИХ-д танилцуулахдаа ирэх онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц төслийг барьж эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Ямар ч том эрх ашиг, эсэргүүцэл ирсэн ч заавал хөдөлгөнө гэв.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлсэн, газар чөлөөлөх ажил дуусч буй. Харин Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг эхлүүлнэ гэж хэд жил ярьж байгаа ч амжилт олоогүй л байна. Өнгөрсөн зун тендер зарласан ч шаардлага нийцэх компани гарч ирээгүй, дахиад л гацсан.
Сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Германд айлчлахдаа эрчим хүчний томоохон төсөл болох Тавантолгойн ДЦС, Дулааны V станцын төслүүдэд хамтрах хүсэлтийг тавьсан. Германы Канцлер болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчидтай уулзахдаа ч эл саналаа илэрхийлэв.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Тавантолгой дулааны цахилгаан станц төслийг хөдөлгөх ямар хувилбар байгааг нь өөрөөс нь тодруулсан юм. 
Тэрээр "Манай Засгийн газар хөдөлгөөд дундаас нь гацаах биш, өмнө гацсан төслүүдийн ТЭЗҮ-ийг  нягтлах, урагшлуулах чиглэлд ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ хүрээнд Тавантолгойн цахилгаан станцын төслийг ирэх жил хөдөлгөнө. Хөдөлгөхдөө гурвын зэрэг хувилбар бий. Сэргээгдэх эрчим хүчтэй хосолсон байдлаар хэрэгжүүлэх асуудал яригдаж байгаа. Санхүүжилтийн хувьд гурван хувилбар бий. Нэгд,  БНХАУ-тай түншлэх. Хоёрт, Европын холбоо болон Герман улстай түншлэх. Гуравт, гол хэрэглэгч болох "Рио Тинто" компанитай түншлэх боломжууд бий. Эдгээрээс аль аль нь боломжтой. Гэхдээ аль нь илүү чанартай, боломжийн нөхцөлтэй, найдвартай байх хувилбарыг сонгоно. Тавантолгой цахилгаан станц бол аж үйлдвэржилтэд хамгийн чухал нөлөөтэй учраас заавал хэрэгжүүлнэ. Бид нэг зүйлийг сайтар ойлгож, хариуцлагатай байх ёстой. Тэр нь Монгол Улс гарын үсэг зурахаасаа өмнө гарч болох эрсдэлийг сайтар бодсоны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой. Аливаа асуудлыг дагасан шүүмжлэл, эсэргүүцэл өрнөх нь зүй ёсны асуудал. Харин нэгэнт хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, гарын үсэг зурсан бол хэлсэн, ярьсандаа бат зогсдог байх нь чухал байна. Нэг хүн, хэсэг хүн эсэргүүцээд нэгэнт эхлүүлсэн, ярьж тохирсон ажлаа зогсоочихдог байдал манай улсын нэр хүндийг асар их унагаж байна.  Парламентын хоёр гишүүн эсэргүүцээд зогсоочихдог олон улсын төсөл гэж байж болохгүй. Ийм байдалтай явбал цаашдаа Монгол Улсад хэн ч итгэхгүй. Хэн ч итгэхгүй, хөрөнгө оруулагч орж ирэхгүй бол бид одоо байгаа нөхцөл байдал дээрээ удаан хугацаанд үлдэнэ гэсэн үг. Тиймээс бид хэлсэн, ярьсандаа хүрдэг, хариуцлагатай, итгэлтэй эрх зүйн орчинтой байх ёстой. Аль Засгийн газар байх нь хамаагүй, хэн Ерөнхий сайд байх нь хамаагүй, энэ бол Монгол Улсын л Засгийн газар гэдгээр олон улс, хөрөнгө оруулагчид харна. Бид дотооддоо тогтворгүй байдаг нь олон улсад хамаагүй. Тиймээс өмнөхдөө хүндэтгэлтэй хандаж, бодлого тодорхой байх ёстой гэсэн зарчмыг барина. Монгол Улс харилцан ашигтай түншлэж чаддаг, Монгол Улс гарын үсэг зураад "за" гэж хэлж чадсан бол "за" л байдаг гэдгээ батлан харуулна" гэсэн юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн