Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээж, тэр дундаа бага насны хүүхэд хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгтэнд цаазын ял оноох талаар иргэдийн саналыг авах, хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн. Цаазын ялыг сэргээх, эсэх асуудлаар Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх асуудлаар дөрвөн сарын өмнө Хууль зүйн, дотоод хэргийн сайдад саналаа хүргүүлсэн ч албан ёсоор хариу ирүүлээгүй гэж мэдэгдлээ. Ер нь салбарын яамны зүгээс Ерөнхийлөгчийн саналд ямар байр, суурь баримталж байгаа вэ?
-Аливаа хуулийн төсөл санаалчлах нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрх. Энэ хүрээндээ асуудлыг тавих эрх нь нээлттэй. Гэхдээ одоогоор Ерөнхийлөгчөөс энэ талаар хуульд заасны дагуу хуулийн төсөл хэлбэрээр Засгийн газарт албан ёсны санал ирээгүй байна. Монгол Улсын Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газрын санал дүгнэлт хуралдаанаар хэлэлцэгдэж нэгдсэн байр суурьтайгаар илэрхийлэгддэг. Гэхдээ Ерөнхийлөгч “энэ асуудлыг судалж үзнэ үү” гэсэн саналаа Засгийн газрын нэг гишүүнд хүргүүлсэн байсан. Уг саналын дагуу манай яаманд сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж санал дүгнэлтээ гаргасан.
-Ажлын хэсэг ямар дүгнэлт гаргасан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор санал ирүүлсэн учраас Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Хуульчдын холбоо, МУИС-ийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажилласан. Ажлын хэсгээс манай улс цаазаар авах ялыг хэрэгжүүлдэг үед ямар эрх зүйн зохицуулалттай байсан, цаазаар авах ялыг халсан асуудал нь хууль эрх зүйн хүрээнд ямар дэг процессыг дамжиж шийдвэрлэгдсэн, олон улсын гэрээ эрх зүйн талаасаа хэрхэх ёстой зэргийг авч үзсэн. Цаашлаад манай улсын нэгдэн орсон иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын хоёрдугаар нэмэлт протколоос гарах эрх зүйн боломж байгаа юу, гарч болдог гэрээ юу, үгүй юү, гарах тохиолдолд ямар зохицуулалт хийх шаардлага байна вэ гэдэг асуудлыг ярилцсан.
Манай улс хүний эрхийн чиглэлийн олон улсын есөн гэрээ конвенцод нэгдэн орсон байдаг. Энэхүү есөн гэрээний есөн нэмэлт протколд бас нэгдэн орсон. Манай улс хүний эрхийн чиглэлд олон улсын нийт 18 гэрээ, конвенцод нэгдэн орох буюу соёрхон баталсан. Цаазаар авах ялыг халахтай холбоотойгоор НҮБ нь иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын хоёрдугаар нэмэлт протколыг 1989 онд батлаад 1991 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэхүү нэмэлт протколд өнөөдрийн байдлаар дэлхийн 85 улс нэгдэн орж, 38 улс гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар 2015 онд цаазаар авах ялыг халсан. Ингэснээр де-факто буюу бодит байдалд цаазын ялыг хууль тогтоомжоосоо бүрэн халсан улсын бүртгэлд орсон. Олон улсын гэрээнд нэгдэх болон гарахтай холбоотой асуудлыг 1941 оны Венийн конвенцоор зохицуулсан байдаг. Манай улс Венийн конвецод ч нэгдэн орсон. Энэ конвенцын 54 дүгээр зүйлд гэрээг зогсоох буюу гарах асуудлыг зохицуулсан байдаг.
Мөн иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын хоёрдугаар нэмэлт протколд тухайн нэгдэн орсон улс уг гэрээ конвенцоос гарах тухай заалт байдаггүй. Өөрөөр хэлбэл, нэгдэн орсон гэрээнээсээ гарах харилцаа бүхэлдээ байдаггүй гэсэн үг. Гарах асуудлыг зохицуулсан гэрээ конвенц байдаггүй учраас хууль баталж юм уу, дангаараа гарах боломжгүй гэсэн үг. Иймд Монгол Улс уг гэрээнээс гарах, цуцлах, хүчингүй болгох, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах хууль зүйн боломжгүй гэдэг дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан. Нөгөөтэйгүүр манай улс олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ, олон улсын гэрээ, манай хууль хоёр зөрчилдсөн тохиолдолд олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэсэн зохицуулалттай. Тэгэхээр олон улсын гэрээ үндэсний хууль тогтоомжоос илүү давуу юм байна гэдэг агуулга, дүгнэлтийг гаргасан. Цаазаар авах ялыг сэргээснээр манай улсын олон улсад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс няцсан, хүний эрхийг хамгаалах чиглэлд гаргасан дэвшлээсээ ухарсан алхам болох бөгөөд олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлж, дотоод болон гадаад бодлого тогтворгүй гэдэг ойлголтыг баталгаажуулж, манай улсад итгэх итгэл буурч, НҮБ, Европын холбоо зэрэг байгууллагаас эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаанд нөлөөлөх хориг арга хэмжээ ч ирж магадгүй, сөрөг үр дагавартай гэдэг дүгнэлт гаргасан. Монгол Улсын нэр хүнд НҮБ, олон улсын байгууллагын хүрээнд хүлээсэн үүргийн бодлого, чиглэлд сөргөөр нөлөөлж эдгээр байгууллагаас анхааруулах шахалт ихээр ирж хүний эрхийн гэрээний хэрэгжилтэд шүүмлэл авч манай улсын үнэлгээ буурахаар байна. Цаашлаад Эрүүгийн хуулийн 5.1-т эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж ялын зорилгыг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх үндсэн зорилготой. Алах ялын тухайд энэ гурван зорилго ялынхаа үндсэн зорилгыг бүрэн хангаж чадах боломжгүй гэж ойлгож байгаа. Нэгэнт цаазлах гэж буй хүнийг хүмүүжүүлэх асуудал яригдахгүй нь ойлгомжтой. Цаазаар авах ял байснаар тухайн төрлийн гэмт хэргийн үзүүлэлт буурдаг гэх ойлголт олон улсад ч манай улсад ч байдаггүй.
-Зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах саналыг Ерөнхийлөгч гаргаж байгаа юм байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд ямар ял оноож байна вэ?
-Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль тогтоомжоор бүх насаар нь хорих ялтай байгаа. Бүх насаар нь хорих ял бодит байдалд тухайн хүндээ маш хатуу ял шийтгэл байдаг. Өнгөрсөн хугацаанд бүх насаараа хорих ял эдлээд амьд гарсан хүн байдаггүй. Эсрэгээрээ тэд амиа хорлох оролдлого хийдэг. Үүнийг амьдын там гэж ойлгож болно. Олон нийтээс бүрэн тусгаарлаж ганцаарчилж хорьдог нь тухайн хүндээ байж болох хамгийн хатуу цээрлэл юм байна гэдгийг ял эдэлж буй хүмүүс хэлдэг.
-Цаазын ялыг сэргээлээ гэхэд НҮБ, Европын холбооноос Монгол Улсад үзүүлэх хориг арга хэмжээ яг юу байх вэ?
-Ерөнхийлөгч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цаазаар авах ялыг халах тухай саналыг манай яаманд хүргүүлсний дараа Европын холбооноос манай улсад мэдэгдэл ирүүлсэн. Энэ мэдэгдэлд цаазын ялыг халах аливаа санаачлагыг дэмжихгүй гэж бичсэн байсан. Монгол Улсыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэйг сануулаад хэрвээ энэ асуудлыг яривал Монгол Улстай байгуулсан гэрээнүүдийг эргэж харахаа сануулсан. Тодруулбал, татварын хөнгөлөлтэй нөхцөлтэй гэрээнүүд бий. Энэ гэрээний үр шимийг хамгийн ихээр хүртэж буй хүмүүс нь малчид юм. Манай үндэсний томоохон үйлдвэрлэгч “Говь” компани гэхэд Европын холбооны зах зээлд татварын хөнгөлөлттэй нөхцөлийн дагуу бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Ашиг орлого нь нэмэгдэж байна. Тэр утгаараа ноолуурын үнийн өсөлт тогтвортой, эрэлттэй байна. Тэгэхээр цаазын ялыг сэргээх асуудал нь улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засагтай холбоотой гэдгийг шууд хэлмээр байна.
-Олон улсын гэрээ конвенц манай улсын ямар хуулиудтай зөрчилдөж байгаа юм бол?
-Хууль зүйн эрэмбэ дараа гэж байдаг. Үндсэн хууль ямар ч олон улсын гэрээнээс илүү давж үйлчилнэ. Хэрвээ давж үйлчлэхгүй бол тусгаар тогтносон улс гэдэг шинж нь үгүйсгэгдэнэ. Үндсэн хуультай байна гэдэг нь тусгаар тогтносон, бие даасан улс гэдгээ нотолж буй хамгийн дээд улс төрийн эрх зүйн бичиг баримт. Үндсэн хуульд цаазаар авах ялын тухайд онц хүнд гэмт хэрэг дээр хуулиар хэрэглэж болно гэдэг эрхийг нээж өгсөн. Заавал байна гээгүй, болно гэдэг сонголтыг зааж өгсөн байна. Манайх 2015 онд Эрүүгийн хууль тогтоомжоороо цаазаар авах ялыг халсан байна. Сая хэлсэн олон улсын гэрээ, конвенци манай Үндсэн хуульд харшлаагүй учраас бид дагаж мөрдсөн.