Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх 21,212 ам метр талбай бүхий Батцагаан цогчин дуган ашиглалтад орсон. Тэгвэл 1000 гаруй лам ном хурах багтаамжтай тус дуганы дотоод орчин болоод гадаад орчин, барилгын хийц зэргээс онцлон хүргэе.
Монголчуудын итгэл сүсгийн орон анхдугаар богд Өндөр гэгээнтний шав суурийг тавьж, бүтээн босгосон Риву гэжай Гандан шадүвлин буюу их хүрээний “Батцагаан цогчин дуган”-ыг шинээр барьсан. Барилгын хийцийн хувьд, нийт таван давхар бөгөөд газраас доош хоёр давхраа оруулбал нийт долоон давхар аж. Доод давхартаа монголчуудын түүх соёл, зан заншил, шашны уламжлалт ёсыг харуулсан үзмэрүүд бүхий музей байгуулжээ. Тухайлбал, 150-иад жилийн өмнө монгол урчуудын хийсэн шавар бурхад, Өндөр гэгээний “Сосорбарам” гэж өөрийнх нь гоц хийцтэй бурхан, 1000 гаруй жилийн түүхтэй Логишир зэрэг бурхныг залжээ. Мөн үе үеийн есөн Богдын өөрсдийнх нь эдэлж хэрэглэж байсан дээл хувцсыг алтан сан хөмрөгөөсөө гаргаж, нийтэд дэлгэсэн байна. Мөн үзмэрүүдээс хамгийн сонирхол татсан зүйл нь Сияанямбуу гавжийн 1900-1996 онд амьдарч байсан гэрийг байршуулсан байлаа. Энэхүү гэрийг Сияанямбуугийн хүүхдүүд нь музейд хандивласан гэнэ. Музейг одоохондоо үнэ төлбөргүй үзүүлж байна. Цаашид гаднын зочид төлөөлөгчид тодорхой хэмжээний өртөгтэй байх бөгөөд 5D болгох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Мөн Энэтхэг, Япон, Бутан, Шри Ланк, Тайланд, Бангледиш зэрэг орны бурхан шашны холбогдолтой нарийн нандин үзмэрүүдийг олны хүртээл болгожээ.
Мөн Улаанбаатарт ирж буй жуулчдын 70-80 хувь нь төв Гандантэгчинлэн хийдийг зорьдог байна. Тэгвэл ганданд ийнхүү музей байгуулсан нь аялал жуулчлалаас олох ашиг, цаашлаад эдийн засгийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой байна.
Тус гандангийн төв хэсэгт гурван бурхан бий. Төв хэсэгт нь залрах Бурхан багшийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бэлэглэжээ. Харин Өндөр гэгээн Занабазар бурхныг Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Богд Зонхова бурхныг далай багш бэлэглэсэн байна. Өндөр гэгээний өөрийн гараар бүтээсэн Очирдарь шүтээн нь Батцагаан дуганы гол шүтээн юм.
3.Гадаад талбайн зохион байгуулалт
Гадаад талбайдаа бурхны дүрстэй усан оргилуурыг бүтээжээ. Энэ нь хүрээгээрээ чулуун эрхи бүхий байна. Мөн машины зогсоол, зоогийн газар, бие засах газар зэргийг цогцоор шийдэж өгчээ.
245 м2 хурлын тэнхимийн талбайг “Эрдэнэт” хивс үйлдвэрийнхэн хонины ноосон хивсээрээ шаллаж өгсөн байна. Бид гэртээ цагаан эсгий, ширдэг дэвсдэг уламжлалаар дуганы дотор талд цагаан өнгөтэй хивс, гадна талын шатны гишгүүрт улаан хивсийг орчин үеийн дизайны шийдэлтэйгээр хийжээ. Мөн дуганы үүдээр ороход, хамгийн түрүүнд музейн тасалгаа нүдэнд тусна. Учир нь музейн хоёр талд олон улсын зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах боломжтой заалыг байгуулжээ. Тус бүр нь 100-120 хүний суудалтай.
Батцагаан дуганы ач холбогдлын тухай Гандантэгчинлэн хийдийн лам Г.Ган-Очир хэлэхдээ, “Хэлмэгдүүлэлтийн үед, хүүхдийн урлан бүтээх төвийн хуучин суурин дээр Батцагаан гэх эсгий дуган байсан. Лам нар тус дуганд очиж, ном хурдаг байсан гэдэг. Хэлмэгдүүлэлтийн шуурганд хамгийн их өртсөн Монголын бурхны шашныг төр засаг дэмжиж, ийнхүү дахин шинээр Батцагаан гэх дуганыг барьж өгсөн. Төв гандантэгчлэн хийдийн 13 дацангийн лам нар өглөөдөө тус дуганд ном хурж байх юм. Дотроо нэг том дугантай, долоон давхар, газар доошоо хоёр давхар зэрэг багтаамжийн хувьд асар өргөн. Мөн цагаан сар болон хурим, хүний ажил явдал зэрэг ид ачааллын үеэр иргэд шахцалдаж, тав тухгүй байхгүй, саруулхан, цэлгэр болж байгаа юм ” хэмээн онцоллоо.