Оксфордын их сургуулийн судлаачид зөгийн бал нь бүх төрлийн халдварт өвчинд нөлөөлөхгүй ч ханиалгах, хамар, хоолой өвдөхөд хэрэглэвэл бусад төрлийн эм, антибиотикоос илүү үр дүнтэй, сайн эмчилгээ болохыг тогтоожээ.Амьсгалын дээд замын халдвар нь хамар, хоолой, чих цаашлаад уушгинд нөлөөлдөг. Гэрийн нөхцөлд хүүхдийн ханиадыг эмчлэхийн тулд зөгийн бал хэрэглэвэл үр дүнтэй гэдгийг тогтоочихсон байсан. Харин насанд хүрэгчдэд энэ нь нөлөөлөх эсэхийг хараахан судлаагүй байсан бөгөөд судалгааны багийнхан зөгийн балыг ердийн эмчилгээний орцод багтсан бэлдмэлтэй харьцуулан үзсэн байна. Тус туршилтад 18-аас дээш насны 1761 хүн оржээ.Ингээд туршилтын дараа судалгааны дүнг нэгтгэж үзэхэд зөгийн бал нь ханиалгах давтамжийг бууруулж байсан ба ердийн эмчилгээний бэлдмэлээс илүү үр дүнтэй байсан байна. Мөн тэд дахин зөгийн балтай харьцдаг хүмүүсийн дунд судалгаа хийжээ. Гэтэл зөгийн балтай ажилладаг, хэрэглэдэг хүмүүс ханиад хүрсэн ч 1-2 өдөр болоод эдгэж байгааг ажигласан байна. Зөгийн бал нь хямд бөгөөд хүний биед гаж нөлөө үзүүлдэггүй. Тиймээс өдөр тутамдаа зөгийн бал тохирох хэмжээгээр хэрэглэж байхыг эрдэмтдийн баг зөвлөжээ. Мөн тус судалгаанд зөгийн бал нь нэг төрлийн байдаггүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Тэд судалгаандаа нэг л төрлийн зөгийн бал ашигласан бөгөөд дахин судалгаа хийх шаардлагатай гэжээ.