Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Эцэг эхийн хандлага хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөлдөг

Эцэг эхийн хандлага хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөлдөг
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 18
Харилцаа хандлага нь хоорондоо уялдаа холбоотой бөгөөд харилцааны явцад хандлага мэдрэгддэг. Хандлага нь тухайн хүнийг маш олон талаар таниулж байдаг ба үйлдэл хийхдээ өөрийн үзэл бодлоо ч давхар илэрхийлж байдаг.
Хандлага гэр бүлийн орчинд хүүхдэд суугддаг. Хэрэв хүүхэд сөрөг хандлагатай орчинд өссөн бол энэ нь хүүхдийн бие хүн болон төлөвших хүртэл маш олон сөрөг үр дагаварт хүргэж байдаг ба мөн өөрчлөгдөхгүйгээр гүн суугдаж болно.
Хүүхдийн зөвлөгөөнөөс ажиглаж байхад ихэнх аав ээжийн хандлага сөрөг байдаг.
-Өмөөрөх хандлага
-Хатуурхах хандлага
-Шаардлага өндөр байх хандлага
-Үл тоох хандлага
-Хайхрамжгүй хандлага
-Хэт хайрлах хандлага гэж ангилж болох юм.
Дээрх хандлагыг нэг гэр бүл л гэхэд хоёроос гурван өөр хандлагыг хүүхдэд гаргаж байдаг. Аав ээжийн өөрсдийн хандлага ч зөрдөг. Жишээ нь аав үл тоох хандлага гаргаж байхад ээж өмөөрөх болон хэт хайрлах хандлага гаргадаг.
-Өмөөрөх хандлага
Хэт эрхлүүлэх, хэт зөөлөн ханддаг. Хайрлаж байна гээд алдаа дутагдалыг нь тоохгүй байх, хүмүүжлийн арга барилгүй байдаг. За тэгээд бусдаас байнга өмөөрнө. Ийм хандлага нь хүүхдийн буруу замд хөтлөн оруулдаг. Хэзээ ч өөрийгөө буруугүй гэж хүүхэд боддог ба гэмт хэрэг хийх нь элбэг. Эсвэл өөр байдлаар ч илэрч болно. Хүүхэд бие даах тал дээр маш асуудалтай болно.
-Хатуурхах хандлага
Ихэнх зөвлөгөөг энэ хандлага эзэлнэ. Аав ээж хэт их зарчимч байдаг. Элгэсэг дотно харилцаа бараг байхгүй. Ийм хандлаган дор хүүхэд хэт гөжүүд эсвэл бүрэг байдаг. Хүүхдэд тэсэхэд бэрх болж, эргээд аав ээждээ хатуу ширүүн болж ирдэг. Хатуу байдаг аав ээж өөрсдөө асуудалтай. Магадгүй сэтгэцийн асуудалтай.
- Шаардлага өндөр байх хандлага
Ийм аав ээж хэт хайрлах нэрээр хүүхдээс төгс төгөлдөр байхыг шаардаж байдаг. Шаардлага өндөр айл ганц хүүхэдтэй байдаг ба орлого маш өндөртэй байдаг ба бүх юм тодорхой байхаас гадна дүрэм журам маш хатуу. Яг л цагтаа унтах, хооллох гэх мэт. Хүүхэд өөртөө итгэх итгэлээ алддаг ба оролдлого хийж алдаа гаргахаас айна.
-Үл тоох хандлага
Аав ээжүүд хэт хөндий байдаг ба мөн л өөрсдөө багадаа хайрлуулж, өсөөгүй байдаг. Ийм айлын хүүхдүүд хайрыг бусдаас эрэлхийлдэг ба бусдад амархан дурлах, хэт эрт гэр бүл болж алддаг. Өсвөр насандаа буруу зүйлд амархан татагдах, бэлгийн харилцаанд маш эрт орох хандлагатай.
-Тогтворгүй хандлага
Ийм аав ээж хүүхдийн хүмүүжил харилцаа хандлага тал дээр нэгдмэл санаагүй байдаг. Хоёул өөр өөрийн хүмүүжлийн арга барилаар зүтгэдэг. Мөн үзэл бодол нь хатуу байдаг. Хүүхэд аав ээжийнхээ энэ байдлыг сайхан ашиглана. Ийм орчинд өссөн хүүхэд санаа муутай эсвэл маш зальтай болдог.
-Хэт хайрлах хандлага
Хүүхдийг хэт магтах, хэт шүтнэ. Хүүхэд өөрийгөө бурханаас дээгүүр үзнэ. Ийм аав ээж өөрсдөө сул дорой, чадваргүй байх нь бий. Хүүхдэд хүссэн бүгдийг авч өгнө. Түүгээр ч үл барам хүүхдийн хооллолт, нойр маш асуудалтай байдаг ба хүүхдийн хэрэгцээ, шунал аяндаа дийлдэхээ байдаг.
Хүүхдийн суурь хүмүүжил 0-6 насанд байдаг. Энэ үед л аав ээж санаа нэг байж, хүүхдийн хүмүүжилд эерэг байж чадвал, хүүхэд өсвөр насанд тулгарах асуудлыг аав ээжийн тусламжтай даван туулаад, эерэг зөв хандлагатай бие хүн болон төлөвшинө.
Хүүхдийн сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн