Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Стефен Карри багийнхаа хамтаар ‘FTX’ биржийн дампуурлын хэргээр шүүхэд дуудагдлаа

Стефен Карри багийнхаа хамтаар ‘FTX’ биржийн дампуурлын хэргээр шүүхэд дуудагдлаа
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 22
Багамын арлуудад бүртгэлтэй “FTX” криптовалютын бирж энэ сарын 11-ний өдөр дампуурлаа зарлаж, нийт нэг сая гаруй хэрэглэгчдийн дийлэнх нь мөнгөө авч чадалгүй хохирсон.
Улмаар “FTX” биржид мөнгөө алдсан хэрэглэгчид шүүхэд нэхэмжлэл гаргаж, үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фридийг хариуцагчаар татсан.
Мөн хохирогчид “FTX” биржийн сурталчилгаанд тоглож байсан алдарт сагсанбөмбөгч Стефен Карри, газрын теннисны супер од Наоми Осака, “NFL”-ийн домог Том Бреди болон загвар өмсөгч Жизель Бюндхен тэргүүтэй олны танил эрхмүүдийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм. Түүнчлэн “NBA”-ын гурван удаагийн аварга “Miami Heat” багийг шүүхэд хариуцагчаар дуудсан. Тус баг нь өнгөрсөн онд “FTX” биржтэй 19 жилийн хугацаатай 135 сая ам.долларын ивээн тэтгэх гэрээ байгуулж, цэнгэлдэх хүрээлэнгийнхээ нэрийг “FTX Arena” болгон өөрчлөөд байсан юм. Гэхдээ “Miami Heat” баг арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “FTX Arena” гэх нэрнээс татгалзсанаа мэдэгдсэн.
Тэгвэл даваа гаригт хохирогчид мөн “FTX”-тэй 10 сая ам.долларын спонсоршип гэрээ байгуулсан “NBA”-ын долоон удаагийн аварга “Golden State Warriors” багийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
“FTX” бирж нь 2019 онд байгуулагдсан бөгөөд 2021 оны байлдаар зах зээлийн үнэлгээ нь 32 тэрбум ам.долларт хүрч, дэлхийд гуравт орох том криптовалютын биржид тооцогдож байв.
Гэвч компани дампуурлаа зарлахын өмнөх өдөр 900 сая ам.долларын хөрвөх чадвар бүхий хөрөнгөтэй, 8.9 сая ам.долларын өр төлбөртэй гэх санхүүгийн тайланг танилцуулсан. Үүнээс 5.1 тэрбум нь ам.доллараар илэрхийлэгдэх өр төлбөр, хамгийн том 50 зээлдүүлэгчид 3.1 тэрбум ам.долларын өртэй гэж мэдэгдсэн.
Хамгийн гол нь, “FTX”-ийн охин компани болох “Alameda Research” нь өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагчид болох Сэм Банкман-Фридэд нэг тэрбум, Нишад Сингхт хагас тэрбум ам.доллар шилжүүлсэн асуудал ил болоод байгаа юм. Мөн “FTX” биржээс 477 сая ам.долларын үнэ бүхий криптовалют хакеруудад хулгайлагдсан. Үүний тодорхой хувийг “FTX”-ийн өөр нэг охин компани болох “RenBridge”-ээр дамжуулан биткойн тэргүүтэй бусад криптовалютад шилжүүлж, угаасан гэх асуудал үүссэн.
Эх сурвалж: CNN, CNBC, Marketwatch
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн