Монголын Хөрөнгийн Бирж энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан хэмээн хагас жилийн тайландаа дурджээ. Хагас жил бүү хэл, бүтэн санхүүгийн жилд ч иймд дүнгээр ашигтай ажиллаж байгаагүй тул зах зээлийн оролцогч талууд энэ талаар шуугиж эхэллээ. Зарим мэргэжлийнхэн, хөндлөнгийн шинжээч нар болон тоглогч нар үүнийг хоёрдогч зах зээл дээрх хувьцааны арилжаа маш их эрчимжсэнтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь “маш эрүүл буюу зохиомлоор бий болоогүй, бодитой өсөлт” гэж үзэж байна. Товчхондоо, цэвэр зах зээлийн жамаараа гарч ирж буй өсөлт гэж харж байгаа аж.
Олон жилийн турш олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн Монголын Хөрөнгийн Бирж “томрохгүй” байгаа гол шалтгааныг “Хөрөнгийн зах зээлд хэрэглэгчийн (хөрөнгө оруулагчдын) сонирхлыг татах бүтээгдэхүүн хомс байгаа болохоор” гэж мэргэшсэн хөрөнгө оруулагчид тайлбарладаг байв. Тэгвэл хоёрдогч зах зээлийн арилжаа идэвхжсэн гэдэг нь Хөрөнгийн бирж гэх “баялгийн их дэлгүүрийн” бараа бүтээгдэхүүнүүдийн чанар сайжирч, худалдан авагчдын анхаарлыг татаж, эрэлт нэмэгдэж байгаагийн шууд илрэл гэж хэлж болно.
Иймд Монголын Хөрөнгийн Бирж дээрх гол таван компанийн хувьцааны өөрчлөлтийг танилцуулъя. Эдгээр компани нь Монголын Хөрөнгийн биржийн хөгжлийг хэмждэг гол үзүүлэлт болох “Топ -20” индексийг зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлж байгаа юм.
Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) 625%
Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь 2005 оны 9 сард Employee Investment Trust буюу И Ай Ти ХХК нэртэйгээр байгуулагдсан бөгөөд Монголын анхдагч институционал хөрөнгө оруулагчийн үндэс суурь ийнхүү тавигдсан түүхтэй. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын чиглэлээр Монголд олон жил тууштай, тогтвортой, өсөлттэй ажиллаж байгаа зах зээлийн том тоглогч.
Эхний хагас жилийн байдлаар буюу зургадугаар сарын 30-ны өдрийн хувьцааны ханшийг өнгөрсөн оны эцсийн ханштай харьцуулбал тус компанийн хувьцаа 434 хувийн өсөлт үзүүлээд байна. Оны эхэнд нэг ширхэг хувьцаа нь 1758 төгрөг байсан бол дээд тал нь 12750 төгрөг хүрч, 625 хувийн өсөлт үзүүлсэн юм. Өөрөөр хэлбэл 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд та 10 сая төгрөгөөр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцааг худалдан авсан бол 72.5 сая төгрөг хүртэл өсөж, үржсэн байх нь. Эхний хагас жилд Ард санхүүгийн нэгдлийн хувьцааны хоёрдогч зах зээл дээрх арилжааны дүнгээр тэргүүлсэн ба нийт дүн 54 тэрбум төгрөг байгаа нь жагсаалтын хоёрдугаарт орсон компаниас 10 дахин их байгаа юм.
Монголын ууган аж ахуйн нэгжүүдийн нэг. 1924 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа, Монголын Хөрөнгийн Бирж дээр хамгийн өндөр үнэлгээтэй компани. Хувьцааны ханшийн хагас жилийн өсөлт нь 31 хувь байгаа бол энэ онд дээд тал нь 118 хувиар өссөн байна. Хэрэв 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 21.8 сая төгрөг хүртэл өссөн байна.
Таван толгой ХК (TTL) 19%
Таван толгой ХК нь Монголын хамгийн сайн чанартай нүүрсний орд Тавантолгойд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит хувьцаат компани. 1966 онд байгуулагдаж 1995 оноос хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж эхэлсэн байдаг. Тус компанийн хувьцааны үнэлгээ энэ хугацаанд дээд тал нь 19 хувийн өсөлт үзүүлсэн. Гэвч зургадугаар сарын эцсийн ханш нь оны өмнөх үеэс нэг хувиар бага байна.
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN) 16%
Уул уурхай, геологи хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгө оруулалттай компани. Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани боловч 2018 онд хууль эрх зүйн шинэчлэлээр олдсон боломжийг ашиглан Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгэгдсэн юм. Зургадугаар сарын эцсийн байдлаар тус компанийн хувьцаа оны эхэн үеэс гурван хувиар өссөн байв. Харин ханшийн оргил үед өсөлт нь 16 хувиар хэмжигдэж байсан юм.
Инвескор ББСБ ХК (INV) 14%
2019 онд хийгдсэн амжилттай IPO-нуудын нэг. Барьцаагүй зээлийн үйл ажиллагаа явуулдаг тус компанийн хувьцааны ханш энэ хугацаанд дээд тал нь 14 хувийн өсөлт үзүүлжээ. Харин зургадугаар сарын эцсийг оны эхэнтэй харьцуулбал таван хувийн өсөлттэй байна.