Улаанбаатар хотод үндэсний монгол бичгээр бичсэн ном худалдаалдаг номын сан нээгджээ. Тус номын санг Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг Өвөр монгол иргэн н.Отгонзаяа санаачлан байгуулсан бөгөөд тэрээр Монгол Улсын 21 аймгаар тойрон, аймаг сумдын монгол хэл, бичгийн багш нартай уулзаж, судалсны үндсэн дээр монгол бичгийн хэрэглээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уг дэлгүүрээ нээжээ.
Тэрээр хэлэхдээ, “Хаан бичгээ бид мартаж болохгүй. Өвөр Монголд монгол хэл бичиг заадаг сургууль байхгүй болж байгаа. Өвөр Монголд монгол хэл бичиг үлддэггүй юм гэхэд Ар Монголын ахан дүүс маань эртнээс улбаатай энэ сайхан эх хэл бичгээ дээдлэн, хүн бүхэн сурахад нь бага ч гэсэн тус болох болов уу гэсэндээ энэ дэлгүүрийг нээж байна. Монгол Улс зургаан жилийн өмнө хос бичигтэн болохоо зарлаж, монгол бичгийн хэрэглээг дахин сэргээнэ гэж байсан ч монгол бичгийн номын дэлгүүр нээгдэхгүй байгаад би эмзэглэсэн. “Хаан бичиг” номын дэлгүүрээр ороод гарсан хүн бүр монгол ахуй, соёл, түүхээ мэдрээд гараасай гэж хүсдэг.
Монголд монгол бичгээр хэвлэгдсэн ном тийм ч их байдаггүй учраас борлуулах номуудаа уран зохиол, яруу найраг, үндэсний бичгээ анхлан сурч байгаа хүүхдүүдэд зориулсан ном, түүхийн ном гэсэн төрлүүдээр Өвөр Монголоос захиалсан ч ачаа тээвэрлэлтийн асуудлаас үүдэн хараахан ирж амжаагүй байна" гэсэн юм.
Дэлгүүрийн хамт олноос 4-11 насны хүүхдүүдийн дунд “Миний мэдэх монгол бичиг” нэртэй шүлгийн уралдааныг зарлаад байгаа аж. Тус уралдаан цахимаар явагдах бөгөөд оролцсон хүүхэд бүрт урамшуулал олгох юм байна.
Улаанбаатар хотод анхны салбараа нээсэн ч цаашид илүү өргөжүүлэн, орон нутагт салбаруудаа нээхээр төвөллөсөн гэдгээ илэрхийлсэн юм. Дэлгүүр дээр монгол бичгээр бичсэн хүүхдийн номууд 8000 төгрөгөөс эхлэн номууд янз бүр үнэтэйгээр борлуулагдаж байгаа бөгөөд цагийн хуваарийн тухайд 10:00-20:00 хооронд бүх өдрүүдэд ажиллах юм байна.