УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын гишүүд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам ярилцлаа.
-Органик бүтээгдэхүүний тухай хуульд оруулж байгаа гол өөрчлөлтүүд нь юу байгаа вэ гэдгээс эхлээд яриагаа эхэлье?
-Манай улсад Органик хүнсний тухай хууль гэж байсныг цар хүрээг нь өргөжүүлээд Органик бүтээгдэхүүний тухай хууль болгож байгаа юм. Ингэснээрээ зөвхөн хүнснээс гадна цар хүрээг нь өргөжүүлнэ. Мөн хамгийн чухал зүйл нь органик хүнс, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүсээ төрөөс илүү дэмжье гэдэг бодлого барьж, энэ хуулийн төслийг боловсруулсан. Тухайлбал, органик бүтээгдэхүүн байвал Тендерийн хуулиар илүү давуу байдал олгоё, ЕБС-ийн үдийн цайнд органик бүтээгдэхүүн авдаг болъё, органик бүтээгдэхүүний баталгаажуулалт гарах зардлыг төрөөс хариуцдаг болох зэрэг олон зохицуулалт хийсэн. Мөн органик хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьж байгаа хүмүүст гурван жилийн хугацаанд хөрсөө бордох бордоог нь төрөөс хариуцъя гэх мэт нэлээд их санхүүгийн хөшүүрэг, дэмжлэгийг төрөөс үзүүлэх зохицуулалт хийж өгсөн.
Органик гэдийг хэрхэн баталгаажуулах вэ гэдэг процессыг нь илүү тодорхой болгож өгч байгаа. Хөндлөнгийн баталгаажуулалтын компани гэж юу юм, хэрхэн баталгаажуулах юм, шилжих процесс гэж юу гэх мэтийг оруулж өгсөн.
-Иргэн, аж ахуйн нэгж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ органик гэж баталгаажуулна гэж байна. Тухайлбал, малчид малынхаа махыг органик гэж хэрхэн баталгаажуулах вэ?
-Хуулийн дагуу хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагад хүсэлтээ гаргана. Тухайн байгууллага нь энэ мах нь органик мөн үү, үгүй юү гэдэгт хяналт тавина. Малчин түүнийгээ баталгаажуулаад, органик гэдгийг нь батална гэсэн үг. Нэгд, малын тэжээл органик байх ёстой. Янз бүрийн химийн бодис, бордоо хэрэглээгүй тэжээлээр малаа тэжээсэн байх ёстой. Хоёрт, малдаа хэрэглэж байгаа эм, тариа вакцинууд бүгд органик байх ёстой. Гуравт, малаа нядлаад, сав баглаа боодол, хадгалалт, тээвэрлэлт гээд бүгд эрүүл, органик байх юм.
-Тэгвэл одоо бидний идэж байгаа мал, мах органик уу гэдэг дээр ажлын хэсэг судалгаа хийсэн үү?
-Органик мөн, эсвэл биш гэдгийг бид огт мэдэхгүй л идээд байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр органик бүтээгдэхүүнүүд бүртгэлтэй байдаг. Өнөөдрийн байдлаар манай улсад нэг компани л таван төрлийн махаа бүртгүүлсэн. Тэр компани органик гэдэг шошгоо наагаад, экспортлоод, худалдаанд гаргаад явж байгаа. Тэгэхээр махны чиглэлийн бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд органик гэдгээ баталгаажуулчихвал төрөөс дэмжлэг авах боломж нь нээгдэнэ. Мөн хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 90 хувь хөнгөлнө. Тэгэхээр энэ хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой болж байгаа.
-Ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоолыг органик хүнсээр хийнэ гэж байна. Тэгэхээр үдийн хоолны төсөв нэмэгдэх үү?
-УИХ-ын гишүүд дотор хүүхдийнхээ хоолны мөнгийг төрд 100 хувь хариуцуулах нь буруу, тодорхой хувийг нь эцэг эх хариуцах ёстой гэдэг байр суурьтай гишүүд бий.
Нөгөө талдаа бид шууд ЕБС-ийн үдийн хоолыг органик болгож чадахгүй. Яагаад гэхээр баталгаажуулалтын процесс гэх мэт органик руу шилжих маш том давлагаа явна. Гэхдээ үдийн хоолны мах, сүү хоёрыг маш хурдтай органик болгох боломжтой. Монгол Улсын сум бүрд малчин байгаа. Эдгээр малчид сүүгээ саагаад хүнсний зориулалттай саванд сүүгээ хийгээд, горимын дагуу хадгалаад сумынхаа сургууль, цэцэрлэгт хүргүүлэхэд ямар ч асуудалгүй гэж бодож байна. Малчид маань органик гэж юу гэдэг ойлголтоо аваад, баталгаажуулчих юм бол түргэн шилжчих боломжтой. Тухайн малчин, аж ахуйн нэгж өөртгөө тооцож байгаад үнээ гаргана. Мэдээж органик хүнс илүү өртөг шингэсэн байдаг. Гаднын орнуудад органик хүнс органик биш хүнснээс 30-100 хувийн илүү үнэтэй байдаг. Тэгэхээр мэдээж хэрэг органик мах, сүүний үнэ өснө. Магадгүй тухайн сургуулийн сурагчдын эцэг эх, сургуулийн удирдлага хүүхдүүддээ органик хүнс өгмөөр байна, илүү гарч байгаа мөнгөө өөрсдөө төлөөд мах сүүгээ органикийг авмаар байна гэдэг сонголт хийх боломж олгоно.
-Органик гэж баталгаажуулах компани байгуулна гэж байна. Хуулийг дагуулаад төрөөс ийм компани байгуулах уу, хувийн хэвшилд даатгаж өгөх үү?
-2017 оноос хэрэгжээд эхэлсэн Органик хүнсний тухай хуулийн дагуу хөндлөнгийн баталгаажуулалтын компаниуд байгуулагдчихсан юм билээ. Баталгаажуулах процессоо хийгээд сурчихсан, дадлага туршлагатай болчихсон. Компани л юм чинь өөрийн зардалтай байгаа. Тиймээс үйлчилгээний хөлс авна. Одоогийн хуулиар бол үйлчилгээний хөлсийг органик руу шилжиж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлдөг. Харин шинэчилсэн найруулгад энэ төлбөрийг төрөөс төлөхөөр оруулсан.
-Бидний хэрэглэж байгаа бүх хүнс органик биш болчихоод байх шиг байна. Ажлын хэсэг дээр энэ талаар хийсэн судалгаа байвал та мэдээлэл өгөөч?
-Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн нэг хүрэхгүй хувь нь органик хүнс байна. Тэгэхээр үлдсэн 99 гаруй хувь нь органик биш гэж хэлж болно.
"Алсын хараа 2050" дээр хүнсний үйлдвэрлэлийнхээ таван хувийг 2050 он гэхэд органик болгоно гэсэн зорилт тавьсан. Энэ бол манай улсын хувьд маш том зорилт. Европын холбоо гэхэд 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьж байна. Нөгөө талдаа манай улсын хорт хавдраар өвдөх иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, улам залуужиж байна. Зөв амьдралын хэв маяг, эрүүл хоол идэж чадахгүй байгаагаас өвчин тусч байгаа хүн амын 65 хувь нь зүрх судасны өвчин тусч байна. Энэ бүхэн бидний эрүүл хоол, шим тэжээлтэй хүнс хэрэглэж чадахгүй байгаатай холбоотой. Наад зах нь гэхэд манай улс жилд 100 мянган литр сүү хэрэглэдэг бол үүний 2000 нь л органик байна. Нэг үгээр хэлбэл, нэг компанийн 10 орчим сүүн бүтээгдэхүүн л органик гэдэг баталгаажуулалт аваагүй.
-Малчдын нийлүүлж байгаа сүү баталгаажуулалт аваагүй байгаа болохоор органик гэж үзэж болох уу?
-Органик мөн, эсвэл биш гэдгээ бид мэдэхгүй гэсэн үг. Хамгийн наад зах нь малчид сүүгээ хүнсний зориулалтын саванд хийж байж органик гэж тооцно.
-Тэгвэл манай малын вакцин органик байж чадах уу?
-Хэрвээ бид органик махаар ард иргэдээ хангая, илүү өндөр үнэтэйгээр экспортод гаргая гэж байгаа бол малын эм тариа, вакциныхаа доторх орц найрлагад анхаарах ёстой.
Хууль гарлаа гэхэд зарим эдийн засгийн тооцоо нь эдийн засагт төсөвт ачаалал өгөхгүй. Төсөвт айхтар дарамт болохгүйгээр бид хүн амынхаа эрүүл мэндэд анхаарна гэсэн үг.