"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-ний өдрөөс олгох талаар мэдээлэл хийлээ.
Хөрөнгийн биржийн ахлах мэргэжилтэн П.Нямдорж: Та бүхэн www.mse.mn холбоосоор орон брокер дилерийн компаниудтай танилцаж болно. Ногдол ашиг гэдэг энэ компанид хөрөнгө оруулснаараа хүртэж байгаа өгөөж юм. Тухайн компани нэг жилийн хугацаанд ямар хэмжээний ашигтай ажиллана тэрийг хуваарилж өгч байна гэсэн үг. Зарим хүмүүс 90 мянган төгрөг өгчихөөд миний 1072 хувьцаанаас авах гэж байна гэж ойлгосон байна. Тоо ширхэгтэй хамаагүй энэ бол өгөөж гэдгийг ойлгох хэрэгтэй. Үнэт цаасны дансыг нээлгэхэд брокерийн компаниуд 5-10 мянган төгрөгийн хураамжтайгаа нээж байна. Дансаа нээлгэчихээд тэнд байгаа хувьцаагаа зарж борлуулах, нэмж хувьцаа авахад тухайн брокерийн компани тодорхой хэмжээний шимтгэл авдаг. Энэ шимтгэлийн хувь хэмжээ маш чухал. Тиймээс брокер дилерийн компаниа сонгохдоо үүнийг сайн анхаарах хэрэгтэй. Мөн “ЭТТ ХК нь хөрөнгийн зах зээл дээр хаалттай компани. 1072 хувьцаа дотоодын зах зээл дээр нээлттэй болсон тохиолдолд зарах, шилжүүлэх, бэлэглэх,өвлүүлэх эрх үүснэ. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ээс хойш нас барсан иргэдийн хувьцааг эрх бүхий хүн нь өвлөж авах эрхтэй болно. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр өв залгамжлах эрхийн тухай хуулиар материалаа бүрдүүлэн очиж авна” гэдгийг хэллээ.