Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Улаанбаатар хотод өнөөдөр эхэллээ.
Дэлхийн 43 орны 600 гаруй төлөөлөгчид “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвийн хүрээнд өнөөдөр, маргааш чуулна. “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага”-ын сайн туршлага, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа” гэсэн гурван нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийж нийтдээ 72 илтгэл хэлэлцэх юм байна.
Бүс нутгийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээнд оролцож буй төлөөлөгчдийн 40 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 60 гаруй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагын ажилчид чуулж байна.
Конгрессын нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг: Бүс нутгийн улсаас зорин ирсэн зочид төлөөлөгчдөдөө баярлалаа. 2016 оны есдүгээр сард Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх II хуралд миний бие төлөөлөгчөөр оролцож байсан. Өнөөдөр энэ асуудлыг өөрийн орондоо хэлэлцэж, бүс нутгийн улсуудтай харилцан туршлага солилцож, ололт амжилтаа ярилцаж байгаад талархалтай байна. Мөн нэгдсэн хуралдааныг удирдан чиглүүлэх хүндтэй үүргийг биелүүлэх болсондоо туйлын таатай байна” хэмээв.
Зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах төв барьж байна
Тус хурлын гол зохион байгуулалтыг хариуцан ажилласан ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраас хурлын үеэр зарим зүйлийг тодрууллаа.
-Тэрээр “Өнөөдрийн олон улсын конгресст дэлхийн 43 орны төлөөлөл оролцож байна. Энэ хурлаар Ази номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлого ямар төвшинд байна вэ, ямар улс орнуудын бодлого нь хамгийн сайн жишигт тооцогдож байна, өмнөх конгрессоос гарсан уриалга тунхаглалын хэрэгжилтийг бусад улс орон хэрхэн хэрэгжүүлсэн бэ, цаашид энэ бүс нутгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асуудлуудыг яаж авч хэлэлцэх вэ зэрэг асуудлыг ярилцаж, зөвлөлдөн тодорхой шийдэлд хүрнэ. Ер нь хүн бүхэнд хүртээмжтэй нийгмийг улс орон бүхэн бий болгох хэрэгтэй. Энэ асуудалд Засгийн газар бүхэн хариуцлага үүрэг хүлээх ёстой гэдгийг өнөөдрийн хуралдаанаар голлон хэлэлцэж байна. Мөн иргэний нийгмийн байгууллагууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Тэдгээр байгууллагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх сайн жишиг олон улсад байдаг. Манайд ч мөн адил энэ чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагууд бий. Тэднийг төр засгийн зүгээс дэмжих ёстой. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллагыг нэгтгээд нэгдсэн том холбоо байгуулаад ажиллавал илүү үр дүнтэй гэж ойлгож байна.
Мөн бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах асуудал дээр олон бодлого хөтөлбөрүүдийг хэлэлцэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асаргаа сувилгаа буюу асарч байгаа хүнд нь тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэсэн. Одоогоор бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дээр онцгойлон анхаарч байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй ААН-үүдийн татварын хураамжийг нэмэх, төвлөрсөн мөнгийг тэдний хөдөлмөр эрхлэлтэд зарцуулж байна. Энэ зарцуулалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө хариуцаж ажилладаг. Мөн зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах төв буюу ордонг барьж байна. Тэнд өөрсдөө цуглараад тулгамдаж буй асуудлаа шийдвэрлээд орон нутгийн байгууллага болон бусад байгууллагатай хамтран ажиллах сайн жишгийг манай улс нэвтрүүлж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 250 ортой хөгжлийн төв бол ашиглалтад орлоо. Ирэх жил гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордонг барина. Бүс нутгийн төвшинд авч үзвэл, манайд сайн жишиг бий. Алдаа дутагдал ч бас бий. Үүнийгээ засаж, сайжруулахын төлөө манай яам хичээж ажиллах болно.

Конгресст оролцогчдын байр суурийг хүргэж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Б.Оргодол: Монголд анх удаа ийм хурал болж байгаад баяртай байна. Хамтдаа хөгжих боломж гарч ирж байна гэж ойлголоо. Намайг бага байхад “Ээ хөөрхий амьтан, ийм хүн байдаг юм уу даа” гэж хардаг байсан. Одоо нийгэм өөр болжээ. Бидэнд тулгамддаг асуудлыг шийдэхийн тулд маш том хурлыг эх орондоо зохион байгуулж байна. Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг олон асуудал бий. Хамгийн наад зах нь гэхэд дэд бүтэц. Гэрээсээ гараад “дэлгүүр оръё” гэхэд л шат зам, талбай нь юу билээ гэж боддог. Ингээд нийгмээс тусгаарлагдах, гэртээ суух болдог.

Жайка Японы олон улсын хүмүүнлэгийн байгууллагын мэргэжилтэн, ахлах зөвлөх Чиба Хисаон: Энэ удаагийн хуралд гадаадаас 200 гаруй, дотоодоос 400 гаруй төлөөлөгчид оролцож байна. Олон улсын хэмжээнд авч үзвэл, 2006 онд НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц батлагдсанаас хойш тус конвенцод нэгдсэн улс орнууд Засгийн газрын төвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх дорвитой арга хэмжээ авч эхэлсэн. Үүнтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхах хандлага дэлхий даяар буурч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд оролцоотой байхад дэд бүтцийг шийдвэрлэсэн эсэх асуудал их чухал байдаг. Улс орнууд энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа юм. Хэрвээ дэд бүтцийн хүртээмжийг хангахгүй байвал хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ялгаварлан гадуурхаж байна гэж дээрх конвенцод заасан байдаг. Тиймээс Монголын Засгийн газар дэд бүтцийнхээ асуудлыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй. Жайка олон улсын байгууллага, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамтай хамтран барилга байгууламжийн магадлан хяналтын шатнаас нь сайжруулан, хамтарч хэрэгжүүлэх бэлтгэл шатандаа ороод явж байна. Ингэснээр барилгын зураг төслийн шатнаас нь эхлээд хүртээмжтэй барих систем тогтоно. Дэд бүтцийн хүртээмж сайжирна гэсэн үг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэрхшээл нь тэр хүний бие организмдаа байгаа юм биш. Тэр хүний амьдарч байгаа нийгэмд нь бэрхшээл байна. Өөрөөр хэлбэл, тэр хүн гадагшаа гараад явах гэхээр дэд бүтцийн саад бэрхшээлтэй учирдаг. Мөн мэдээллийн хүртээмж муу байдаг. Мөн хэвлэл мэдээллийн салбарынхан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст мэдээллийг тэгш түгээх тал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Японд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг орон нутгийн засаг захиргаа нь анхааралдаа авч ажилладаг. Тухайн орон нутагтаа хөдөлмөрлөж, өөрийн гэсэн орлоготой байх боломжийн талаар нь орон нутгийн засаг захиргаа бодлого боловсруулж, хэрэгжилтээ хангадаг. Ялангуяа халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү гэсэн чиглэлээр хандаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмээс халамж хүртдэг биш, нийгэмд хувь нэмэр оруулдаг, өөрийн чаддаг зүйлээрээ хөдөлмөр эрхлэх энэ бололцоог нь бүрдүүлж өгдөг гэсэн үг.

“Түгээмэл хөгжил төрийн бус байгууллага”-ын зохицуулагч Н. Мөнхжаргал:
-Өнөөдрийн конгрессоор хамт олонд нь хамруулан хэрхэн хөгжүүлэх юм бэ, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэнд, боловсролын талаар нь авч хэлэлцэж байгаагаараа онцлог болж байна. Таван жилийн өмнөхтэй харьцуулбал хүртээмж бол бага багаар сайжирч байна. Хууль эрх зүйн заалтад ч гэсэн байгууллага бүр налуу зам, ариун цэврийн өрөөтэй байна. Их дээд сургуульд хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэгүй сургаж байна. Удахгүй магистрын төвшинд үнэгүй сургах талаар ярьж байна. Тусгай сургууль гэхээсээ илүү “ЕБС-д ч гэсэн тэгш хамруулан сургая, хамт олон дунд нь байлгая” гэдэг үзэл баримтлалтай болж байна. Мөн 2016 онд батлагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32-р зүйл дээр “хувийн туслах үйлчилгээний тухай” заасан байдаг. Үүгээр дамжуулаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд оролцохын тулд заавал ээж аав ах дүүсийнхээ завтай цагийг нь харж гадуур гарахгүй өөрийнхөө дуртай үедээ хувийн туслах үйлчилгээ аван, нийгмийн амьдралд оролцох боломжийг бий болгосон. Ер нь хууль эрх зүйн болон нийгмийн хандлага зэрэг жилээс жилд илүү сайжирч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэгээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг хөгжүүлэх асуудлаар тодрууллаа.
-Манай улсад 25-аас дээш ажилтантай байгууллагад нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ёстой гэж заасан байдаг. Энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ?
-Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 105.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 11000 нь хүүхэд. Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн насны иргэдийн 19.7 мянга нь хөдөлмөр эрхэлж байна. Нэгд, өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ААН-д ажиллаж байна. Гэхдээ дийлэнх нь гэр бүлийнхээ амьжиргааг дэмжиж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөрийн хуулийн 111-р зүйлийг хэрэгжүүлэх үүднээс албан байгууллага, ААН-д 25-аас дээш ажилтан тутамд хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг зайлшгүй ажиллуулж байх, ажиллуулаагүй нөхцөлд төлбөр төлж байх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор энэ талын шаардлагыг тавьж ажилладаг.
-Энэхүү олон улсын конгрессоос ямар шийдэл, шийдвэр гаргаж вэ?
-“Өнөөдрийн олон улсын хуралдааны гол зорилго хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх замаар эдийн засгийн эрх мэдэлжүүлэх явдал юм. Бид өнөөдөр Ази, Номхон далайн бүсийн орнуудын иргэдээ хөдөлмөр эрхлүүлэх нөхцөл боломж туршлагаас хуваалцаж байна. Өнөөдөр бидэнд гол тулгамдаж буй зүйл бол нэгд, манай улс дэд бүтцийн хувьд хүртээмж дутмаг, саадтай байгаа. Хоёрт, хөдөлмөр эрхлэлт дээр тэр болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань хувиараа хөдөлмөр эрхлэхээс хэтрэхгүй, санхүүгээр дэмжүүлж байгаа. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх ямар туршлага байна гэдгийг бид өнөөдрийн чуулган, хуралдаанаас судалж гаргаж ирэх юм.
Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж чадах мэргэжлийг судалгаагаар гаргаж, ажиллах боломж нөхцөлийг судалж байна. Яагаад гэвэл аль нэг байгууллага хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулъя гэхэд бид бэлтгэгдсэн боловсон хүчний бэлэн нөөцтэй байх шаардлагатай байна. Энэ үүднээс хүмүүсээ бэлтгэх, боловсон хүчнээ бүрдүүлэх дээр голлон анхаарч байна.
Энэ зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас эхний ээлжид албан ёсоор ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэж, цааш нь тухайн хөдөлмөрт бэлтгэх, мөн ажлын байран дээр дадлагажуулах ажлыг шат дараатай хийж байна. Үүний үр дүнд өнөөдөр 20 хувьтай байгаа хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 40 хувь хүртэл ажил хөдөлмөрт хамруулан, ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангах зорилго тавьсан гэлээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг зохион байгуулах тогтоолыг гаргасан. Конгрессын бэлтгэл ажлыг хангах хүрээнд зургаан дэд ажлын хэсэг бүхий техникийн ажлын хэсгийг ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан баг нэг жилийн хугацаанд хангаж ажиллажээ. Дэд бүтцийг сайжруулахад нийслэлээс анхаарч 136 гудамж, 11900 м2 хэвтээ замын тэмдэглэгээ хийжээ. Дуут гэрлэн дохиог гурван газар нэмж байрлуулан, гаднаас ирж буй зочдыг хил, гаалиар хүндрэл, саадгүй нэвтрүүлэх, тэдгээр иргэдийн туслах хэрэгсэл, зайлшгүй биедээ авч явах шаардлага бүхий зүйлсийг зөв зохистой шалгах зэргийг анхааралдаа авч шаардлагатай сургалт, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулсан байна. Мөн гадаад, дотоодын зочдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн яаралтай тусламжийн баг буюу шуурхай удирдлагын төвийг ажиллуулж байгаа юм байна.
