Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболд нь албан тушаалаа урвуулан ашиглаж "Макс групп" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ганбаатарт хууль бусаар газар эзэмшүүлсэн хэмээн өмгөөлөгч Г.Нацагдорж үзэж, Түүнийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан байдаг. Тэгвэл уг асуудалд Нийслэлийн Засаг дарга С.Батболд дараахь тайлбарыг өглөө.
Тэрээр “Нийслэлд маш олон компани олон газар эзэмшиж байна. Яармагийн шинэ төв байгуулахын тулд яармагт газар эзэмшиж байгаа иргэдтэй уулзаж, ярилцах хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, газрыг шууд хурааж авахаас илүү газар эзэмшигчидтэй уулзаж, тохиролцоно гэсэн үг. Энэ ажлын нэг нь "Макс групп" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ганбаатартай хийсэн зөвшилцөл юм. Д.Ганбаатар морин тойруулгын зориулалтаар 70 га газар авсан. Хэрвээ Д.Ганбаатар тухайн газрыг морин тойруулгын зориулалтаар ашиглана хэмээн санал болгоогүй бол өөр зориулалтаар ашиглах байсан. Тухайн газар шүүхийн маргаантай байсан. Шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулж, тус газрыг буцаан олгосон. Гэхдээ тухайн газраас хотын хэрэгцээнд 4 га газар, ОХУ-ын Буриад улсын соёлын төвийн хэрэгцээнд мөн газар өгсөн. Энэ асуудлаар харин ч орой АТГ-т дуудагдаж байна. Олон газрыг цэгцлээд ирэхээр магадгүй өдөр бүр дуудагдах байх. Ингэж цэгцлэхгүй бол Яармагийн бүтээн байгуулалтыг эхэлж чадахгүй. Газар эзэмшигчид амархан газраа өгөхгүй учраас магадгүй шүүхийн маргаан үүсгэх байх. Иргэн гомдол гаргах, хардах эрхтэй. Гэхдээ хотын даргын хувьд аль болох ойлголцоосой гэж хүсч байна” гэв.