УИХ-ын даргын захирамжаар Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх Ажлын хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсгээс эрүүл мэндийн салбарт реформ хийх хуулийн төслүүдийг боловсруулах, зарим хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Хамгийн эхлээд Донорын тухай хуульд нэмэлт оруулалт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нар мэдээлэл хийлээ. Тэд Донорын тухай хуульд дараах таван зарчмын том өөрчлөлтийг хийхээр төсөлд тусгасан байна. Үүнд:
1. Одоо дагаж мөрдөж байгаа Донорын хуулиар 25 настай иргэн өөрийн аав, ээж, ах дүүгийнхээ төлөө эд, эрхтэнээ өгч, амь насыг нь аврах боломжтой гэж заасан байдаг. Гэтэл 25 нас хүрээгүй, 21, 23-тай хүн донор болъё гэтэл хуулиар хориотой учраас гэр бүлийнхнээ аварч чадахгүй, эсвэл заавал гадаад явдаг тохиолдол олон гарч байна. Эд, эс эрхтхэнээ өгөх бүх тохироо нь бүрдчихээд байхад хуульд заасан насны хязгаараас болж хайртай, дотны хүмүүсийнхээ амь насыг нь аварч чадахгүй, алдах тохиолдол байна. Монголд боломжгүй учраас иргэд элэг, бөөр, яс шилжүүлэн суулгах хагалгааг дандаа гадашгаа явж хийлгэж байна. Эдгээр хагалгааг бүгдийг ЭМД-аас санхүүжүүлдэг болсон шүү дээ. Гэвч донорын наснаас болоод дотооддоо хийж чадахгүй байна. Иймд эд эрхтэний донор болох насыг 21 нас болгож өөрчлөхөөр тусгасан.
2. Эд, эс эрхтэний донорын хагалгаанд орох иргэдийн мэдээлэл нээлттэй, олон нийтэд ил тод болгоно. Жагсаалтын урдуур дайрлаа гэдэг хэл ам их гардаг учраас нээлттэй болгоно.
3. Амьгүй донор буюу цогцосноос эд, эс эрхтэнийг нь авч бусад хүний амь насыг авардаг. Монгол Улсад одоо хэрэгжиж байгаа технологиор нэг хүний амьгүй болсон цогцосноос зургаан хүний амь аврах боломжтой. Амьгүй донорыг бурханы бэлэг ярьдаг. Тиймээс амьгүй донорын оршуулгын зардлыг улсаас даадаг болох олон улсын зохицуулалтыг хуульд оруулна.
4. Амьд донор гэдэг бол эрүүл хүн хэн нэгнийг аврахын тулд хагалгаанд орж байгаа шүү дээ. Өөрийнхөө эд, эс эрхтэнийхээ талыг нь өгдөг баатарлаг үйлдэл юм. Тиймээс ийм эр зориг гаргаж, амьд донор болсон иргэдэд жилд нэг удаа үнэгүй сувилалд амрааж, биеийг нь тэнхэрүүлдэг тогтолцоог бүрдүүлнэ.
5. Эрүүл мэндийн яамны дэргэд Эд, эс эрхтэнг шилжүүлэн суулгах зөвшөөрөл олгодог ёс зүйн хороо гэж биеэ даасан, олон нийтийн хяналтад байдаг бүтцийг байгуулахаар Донорын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслөө өнөөдөр өргөн барьжээ.