Заах аргын онцгой арга барилаараа олон зуун шавь төрүүлсэн, “Гэгээ” коллежийн үүсгэн байгуулагч, зөвлөх багш, доктор Ph Д.Болдбаатартай ярилцлаа. Тэрээр өнөөг хүртэл 40 орчим ном, 1400 анги кино хөрвүүлж, олон нийтийн хүртээл болгоод байна.
-Таны орчуулж буй ном, кино уран бүтээлүүд урд хөршийн оюун санааг Монголчууддаа таниулах, онцлогийг нь ойлгуулах далд үзэл агуулдаг гэж та тодорхойлсон юм билээ. Бид Хятадуудаас яагаад суралцах ёстой талаар тайлбарлахгүй юу?
-Би их гайгүй Хятад судлаачийн тоонд орох байх /инээв/. Энэ үгийг ярихад ичмээр ч юм шиг. Хэдэн жилийн өмнө улс төрийн орчуулга руу ороод хэрэггүй гэж боддог байлаа. Саяхан Ши Жиньпин даргын “Үгийн жин бан” номыг орчуулсан. Эндээс харахад хятадын хөгжлийн нууц тэнд бичигдсэн байгаа юм. Хятад улс маш хурдтай хөгжөөд байна, нууц нь юу юм бол гэж хүн болгон боддог байх. Ерөөсөө л энэ хоёр номын дунд Хятадын хөгжлийн нууц, урагштай хөгжиж буй байдал, тогтолцооны онцлог, хувь хүний хөгжил, удирдагч хүний чанар гээд бүгдийг нь тэр хоёр ном агуулдаг.
2000 жилийн өмнө Хятадын гүн ухаантан Сүнж гэж байжээ. Сүнжийн сургаалиар “Залуу хүн суралцаад болчихлоо гэсэн үедээ улс төрд ор” гэсэн байдаг. Харин “Улс төрд орсныхоо дараа эв дүй, дөрөө орчихвол дахин сур” гэдэг. Тэгэхээр улстөрч хүн тасралтгүй сурч байх хэрэгтэйг хэлжээ. Манай зарим улстөрчийн хэлж, ярьж байгаа үгнээс харахад суралцдаг байдал огт харагддаггүй.
“Үгийн жин бан” номд бидний хамгийн их ярьж бухимддаг хот байгуулалтын тухай гэхэд л “Хот байгуулалт нь гамбир элдэж буй мэт байж болохгүй” гээд яах ёстойг хэлж өгдөг. Ши Жиньпин намын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд “Улстөрч хүний байнга суралцах ёстой” гэх Сүнжийн хэлсэн үгийг эшлэж ярьсан байдаг.
-Таныг гар утас барьдаггүй, телевизор үздэггүй гэх юм билээ. Энэ нь таны амьдралыг үзэх үзэл, Хятад судлалтай хэрхэн холбогддог вэ?
-Гар утас байнга маажих, фэйсбүүк ухах, телевизор ширтэхийн хэмжээгээр оюун санааны хүч алдагдаж байдаг. Алдагдаад байгаа энергийг хураах арга нь утас барихгүй, зурагт үзэхгүй байх юм. Энэ хэрээр хүн амьдралдаа эрч хүчтэй, уран бүтээлдээ оюун санаагаа дайчлах боломжтой. Би 40 нас хүрээгүй, залуу байхдаа энэ “сонин” ёсыг тохиолдлоор уншиж судалж буй зүйлээсээ ойлгож байлаа.
Бусадтай холбогдох, мэдээллээс хоцрох гэдэг асуудал надад гардаггүй. Харин ч холыг харж, хоёрыг сэтгэх гээд байдаг давуу талтай. Мэдээллийн далай шиг их урсгал орчин үед явж байна. Үүнийг хүмүүс бүгдийг нь мэдэж сурах боломжгүй. Тиймээс хамгийн хэрэгтэйг түргэн шуурхай шүүрдэж олж авдаг байхад л болно.
-“Гэгээ” боловсролын төв хэл сурах өөр арга барилтай гэдгээрээ танигдсан юм билээ. Үүсгэн байгуулагчийн зүгээс таны нэвтрүүлсэн хэл сургах арга барил юу вэ?
-Зурагт их үзээд, гар утсаа ухаад байвал хүн оюун ухааны хүчин чадлынхаа 95 хувийг хүн алддаг. Үнэндээ хүн оюун ухааны хүчин чадлаа хэрэггүй зүйлд алдалгүй хадгалж чадвал сурахгүй мэдэхгүй зүйл байдаггүй бөгөөд бүх зүйлийг өөртөө шингээж авах боломжтой.
“Гэгээ” боловсролын төв цээжлэх, сурах гэдгээс илүү оюуны хүчийг л хурааж байгаа юм. Гар утас хэрэглэдэг, зурагт их үздэг хүн оюуны хүчин чадлынхаа тавхан хувийг л ашиглаж байдаг. Тэгэхээр миний хэлээд байгаа аргыг хэрэгжүүлсэн хүн оюун ухааны хүчин чадлын 50-60 хувиа хураах боломжтой байх нь. Энэ тохиолдолд юуг ч сурахад амархан байх болно. “Гэгээ” боловсролын төв ерөөс л энэ аргыг зөв зүйтэй ашигладаг.
-Хятад хэл сурах хүсэлтэй хүмүүс таны ярилцлагыг түлхүү уншиж мэднэ. Та тэдэнд хандан Хятад хэлийг хялбар аргаар сурах арга техникээсээ хуваалцаж болох уу?
-2000, 3000 ханз мэддэг хэр нь ярьж чаддаггүй хүмүүс их байна. Уншаад ойлгодоггүй хүмүүс ч байна. Тэгвэл маш амархан арга зааж өгье.
“Хуруу” гэдэг ханз мэддэг хүн “Гэдэс” гэдэг ханз мэддэг байлаа гэж бодъё. Хуруун дээр “Гэдэс”-ийг нэмэхээр “Хурууны өндөг” болж таарах нь. Хуруун дээр “Харандааны үзүүр”-ийг нэмбэл “Хурууны үзүүр” болж хувирна. “Баатар эрийн хуяг дуулга”-ыг хуруун дээр тавивал “Хумс” болно. Учир нь хурууны хуяг дуулга нь хумс шүү дээ. Харин хуруун дээр “тос” нэмбэл, “Хумсны лаак” буюу будаг болох нь. Харин “хутга” гэх ханз нэмбэл “Хумсны хутга” болно. Хөшигний хээг хуруу гэдэг ханзтай нийлүүлбэл “Хурууны хээ”, хулсны үеийг нэмбэл “Хурууны үе”, арьсыг нэмбэл “хурууны арьс”, яс гэх ханзыг нэмээд “хурууны яс” болно. Үгийг энэ байдлаар бүтээвэл хэчнээн л бол хэчнээн үг бүтнэ.
Тиймээс 300 идэвхтэй ханз мэддэг, түүнийгээ эвлүүлж чаддаг байхад хятад хэлийг дөмөгхөн сурж болно. Хэлний онцлог нь ийм байдаг учраас дээрх аргыг хятад, япон хэл сурахад ашиглаж болно.
-Сүүлийн үед хүмүүс ном их орчуулдаг болжээ. Зарим нь энгийн уншигч надад уншихад төвөгтэй, үг, найруулгын алдаатай байх нь анзаарагддаг. Та олон жил орчуулга хийж гаршсан хүний хувьд шүүмжлэлтэй ханддаг уу. Аль эсвэл...?
-Уран зохиолын орчуулга хийж байгаа хүн амьдралын туршлагатай, тухайн хэл болон эх хэлээ маш сайн сурсан байх зайлшгүй шаардлагатай. Туршлага хуримтлуулсны дараа номын орчуулга руу орох хэрэгтэй. Эхний ээлжид кино орчуулгад гарших хэрэгтэй. Дараагаар нь номын орчуулга руу орвол зүгээр гэж зөвлөмөөр байдаг. Манай зарим орчуулагч туршлагагүй хэр нь орчуулгыг мөнгө олох хэрэгсэл гэж хардаг учраас номын орчуулга тааруу байх хандлагатай болжээ.
Би 1987 оноос хойш уран зохиолын орчуулга хийлээ. Тухайн үед би уран зохиолын орчуулагч болох зорилго өвөртлөөгүй. Миний уншиж судалдаг сургаалд “Төөрөг тавилангийн эрхийг дагах” гэдэг том ойлгоц байдаг. Энэ дагуу явсаар одоогийн түвшинд хүрсэн гэж боддог. Өөрөөр хэлбэл урдах юмаа хийгээд л яваад байсан хэрэг. Манай багш хэлдэг байсан л даа “Нэг номыг дуусгахад дараагийн орчуулах номын хийморь сэргэдэг” гэж. Ном орчуулж байх явцад “Дараа нь тийм ном орчуулах юм байна шүү, дараа нь ингэх юм байна шүү” гэдэг санаа урган гардаг. Хийж барагдахааргүй их зүйлс, бүтээлийн санаа надад байна. Энэ дундаас хамгийн хэрэгтэйг нь сонгож олон түмэнд хүргэх нь миний уран бүтээлчийн үүрэг болж байна.
-Таны орчуулах номд ямар нэг шалгуур байдаг уу?
-Байлгүй яахав. Уран бүтээлч хүн бүхэнд байх ёстой. Адгийн наад зах нь хүчирхийлэл, дайн дажинг сурталчилж болохгүй. Тийм зохиолыг би орчуулдаггүй. Мөн нийгмийн гажуудал бүхий, залуусыг буруу зүйлд уриалан дуудсан номыг орчуулдаггүй.
Ний нуугүй хэлэхэд, тиймэрхүү зохиол орчуулбал борлуулалт өндөр байдаг дэлхий нийтийн хандлага бий. Тийм бодлын үүднээс нийгмийн тархийг мунхруулах сэдлээр уран бүтээлд хандахгүй гэх зарчим баримталдаг л даа. Уран бүтээлчийн нийгмийн ёс суртахууныг баримталдаг гэсэн үг. Бусад орчуулагчид ч мөн ийм зарчимтай байгаасай. Номын талаар ярьсных уншигчийн талаар хэрхэн боддогоо хэлмээр санагдаа.
-Ном уншдаг хүмүүс хоёр янз байдаг. Нэгд, тоо хөөцөлдөж олон ном уншиж оюунаа тэтгэх. Хоёрт, чанартай цөөн ном уншиж, түүнийгээ бодож бясалгадаг. Үүнээс гадна огт уншдаггүй ч хүмүүс бий. Миний хувьд ном уншдаг хүмүүсийн дундаас цөөн чанартай ном уншдаг хүний ангилалд багтана. Уншсан номоо бодож бясалгахыг илүүд үздэг. Ном гэлтгүй аливаа зүйлийг хийхэд хүн дуртай байх, хийж байгаа зүйлээсээ баяр баясал мэдэрдэг байх л чухал.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Таны зүгээс өгөх хэл сурах зөвлөгөө юу байх вэ?
-Эртний Монголын гэрийн сургалтын арга буюу таван хэлийг төвөггүй сургадаг байсан нарийн арга байдаг. Энэ арга нь шинэ үг цээжлүүлж, дүрмээр нүддэггүй. Хүний оюун ухааны заяагдсан өгөгдлийг л ашигладаг зөөлөн хялбар арга бий. Тиймээс энэ аргыг сурсан хүн хэлийг сурахгүй байна гэж байхгүй. Яг энэ аргаар “Гэгээ” боловсролын төвд хэлийг зааж байгаа. Би энэ аргыг насан туршдаа судалж байна. Улам л боловсронгуй болсоор байгаа. Их сургуульд байхдаа дорно дахины таван хэлийг гаргуун эзэмшсэн номун хүнтэй таарсан юм. Тэр надад анх зааж өгснийг олон хүмүүст дамжуулан сургасаар өнөөдрийн сургалтын төв, сургуулийн түвшинд ирсэн.