Open iToim app
Зочин | 4 мин уншина

З.Үүрийнтуяа: Түүхээ мэдэхгүй хүн хамгийн хурдан бусдын соёл, түүхэнд уусдаг

З.Үүрийнтуяа: Түүхээ мэдэхгүй хүн хамгийн хурдан бусдын соёл, түүхэнд уусдаг
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 28
Эртний түүхэн гэрэл зургуудыг цуглуулж, ард иргэддээ түүхийг иргэн сануулахад томоохон хувь нэмэр оруулж байгаа "Согоо" энтертайментийн үүсгэн байгуулагч З.Үүрийнтуяатай ярилцлаа.
-"Согоо" энтертаймент өөрийн цахим хуудсаараа дамжуулан маш эртний түүхэн дурсгалт гэрэл зургуудыг тайлбартайгаар олон нийтэд хүргэдэг байгаа. Таны хувьд яагаад түүхэн гэрэл зургуудыг цуглуулж, судлах болсон вэ?
-Миний өвөө япон Цэнд гээд алдартай гэрэл зурагчин байдаг. Ерөнхийдөө 70, 80-аад оны сэхээтнүүдийн дунд нэлээд нэр хүндтэй байсан хүн.  Миний өвөө гэрэл зурагчнаас гадна одон орон судлаач, зураач, хэл судлаач гээд олон талт сонирхолтой мундаг хүн байсан. Тиймдээ ч ээжийн минь гэрт маш олон гэрэл зургийн цуглуулгууд байдаг байсан учраас  бага наснаасаа л гэрэл зургийг харж, мэдэрч өссөн. Тийм учраас гэрэл зургийг их сонирхдог болсон. Би арван жилдээ түүхийн хичээлдээ их дуртай байсан бөгөөд энэ хоёр сонирхлоо нийлүүлж түүхэн гэрэл зураг сонирхож, цуглуулж эхэлсэн. Ингээд оюутан болоод ОХУ-д олон улсын санхүүч мэргэжлээр сурсан. Тэнд сурч байх хугацаандаа бүтэн нэг жилийн хугацаанд сургуулиасаа гадуур түүхэн гэрэл зургийн судалгаа хийж, олон зүйлийг мэдэж авсан. Мөн өөр орнуудаар аялж явах хугацаандаа байнга судалгаа хийж байсан. Ер нь хүн өөрийн дуртай, сонирхолтой зүйлийнхээ гүнд орчихоор татагдаад яваад байдаг юм билээ.
-Гадаадын улсуудаар аялж байхдаа түүхэн гэрэл зургуудын судалгаанууд хийдэг байсан гэлээ. Хийсэн судалгааны үр дүнд юуг ойлгож мэдэж авсан вэ?
-Миний хувьд Иран болон Санкт Петербургт судалгаа хийж байсан. Судалгаа хийгээд явж байхад маш их юм сурч, аливаа юмсыг өөрөөр харж эхэлсэн. Өмнө нь би зүгээр л түүхэнд дуртай, Чингис хааны түүхийн тухай бүдэг бадаг бүх хүний мэддэг байсан тоймтой мэдээллийг мэддэг байсан. Өнөөдөр манай үеийн залуус ялангуяа 25-30 насныхан түүхээ бага мэддэг. Бидний арван жилдээ үзсэн түүх ямар билээ. Харин судлаад үзэхэд бидний мэддэггүй хаагдсан түүхүүд маш их байдгийг мэдсэн. Жишээ нь, би ОХУ-д сурч байхад олон орны оюутан сурагчид өөрийн орны түүхийг маш гоёор тайлбарлаж, ярьж чаддаг. Бараг манай түүхийг бидэнд тайлбарлахад би үг хэлж чаддаггүй байсан. Зарим нь Чингис хааныг турк, казах хүн байсан мэтээр ярьдаг. Миний хувьд түүхээ судалсны үр дүнд бусад орны оюутан залууст түүхээ тайлбарлан тэдэнд зөв мэдээллийг өгсөн нь судалгааны үр дүн болсон.
-Түүхэн гэрэл зургийг сошиалаар дамжуулан олон түмэнд хүргэхэд хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?
-Миний хувьд өөрийн эргэн тойрны хүмүүсийг түүх сонирхдог гэдгийг мэдэхээс түүх сонирхдог хүмүүс бараг байдаггүй. Тийм учраас хүүхдүүд түүхийг сонирхдоггүй юм байна гэж бодож байсан. Гэтэл сошиалаар түүх өгүүлсэн зургийг тавихад санаанд оромгүй олон хүн хариу үйлдэл үзүүлсэн. Үүнээс харахад иргэд энэ төрлийн мэдээллээр маш их цангаж, дутагдаж байсан нь мэдэгдсэн. Ер нь иргэд маш сайхнаар хүлээж авч уншиж байгаа.
-Түүхийн гэрэл зургийг хэдэн настай байхаасаа цуглуулж эхэлсэн бэ?
-15 настай байхаасаа түүхэн гэрэл зургийг цуглуулж эхэлсэн. Тэр үеэс хойш ерөнхийдөө 10 гаруй жил цуглуулж судалгаа хийсэн байна. Энэ хугацаанд гэрэл зургийг цуглуулга маань маш их арвижсан. Оюутан байхаасаа өмнө өөрийн хэмжээнд гэрэл зургаа цуглуулдаг байсан ч мэдээлэл авах эх үүсвэр бага байсан учир хязгаарлагдмал байсан. Харин оюутан болсны дараа сошиал медиа хөгжиж, мөн өөртэйгөө ижил мэргэжлийн хүмүүстэй уулзаж, хамтран ажиллаж эхлэхэд цуглуулга маань 10 дахин ихэссэн.
undefined
-"Согоо" энтертаймент сошиал хуудаснуудаараа дамжуулан эртний гэрэл зургуудыг тайлбартайгаар оруулдаг. Тэдгээр түүхэн зургуудыг хэрхэн олдог вэ?
-Сошиал хуудсаа би өөрөө ихэвчлэн хөтөлж явуулдаг. Зурагнуудын тухайд өөрийн цуглуулга болон архиваас олдог. Гэрэл зургаас илүү тухайн зургийн тайлбарыг олно гэдэг хамгийн их ажил болдог. Зургийг олох нэг өөр, харин зургийг ажиглаж ямар үеийн зураг, ямар хүмүүс байна гэдгийг сайтар нягтлан харж, үнэн бодитой баримтуудыг иргэдэд хүргэхийг аль болох зорьдог.
Манайх руу өөрийн удмын хүний зургийн олуулах хүсэлтэй хүмүүс их ханддаг. Бид аль болох боломжоороо олж өгөхийг хичээдэг.
-Цуглуулгын тань хамгийн эртний гэрэл зураг хэдэн оны, ямар зураг байдаг вэ?
-1800 оны сүүл үе болон анхны долоо ОХУ-д үед айлчилж байх үе тэдний залуу үеийн зургууд байдаг.
-“Олноо өргөгдсөн Монгол Улсын язгууртан, мяндагтнууд” гэх маш ховор гоёмсог зурагтай түүндээ тохирсон тансаг тайлбартай түүхэн зургийн альбум гаргасан. Энэхүү ном гаргах шалтгаан нь юу вэ?
-Номын эх бэлтгэл дээр ажилласан  Равдангийн Баяр, Бямбадорж гээд түүх сонирхдог залуус нэгдэн, залуу үедээ түүхийн таньж мэдүүлэх, сурталчлах зорилготойгоор энэхүү номоо бүтээсэн. Түүхээ мэдэхгүй хүн өөр орны соёлтой танилцахаараа шууд тухайн соёлыг өөртөө тусгаж авдаг. Харин бахархах түүхээ мэддэг хүмүүс бусдад өөрийгөө болон түүхээ өөр өнцгөөр харуулж чаддаг.
Гэрэл зургийн альбум нь ихэвчлэн товч тайлбартай байдаг бол энэхүү альбум нь англи, монгол бичиг, монгол хэл гэсэн гурван хэл дээр бүрэн эх тайлбартай оруулж өгсөн нь онцлогтой. Альбумд олноо өргөгдсөн Монгол Улс байгуулагдаж эхэлсэн цагаас хойш түүхэн цаг үеийг харуулсан зургууд оруулсан байгаа. Эртний гэрэл зургууд учир чанарыг сайжруулах тал дээр маш их ажиллаж цэг нэг бүрээр нь янзлан хүмүүс үзэхэд таатай болгохыг хичээсэн.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Төлөвлөж байсан хамгийн эхний ажил болох альбумаа гаргалаа. Цаашдаа бид түүхэн гэрэл зургаараа таван контент хийхээр төлөвлөж байна. Мөн дахин өөр ном хийх талаар ярилцаж байгаа.
 -Өөрийн түүхийг гадны улс оронд сурталчлахын тулд бид юу хийх ёстой вэ?
-Миний бодлоор хүн хамгийн эхлээд өөрийн түүх соёл үндэсний бахархалтайгаа танилцах ёстой. Хүүхдэд багаас нь түүхийг уншиж өгч хичээлийн программд сайн тусгаж өгөх шаардлагатай. Түүхээ мэдсэн хүн хаа ч очсон өөрийн түүх соёлоороо бахархаж чаддаг. Бидний түүх зөвхөн 1.564.000 км газар нутаг дээр амьдарч байгаа монголчуудынх биш дэлхийд тархан суурьшсан бүх монголчуудынхаа түүхийг судлаж мэдээллээ бусдад хуваалцахыг хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа. 
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн