Нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр өнгөрсөн долоо хоногт танилцуулахдаа “Шатахууны үнийн өсөлт, инфляцын түвшин, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал, сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор “Машин цагийн зардлын тариф”-т өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Түүнчлэн, хоёр удаа зардлын тариф шинэчлэгдэхэд цалингийн зардал нэмэгдээгүй. Иймд нийтийн тээврийн салбар жолооч, засварчны хүний нөөцийн дутагдалд орж байна. Үндсэндээ энэ салбарт ажиллах жолооч байхгүй байна. Ийм шалтгааны улмаас тээврийн хэрэгслийн гаралт тасалдаж болзошгүй” гэсэн юм.
Яг дээрх бодит нөхцөлөөс үүдэн жолоочид ажлаас гарч байгаа юу, тэдэнд ажиллахад нь ямар хүндрэл үүсэж байна вэ гэдэг асуултад хариулт эрэн нийтийн тээврийн жолоочдоос байр суурь, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.
МУБИС чиглэлийн автобусны жолооч О.Мөнхсүлд: Иргэд жолооч бидэн рүү өдөр болгон биш цаг тутамд бухимдлаа гаргадаг. “Аятайхан яв”, “Удаан явлаа” гэдэг. Энэ бүрт нь зорчигчтой муудахгүйг хичээнэ, тэвчинэ. Иргэдийн дээрэнгүй хандлагаас болж л ажлаа орхимоор санагддаг. Хэд хэдэн удаа ажлаа больдог юм билүү гэж бодож байсан.
Сэлх чиглэлийн автобусны жолооч Н.Даваахүү: Хүн эрхээ эдэлж байгаа бол үүргээ биелүүлэх л ёстой. Бид иргэдийг зүгээр л картаараа үйлчлүүлээд хүрэх газартаа хүрэг гэж боддог. Тэднээс өөр юм хүсдэггүй. Төрөөс тараасан төлбөр авдаггүй картыг хамаа замбараагүй ашиглаж байна. 20 настай охид, хөвгүүд “Ахмад настан”, “Хөнгөлөлттэй зорчигч”-ийн карт уншуулдаг. 30 настай залуус “Хүүхэд”-ийн карт уншуулдаг. Энэ мэт иргэдийн үйлдэлд бухимдаж байна.
Шаардлага тавихаар хамгийн муухай үгээр хараана. “Улсын унаагаар дуугүй яв”, “Ажилгүй болгоно” гэж загнадаг. Зарим нь гар утсаа гаргаж ирээд дураараа хүний зүс царайг оруулан бичлэг хийнэ. Хэн дуртай нь жолоочийг зодож, салаавч гаргаж байна. Миний хувьд хоёр удаа зорчигчдоо зодуулж, нүдний шилээ хугалуулж байсан. Тэр үед машинаа барьж чадахгүй болж, нүд, ам хавдсан. Хэрэг нь шүүх дээр явсаар байгаа.
Хувь хүмүүс ухамсартай байхгүй бол нийтийн тээвэр хөгжихгүй. Цахим системд орж байгаа мөнгө бүр миний дансанд орохгүй ч нийтийн тээврийн хөгжилд орж байгаа. Би ажлын орчноо сайжруулж, асуудалгүй шинэ тэрэг унамаар л байна шүү дээ. Иргэдийн үйлчлүүлж байгаа хандлага муу байхад бид салбараа хөгжүүлж чадахгүй байна. Яг ийм шалтгаанаас болж бид ажлаа орхиж байна. Дарамтад ажиллахыг хэн хүсэх вэ.
Зайсан чиглэлийн автобусны жолооч Д.Алтанхуяг: Зарим иргэн агсам тавина, зарим нь уур уцаараа гаргана. Сүүлдээ ингэж л байдаг юм гээд тоохоо больсон. Хүн юм хойно ажлаасаа ийм их стресс мэдрээд байвал шантарна шүү дээ. Гэхдээ би таг дуугүй жолоогоо барьдаг. Загнуулж л байдаг юм.
Зүүн салаа чиглэлийн автобусны жолооч Бат-Эрдэнэ: Иргэд картаа дардаггүй. Үүнээс нь болж бухимдал төрнө. Хөлчүүрхсэн нөхдүүд агсам тавина. Зорчигчдыг тухгүй байдалд оруулна. Бид цагтай уралдаж, цагтаа ажлаа амжуулах гэж яардаг. Өдөр 04 цагаас оройн шөнийн 12 хүртэл явдаг юм. Эртхэн эхлээд нормоо дуусгаад эрт харихыг хичээнэ. Ажлаасаа маш их стресс мэдэрч байна.
МУБИС чиглэлийн автобусны жолооч Батжаргал: Иргэд “Удаан явлаа”, “Хурдан явлаа” гэж байнга загнах юм. Нэг хүн загнаад эхэлбэл нөгөөдүүл нь нэмж үг хэлдэг. Ер нь их тээртэй, бухимдмаар ажил. Хүнийг маш их стресстүүлдэг. Үргэлж муухай үг сонсох ямар олиг байх вэ. Ажлаасаа халгах нь ойлгомжтой шүү дээ.