Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Шаркууд бизнесүүдтэй хөрөнгө оруулалтын гэрээгээ хийж эхэлжээ

Шаркууд бизнесүүдтэй хөрөнгө оруулалтын гэрээгээ хийж эхэлжээ
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 12
“Монгол HD” телевизээс зохион байгуулсан “Шарк Танк” бизнесийн реалити шоу нэвтрүүлгийн эхний улирал өнгөрсөн сард явагдаж дууссан. Уг шоуны хөрөнгө оруулагчаар  “Өгөөж чихэр боов' компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, 'МАК' компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, 'Гацуурт' компанийн ерөнхий захирал Л.Чинбат, 'Хас' банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, 'Монгол базаалт' компанийн ерөнхий захирал Л.Ариунболд нар оролцсон билээ. Тэд шоу нэвтрүүлгийн үеэр “Уяач” аппликэйшн, “Оньс-Room” интертаймент төв, “Эртний хүнс” дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, “Амар асар” майхан, гарааш үйлдвэрлэл, “Никел Ганбаа” унадаг дугуйны үйлдвэрлэл, “Арви” үндсэн үнийн дэлгүүр зэрэг бизнес төслүүдэд нийт 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. Харин шаркуудын хөрөнгө оруулалт бодиттой хэрэгжиж эхэлсэн эсэх талаар сурвалжиллаа.
100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан “Арви” үндсэн үнийн дэлгүүр
Үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэг цэгт төвлөрүүлж, хэрэглэгчийн гарт үнийн нэмэгдэлгүй хүргэх үйлчилгээ “Арви” үндсэн үнийн дэлгүүр үзүүлдэг. Тус дэлгүүрийг үүсгэн байгуулагч Б.Ойдов “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцож, компанийнхаа таван хувийн хувьцааг шаркуудад санал болгож, 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүссэн. Харин түүнд Шарк С.Түмэнгэрэл, Л.Чинбат нар “Арви” үндсэн үнийн дэлгүүрийн 40 хувийг эзэмшиж, 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ хамтын ажиллагаа хэр үр дүнтэй явагдаж буй талаар тус дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Ойдовоос тодруулахад “С.Түмэнгэрэл, Л.Чинбат шаркуудтай хамтарч ажиллах гэрээний нөхцөлүүдээ тохирч байгаа” гэсэн товчхон хариултыг өгсөн юм.
100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татсан “Амар асар”
Хормын төдий бэлэн болдог “Амар асар” зөөврийн эвхдэг майхан, гарааш үйлдвэрлэлийн санаачлагч Б.Бадраа шаркуудад компанийнхаа 20 хувийн хувьцааг санал болгож, 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүссэн. Гэвч түүнд таван Шарк компанийнх нь 50 хувийг эзэмшиж, 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх саналыг тавихад тэдний саналыг Б.Бадраа талархан хүлээж авсан. Иймээс “Амар асар” майхан, гарааш үйлдвэрлэлийг шаркууд хэрхэн дэмжиж, ажиллаж байгаа талаар ноён Б.Бадраагаас лавлахад “Амар асар компанийн хувьцааг эзэмших шаркуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Удахгүй хувьцаа эзэмшигчдийн хурал болно” хэмээн хариуллаа.
 Никел Ганбаа Үйлдвэрийн шинэ барилгаа ирэх сарын эхээр ашиглалтад оруулна
Үйлдвэрийнхээ анхны унадаг дугуйг найзынхаа гараашд бүтээж байсан “Никел Ганбаа” унадаг дугуйн үйлдвэрийн үүсгэн байгуулагч Г.Дашням шаркуудаас 253 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүсч, компанийнхаа 16 хувийн хувьцааг шаркуудад санал болгосон. Гэвч шаркууд “Никел Ганбаа” компанийн 49 хувийг эзэмшиж, 253 сая төгрөгийн хөрөнгө оруулах саналыг тавьсан. Г.Дашням шаркуудын саналыг хүлээн зөвшөөрсөн билээ. Ингээд “Никел Ганбаа” унадаг дугуйн үйлдвэр шаркуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар тус үйлдвэрийн үүсгэн байгуулагч Г.Дашнямтай холбогдоход “хөрөнгө оруулалт аль хэдийнэ хийгдэж, өөрийн гэсэн дугуйн үйлдвэрийнхээ барилгыг барьсан. Үйлдвэрийн шинэ барилгаа ирэх сарын эхээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн ярьсан. Тус үйлдвэр түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг учраас өөрийн үйлдвэртэй болж, бизнесээ илүү хөгжүүлэхийн тулд шаркуудад хандсан байсан юм.
90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан “Оньс-Room”
Адал явдалт киноны гол дүрд тоглож болох газруудын нэг Оньс-Room” интертаймент төвийн үүсгэн байгуулагч Э.Гэрэл Б.Солонго нар 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүсч, компанийнхаа 15 хувийн хувьцааг шаркуудад өгөх санал тавьсан. Хариуд нь Н.Цэлмүүн Шарк “Оньс-Room” компанийн 30 хувийн хувьцааг эзэмшиж, 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх санал, С.Түмэнгэрэл Шарк 300-350 метр кв талбайг түрээслүүлэн, компанийн 15 хувийн хувьцааг эзэмших  санал тавьсан. Э.Гэрэл, Б.Солонго нар ярилцсаны үндсэн дээр Н.Цэлмүүн Шаркийн саналыг хүлээж авсан билээ. Тэдний бизнес хэрхэн өргөжиж байгааг тус компанийн үүсгэн байгуулагчийн нэг Б.Солонгоос лавлахад “Н.Цэлмүүн Шарктай хөрөнгө оруулалтын гэрээгээ хийсэн. Төвийнхөө үйл ажиллагаа явуулах талбайг томруулж, тоглоомын өрөөг нэмэгдүүлсэн байгаа. Удахгүй нээлтээ хийх гэж байна” хэмээн ярив.
150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан “Эртний хүнс”
Адуу, хонины хэл, хонины толгой, үхрийн царцаамаг, үений шар тос, гүзээний салат гэх мэт дайвар махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Эртний хүнс” компанийн үүсгэн байгуулагч Ч.Тарваа, Ч.Цагаантуяа нар зах зээлийн эрэлтээ хангахын тулд шаркуудаас 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүсч, компанийнхаа 20 хувийн хувьцааг шаркуудад санал болгосон. Тэдний саналын хариуд Л.Чинбат шарк үйлдвэрийн газраа өөрсдийн нэр дээр шилжүүлсэн тохиолдолд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулж, компанийн 20 хувийн хувьцааг эзэмших санал тавьсан. Ч.Тарваа, Ч.Цагаантуяа нар ч Л.Чинбат Шаркийн саналыг дуртайяа хүлээн авч, хамтарч ажиллахаар болсон. Тэдний дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны хамтын ажиллагаа хэрхэн үргэлжилж байгааг “Эртний хүнс” компанийн захирал Ч.Цагаантуяагаас лавлахад “хамтын ажиллагааны гэрээ одоохондоо хийгээгүй байна. Яриа хэлэлцээр хийх шатанд явж байна”. Ямар зорилгоор асууж байгаа юм. Яах гэж байгаа юм” гэснээс өөр зүйл хэлэхээс эрс татгалзсан юм.
30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадсан “Уяач” аппликейшн
Морины бүртгэл хөтлөх, удам угсааг харах гэх мэт мэдээллийг нэг дороос харах боломжийг бүрдүүлсэн “Уяач” аппликейшн санаачлагчийн нэг Б.Артур компанийнхаа зургаан хувийн хувьцааг шаркуудад санал болгож, 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүссэн. Үүний хариуд Л.Чинбат, Г.Амартүвшин нар 30 сая төгрөгийн хөрөнгө оруулж, компанийн 15 хувийн хувьцаа эзэмших санал тавьсан юм. Б.Артур Л.Чинбат, Г.Амартүвшин нарын саналыг хүлээн авч, компанийнхаа 15 хувийн хувьцааг хоёр шаркад эзэмшүүлж, 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон. Тэдний бизнес хэрхэн үргэлжилж байгаа талаар тус компанийн үүсгэн байгуулагчийн нэг Б.Артуртай холбогдоход “Бид Монгол HD телевизтэй гэрээтэй учраас мэдээлэл өгөхөөс татгалзаж байна” гэлээ.
Дээрх мэдээллийг бэлтгэж байхад “Шарк Танк” бизнесийн шоу нэвтрүүлэгт оролцож, шаркуудаас хөрөнгө оруулалт татаж чадсан компаниуд эхнээсээ гэрээ хэлэлцээр хийж, хамтарч ажиллах хөдөлгөөнд орж эхэлжээ. Харин нэвтрүүлэг зохион байгуулагчид хийсэн гэрээний хүрээнд зарим бизнес эрхлэгчид мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн