Энэ жил Монгол Улсын хэмжээнд нийт 45 мянган сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, мэргэжлээ сонгон их сургуульд элсэн орох билээ. Үүнтэй холбогдуулан мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ сэдвээр “Карьер хөгжлийн төв”-ийн захирал Д.Мөнхнарантай ярилцлаа. Тус байгууллага нь 80 гаруй оронд салбартай “Central test” сэтгэл зүйн онлайн сорил хөгжүүлэгч компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд хоёр мянга гаруй үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө өгсөн туршлагатай юм.
-Үе, үеийн хүүхдүүдийн онцлог гэж байдаг. Одоо мэргэжлээ сонгох гэж байгаа үеийнхэн буюу 2000-аад оныхон ямар онцлогтой байна вэ. Энэ онцлогт тохируулж ээж, аав нь хэрхэн харилцаж, мэргэжлийн зөвлөгөө өгөх вэ?
-Мэргэжил сонголтоо одоо хийж байгаа ахлах ангийн хүүхдүүдийн ээж аав нь ерөнхийдөө 70, 80-аад оны хүмүүс. Тэгэхээр ээж, аавуудын хувьд зүүн тархи нь давуу хөгжсөн буюу баталгаатай, нотолгоотой зүйлд ач холбогдол өгдөг тал нь илүү дийлэнхи байна. Харин хүүхдүүдийн дийлэнхийн онцлог нь бол бүтээлч сэтгэлгээ, нийтэч байдал, бусадтай харилцах чадвар өндөртэй, гоо зүйн мэдрэмж өндөртэй байна. Гэтэл хүүхэд нь гоо зүйн мэдрэмж өндөртэй байхад аав ээж нь урлаг, дизайн, харилцааны чиглэлээр яваад дэмий гэсэн зөвлөгөөг өгөх хандлага их ажиглагддаг. Мэдээж хүүхэд бүрийн онцлог, зан араншин, ур чадвар харилцан адилгүй. Хүүхэд бүр өөрийгөө сайтар таньж мэдэж, өөрт тохирох мэргэжлээ сонгох нь чухал юм.
-Зургаан насандаа сургуульд элсэн суралцаад 18 настайдаа сургуулиа төгсөж байна. 18 нас хүрсэн ч өөрийнхөө ямар мэргэжилтэй болохыг сонгож чадаагүй хүүхэд олон байдаг. Ер нь хүүхэд хэдэн насандаа мэргэжлийн баримжаатай болдог вэ?
-Хүний карьер төрсөн цагаас эхэлдэг гэхэд хилсдэхгүй. Аав, ээж нь гэдсэнд олдсон цагаас нь эхэлж хүүхэдтэй харилцаж, зан төлөвийг бүрдүүлдэг. Гэрийн хүмүүжил ямар вэ?, цэцэрлэгт авсан боловсрол, аав ээж хүүхдийн харилцаа зэрэг олон хүчин зүйлээс хүүхдийн хүмүүжил, хөгжил хамаардаг. Ажил мэргэжил руу зөв чиглүүлэх насыг олон улсын хэмжээнд ойролцоогоор 14 наснаас эхэлнэ гэж үзэж байна. Япон, Солонгос, АНУ, Франц, Англи гэх мэт хөгжингүй орнуудад 14 наснаас өөрийнх нь сонирхож буй ажил мэргэжлийн чиглэлд хичээлийг нь сонгуулах байдлаар чиглэлийг нь гаргадаг. Жишээлбэл, Японд наймдугаар ангиасаа арванхоёрдугаар анги хүртлээ таван удаагийн сэтгэл зүйн сорилд хүүхдийг хамруулдаг. Тухайн таван сорилоос хоёрт нь хүүхдийг аав, ээж нь дагуулж очиж заавал оролцуулах ёстой байдаг. Гурван сорилыг нь өмнөх сорилыг баталгаажуулах үүднээс нэмэлт мөнгө төлж хамруулдаг. Энэ таван сорилын дараа тухайн хүүхдийг ямар мэргэжилтэй болох вэ гэдгийг илүү нарийвчлан тодорхойлдог. Монголд сэтгэлзүйчид олон төрлийн сорилыг ашиглаж байна. Харин манай Карьер хөгжлийн төв ажил мэргэжил бүр тухайн хүнд хэдэн хувь нийцтэй байна гэдгийг Олон улсын баталгаатай сорил, тестээр тодорхойлдог. Мэргэжлийн зөв сонголт хийхэд ажил мэргэжлийн талаар өргөн мэдлэг хэрэгтэй. Нийт дэлхий дахинд 7 мянган гаруй мэргэжил байдаг бол энгийн насанд хүрсэн хүн үүнээс 60 орчмыг л нэрлэж чаддаг. Жишээлбэл, сорилд хамрагдаад археологич болоход хамгийн тохиромжтой зан чанар, ур чадвартай юм байна гэсэн дүгнэлт гарч байхад тухайн хүүхэд өөрөө археологич гэж ямар мэргэжил байдаг вэ гэдгийг мэддэггүй. Тийм болохоор тухайн хүүхдэд энэ нь ямар мэргэжил вэ, юу хийдэг вэ гэдгийг танилцуулж ойлгуулах нь чухал байна.
-Бидний хувьд 14 наснаас нь албан журмаар сорил тестэд хамруулж мэргэжил сонгуулах туршлага төдий л байхгүй. Өнөөгийн нөхцөлд сурагчид мэргэжил сонголтоо хэр зөв хийж чадаж байгаа вэ. Энэ талаар хийгдсэн судалгаа байдаг уу. Мэргэжил буруу сонгоход ямар шалтгаан нөлөөлж байна вэ?
-Бид 12 дугаар ангиа төгсөөд сургуульд орох гэж байгаа хүүхдүүдээс судалгаа хийж үзсэн. Тухайн хүүхдүүдийн 80 хувь нь мэргэжлээ өөрийн хүсэл сонирхлоор сонгож байна гэсэн хариулт өгсөн. Харин оюутнуудаас суралцаж байгаа мэргэжлээрээ хэр сэтгэл ханамжтай байгаа талаар асуухад 60 хувь нь одоо суралцаж байгаа мэргэжилдээ сэтгэл хангалуун байгаа дүн гарсан. Гэтэл сургуулиа төгссөн төгсөгч нараас судалгаа авахад 40 хувь нь л өөрийн суралцсан ажил мэргэжилдээ сэтгэл ханамжтай байгаа гэдэг хариултыг өгсөн. Тэгэхээр ахлах ангийн хүүхдүүдийн шийдвэр гаргалт тийм ч ул сууртай байж чадахгүй байна гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Энэ талаар судалсан олон тоо баримт байдаг. Яагаад одоо суралцаж байгаа 240 гаруй мянган оюутны 40 хувь, жил бүр төгсөж байгаа 40 мянган оюутны 60 хувь нь суралцаад төгссөн мэргэжилдээ сэтгэл хангалуун биш байна гэдэгт анхаарах хэрэгтэй. Энэ хүүхдүүд төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй бол юу ч хамаагүй хийе гэсэн бодолтой эсвэл өөрийгөө цаашид хайсаар л байдаг. Мэргэжлээ буруу сонгоод байгаагийн гол шалтгаанууд нь өөрт нь тохиромжгүй мөртлөө өндөр цалин хөлс авдаг мэргэжлийг сонгох, эсвэл нийгмийн хандлагыг дагаж өөрийн сонирхож судлаагүй мэргэжлийг таамгаар сонгох, 12-р ангиа төгсөөд шууд сургуульд орох ёстой гэсэн бодлоор мэргэжил сонголтоос илүү аль сургуульд орохоо түрүүлж шийдэх, эцэг эхийн ятгалга, шахалтанд орох, эсвэл өөрөө сонголт хийлгүй бусдын шийдвэрийг дагах шалтгаанууд орж байна. Мэргэжил сонголтоо сургууль сонголт гэж андуурч, төгсөөд шууд л сургуульд орох ёстой гэсэн бодолтойгоор шийдвэр гаргадаг. Гэтэл өөрийн хүсч байгаа чиглэлээр сургуульдаа орж чадахгүй учраас олдсонд нь орчихдог. Үүний улмаас мэргэжил өөр чиглэлд явж, буруу сонголт хийгддэг. Бидний зүгээс хүүхдүүдэд мэргэжил бол сургуулиа төгсөхдөө буюу 12-р ангид байхдаа сонгодог зүйл биш, өөрийгөө сайтар таньж мэдэж, системтэй судалгаа хийж, аль болох эрт сонголтоо хийх хэрэгтэй шүү гэж зөвлөдөг.
-Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ. Өөрийн юунд сонирхолтой вэ гэдгийг хэрхэн танин мэдэх вэ?
-Мэргэжлээ сонгохоосоо өмнө дараах 10 зүйлийг амжуулаарай гэж бид зөвлөдөг. Үүнд,
Нэгд, Ажил мэргэжлүүдийн талаар өргөн мэдлэгтэй болох
Хоёрт, Өөрийгөө таних (сэтгэл зүйн сорил өгөх)
Гуравт, Гадаад хэл дээр сонирхож судлах
Дөрөвт, Аав ээж, багтайгаа зөвлөх
Тавт, Мэргэжлийн дагуу зорилгоо төсөөл, мөрөөд
Зургаад, Хөдөлмөрийн зах зээлийг тандах
Долоод, Бодит мэргэжилтэнтэй уулзах, зөвлөгөө авах (Эрсдэл, давуу тал, сул тал)
Наймд, Ажил хийж үзэх /Volunteer/
Есд, Карьер мэргэжилтний зөвлөгөө авах
Аравт, Өөрийн сонгосон мэргэжлээр хамгийн шилдэг мэргэжилтэн болгох сургуулиа судлах багтаж байна.
Эдгээр зүйлсээс өөрийгөө таних бол хамгийн чухал нь юм. Мөн аав ээжийн зөвлөгөөг орхиж болохгүй. Аав ээж сонголтоо хүүхдэд шууд тулгадаг нь буруу. Гэхдээ хүүхдүүдийг хамгийн сайн мэддэг хүмүүс бол аав ээж учраас зөвлөгөөг нь заавал авах хэрэгтэй. Мөн сүүлийн үед хүүхдүүдээс ямар мэргэжилтэй болохыг хүсч байна вэ гэхэд сэтгэл зүйч гэж их хариулдаг болсон. Хүүхдүүдийн дунд сэтгэл зүйч болох эрэлт, хүсэл сонирхол их байгаа нь ажиглагдаж байна. Тэгэхээр сэтгэл зүйч гэдэг мэргэжил юу хийдэг вэ гэдэг ажлын үйл явцтай танилцаж, ажиллаж байгаа хүнээс мэдээлэл авбал тухайн хүүхэд бодит сонголт хийхэд тустай.
-Мэргэжлээ сонгох гээд, тухайн мэргэжилтэй танилцах гэсэн ч арга эвээ олохгүй байгаа олон сурагч байгаа байх. Тухайн хүүхэд сонирхож буй чиглэлээрээ мэдээлэлтэй болох, танилцах боломж хэр вэ?
- Бид өөрийгөө таньж мэдэх хүсэлтэй хүн бүрийг дэмжих зорилготой ажилладаг учраас манай байгууллагын зүгээс хамтран ажилладаг байгууллагуудтай холбож өгдөг. Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн 14 салбар хүрээлэн байдаг. Эдгээртэй очиж танилцан, сонирхсон чиглэлээрээ мэдээлэл авах бүрэн боломжтой байдаг.
-Таны хувьд мэргэжил сонголтоо зөв хийх талаар мэргэжлийн зөвлөгөө хүүхдүүдэд өгдөг. Үүнтэй холбогдож ажиглагддаг түгээмэл дутагдал юу вэ?
-Аав ээжүүд нь хүүхдээ төгсөх анги хүртэл нь мэргэжил сонгох хараахан болоогүй гэж хардаг түгээмэл дутагдал бий. Аливаа асуудлыг цагийг нь тулгаж шийддэг нь бидний зан юм шиг байгаа юм. Харин хүүхдээ дунд ангиас нь хүүхдээ дуртай чиглэлээр нь илүү хөгжүүлж, ажил мэргэжлийн сонирхлыг тодорхойлох тестэд хамруулах, хүүхэдтэйгээ ярилцах зэрэг арга хэмжээ авч, эртнээс хэрэгжүүлэх хэрэгтэй. Өсвөр насны хүүхэд өөрийгөө бүрэн тодорхойлох болоогүй байдаг. Үүнд эцэг эхчүүд болон, багш, карьер зөвлөхийн зөвлөгөө тусламж зайлшгүй шаардлагатай байна.
-Өөрийнх нь зан чанар тухайн мэргэжилд тохирохгүй байсан ч тодорхой шалтгаанаар мэргэжил сонгодог нь хэр зөв вэ. Жишээлбэл цалин өндөр байх нь тэр мэргэжилд дурлах нэг шалтгаан болж байгаа биш үү?
-Ийм сонголтыг бид буруу л гэж зөвлөнө. Учир нь хүн цалин хүнд урт хугацаанд сэтгэл ханамж өгдөггүй. Хүн дуртай, өөрт сонирхолтой байгаа зүйлээ хийх нь амжилтын суурь болдог.
Мэргэжлээ сонгох гэж байгаа бол эхний удаад таван асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Нэгд, зан чанар чинь тухайн мэргэжилд тохирч байна уу, Хоёрт, хамгийн сайн хийж чаддаг зүйл чинь мөн үү, гуравт сонирхол буюу хобби давхцаж байна уу, дөрөвт, тэр чиглэлээрээ чамд дэлхий ертөнцөд илүү сайныг хийж бүтээх хүсэл мөрөөдөл байгаа юу. Хамгийн сүүлд энэ чиглэлээрээ чи мөнгө олж чаддаг байх ёстой. Мэдээж үргэлж үнэгүй зүйл хийнэ гэж байхгүй. Энэ таван асуултыг харгалзаж үзээд мэргэжлээ сонгох юм бол бодитой, зөв сонголтод дөхнө гэж зөвлөмөөр байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.