Монгол Улсад спортын уламжлалт анагаах ухаанаар дагнасан ганцхан эмч бий. Тэрээр өнөөдөр Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төв /САУЭШТ/-д спорт уламжлалтын их эмчээр ажиллаж байна. Түүнийг Э.Жамбалнямбуу гэдэг. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Хамгийн анх хүний судас барьж, “уламжлалтын хүн” болсон түүхээс ярилцлагаа эхэлье?
-Анх Шинэ анагаах дээд сургуульд оюутан болж ирээд багшаараа хүний судас барихыг заалгаж байлаа. Манай аавын төрсөн эгч нь Завхан аймагт уламжлалтын эмчээр ажилладаг. “Зүүний” Сараа гэдгээрээ алдаршиж, уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээг гаргуун эзэмшсэн хүн байдаг. Эгчийнд өссөн учраас хажуугаас нь харж, эрдмээс нь ихийг заалгаж өссөн. Намайг гарын эв дүйтэй юм чинь уламжлалтын эмч болгоно гэж ярьдаг байсан л даа. Гэхдээ дан ганц эгчийг хэлсэнд ч бус өөрийнхөө хүсэл сонирхлоор тэмүүлж энэ мэргэжлээ сонгосон гэж боддог.
Манай эгч бас багш хоёр “Чи дор хаяж 6000 мянган хүний судас барьж байж тэр хүний биеийн өөрчлөлтийг мэдэрнэ. Хий, бадган, шарын аль чанарыг агуулж байна вэ гэдгийг ялгаж сурна” гэдэг. Харин би үүний талыг нь л барьж байгаа.
-Уламжлалтын эмч өдөрт олон хүн барьдаг. Бусдаас хуян, хуйг нь авдаг байх гэсэн ойлголт олон дунд байдаг шүү дээ?
-Хүмүүс тэгж яриад байдаг. Гэхдээ тийм юм байдаггүй байх аа. Харин ч хүн барихгүй удвал бие чилнэ. Чилээд ирвэл хоёр, гурван хүн барьж хөлсөө гаргаж байж санаа амардаг. Сурчихдаг шиг байгаа юм. Гар огт чилдэггүй. Ер нь бол хүн барихаар тайвширч бясалгал хийсэн мэт л болдог /инээв/.
-Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийнхөн дандаа шигшээ багийн тамирчидтай тулж ажилладаг. Тэдний эрүүл мэнд, бие бялдрыг хариуцдаг маш хариуцлагатай ажил гэж харагддаг. Таны хувьд Монгол Улсад спортын уламжлалт анагаах ухаанаас мэргэшиж буй ганцхан хүн юм билээ. Энгийн уламжлалт эмчилгээ спортын уламжлалт эмчилгээ хоёр ямар ялгаатай вэ?
-Монгол Улсад спортын анагаах ухаанд уламжлалтаар дагнасан эмч байдаггүй учраас бүгдийг би харж, судалж, суралцах хэрэгтэй болсон. Анх спортын Төв ордонд ороод долоо хонож байтал бокс, жүдо гээд бүх шигшээ багийнхантай “Найрамдал” дээр гурван сар ажиллахаар болсон. Өмнө нь спортын эмчээр ажиллаж байгаагүй учраас тэр гурван сар надад маш их туршлага судлах боломж болж байлаа. Ажлаас Баатка эмчтэй гарсан учраас спорт эмчилгээнд анхаарах зүйл хийгээд бас бус их юм заалгасан. Хоёр дахь сараас эхлээд л тамирчид бэртэл гэмтэл авбал яадаг, яах ёстой зэргийг мэдэж авсан. Эндээс л ямар үед нь иллэг массаж хийх, булчин чангарч, зангирвал яах зэргийг ойлгож авсан байдаг. Сорил тэмцээн болохоор пулс, даралтыг нь хэрхэн хэмжих зэргийг тэр зун л мэдэж авсан.
Үүний дараа чөлөөт бөхийн шигшээ багтай олимпын бэлтгэлд нь ажилласан. Хөл, гар зөөлөн эд нь гэмтвэл тип наах, үеийн нь хамгаалах, эм витаминжилтыг нь тэмцээн болохоос өмнө хоног хугацааг нь тааруулж өгдөг. Мөн сорил тэмцээнээр тамирчдыг хэр ядралттай байна гэдгийг пулс, даралтаар нь хэмжиж үздэг. Мэдэхгүй чадахгүй зүйл их гардаг. Тэр үед хамт олноосоо, дарга нараасаа болон тамирчдаасаа асуудаг.
Харин ялгааны тухайд, спортын бариа бусад барианаас өөр байдаг. Маргааш нь тэмцээнтэй тамирчныг хамаагүй чанга нухаж болохгүй. Тэгвэл бие организмд нь өөрчлөлт ордог. Булрах, булчин цочрох эрсдэлтэй. Спортын тайвшруулах сэргээх массажийг маш зөөлөн, булчингийн ширхгийн дагуу хийх хэрэгтэй. Спортын уламжлалтын эмч Монголд байхгүй учраас би л анзаарч мэдэж, мэдрэмжтэй ажиглах хэрэгтэй. Тамирчнаасаа бариулсны дараа яг яаж байгааг нь сайн асууж мэдэх чухал байдаг. Тамирчдаа тэмцээнд орохынх нь өмнөх орой сэргээх бариа хийж өгдөг. Тэгж хийхээр тамирчид их дуртайгаас гадна нь сэтгэл нь сэргээд баярлачихна. Тамирчны амжилтад эергээр нөлөөлөх талаас нь голлон ажилладаг. Энэ салбар ерөнхийдөө судлагдаад л байгаа.
-Спортынхонтой дагнан харьцаж байгаа тул энгийн иргэдээс өөр байж мэднэ. Ялгаа байдаг уу?
-Өсвөрийн тамирчид болон шигшээгийн тамирчидтай голлон ажилладаг. Тэдэнтэй ажиллахад энерги нь маш гоё. Тэдэнд ер нь л өвчин зовлон байдаггүй. Бэлтгэлийн төлөө явдаг, маргаашийн бэлтгэлээ боддог. Бэртэл гэмтэл авлаа гэхэд эдгэнэ гэсэн бодол л тээнэ. Гадаад руу том тэмцээнүүдэд тамирчдаа дагаж явна. Манай тамирчид олон улс, тив дэлхийд улсынхаа нэрийг гаргаж оролцдог. Тамирчин маань амжилттай сайхан оролцоход миний оролцоо ч бас байсан гэж бодохоор сэтгэл өег байдаг.
Нэг түүх ярья. ОХУ-д Азийн хүүхдийн их наадамд жүдогийн тамирчин сүүлийн өдрөө барилдах гэж байгаад бие халаалт дээрээ түнхээ эвгүй болгочихсон юм. Тэр үед түнхний блокийг нь яаралтай гаргасан. Манай тамирчин “Миний хөл түнхнээсээ мултраад буцаад орчихлоо” гэж хэлээд л дэвжээ рүү гарч барилдсан. Дараа нь ахаа “Та зүв зүгээр болгочихлоо. Барилдахад ямар ч зовуурь байсангүй. Баярлалаа” гэж хэлсэн. Миний хийсэн барианы үр дүн шууд нүдэн дээр амжилт болон харагддаг.
-Тамирчид биеийнхээ аль хэсэгт түлхүү бэртэл авдаг вэ?
-Боксынхон сарвуу, мөр нь гэмтэх талтай. Бөхийнхөнд өвдөгний зөөлөн эд, холбоосны гэмтэл давамгайлдаг. Тулсан тэмцээнтэй үед тип боолтоор хамгаалж боогоод оруулдаг. Ерөнхийдөө хуучин бэртэл их сэдэрдэг. Барилдаж байгаад бэртэлтэй хэсгээ эвгүй мушгиулах, хөшүүлэх үед сэдэрнэ. Хамгийн гол нь бэртэл гэмтэл бие халаалтаа дутуу хийж бэлтгэлд орсноос үүддэг. Тиймээс сунгалт сайн хийх хэрэгтэй. Үе болон өвдөгний холбоосуудыг чангалах, ачаалал даах дасгал бэлтгэлдээ хийх шаардлагатай. Түүнд нь тохирсон дасгалууд байдаг. Тамирчид мөр, нуруугаа их халаадаг хэр нь өвдөг тохойг эргүүлсхийгээд л орхичихдог. Тиймээс өвдөг, шагай, тохой, мөрөндөө үе чангалах тусгай дасгал хийх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнөөр үеийг чангалбал тухайн хэсэг нь ачаалал даах чадвар сайтай болж бэртлээс сэргийлнэ.
Мөн бэлтгэлийн дараа сунгалтаа хийгээд араас нь булчингаа суллаж байх хэрэгтэй. Ачаалал аваад булчин их зангирчихсан байдаг. Булчингаа суллах нь биеийн булчингийн масс хөгжилд эерэг нөлөөтэй.
-Олон улсын тэмцээнд явахдаа эмч нараас туршлага судалдаг уу?
-Тийм ээ. Манайх болон Энэтхэг улс нэг эмчтэй байдаг бол бусад улс массажист, эмч, сувилагч нь тус тусдаа байдаг юм билээ. Олон улсын эмч нарын барьж байгааг харахад манайхаас зөрөх юм байхгүй гэж хэлж болно.
-Шигшээ багийнхан ийм том багтай учраас бэртвэл шууд л арга авчихна. Харин энгийн, сумын сургуулийн спортын тамирчин бэртэл авбал анхны тусламжаа хэрхэн авах вэ. Мөн анхны тусламж авч байна гээд юун дээр алддаг вэ. Та зөвлөгөө өгөхгүй юү?
-Зөөлөн эдийн гэмтэл авсан бол эхний ээлжид хүйтэн жин тавих хэрэгтэй. Өвдөлт намдааж, тухайн үеийн үрэвслийг дардаг. Ер нь бол хүнээр оролдуулж, татуулж янз бүр бололгүйгээр хүйтэн жин тавьж өвдөлтөө намдаасны дараа эмч дуудаж үзүүлэх хэрэгтэй.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Уламжлалт анагаах ухааныг спортын анагаах ухаантай гүн холбох зорилготой. Энэ салбарыг Монголдоо дэвшилттэй болгоно. Монголд спортын уламжлалт анагаах ухааны салбар судлагдаагүй учраас судалгаа хийж, уламжлалт талаас хэрхэхийг цаг үргэлж судалж байгаа.
Ярилцлагын төгсгөлд хамт олныхоо талаар яримаар санагдлаа. Манай хамт олон бие биенээ тусалж, дэмжиж, ойлгодог. Хүнтэй маш гоё харьцдаг хүмүүс бий. Хамт олноо дуурайгаад харилцааны соёл их сурч байгаа. САУЭШТ дотроо захиргаа, эрдэм шинжилгээ, анагаах гэсэн гурван албатай хэр нь нэг хүн шиг л биенээ мэдэрч ойлгож ажилладаг. Бидний харж буй, хүрэх гэж буй цэг тодорхой, бүгд түүнийхээ төлөө гэсэн сэтгэл зүрхтэй учраас нэг хүн шиг байдаг болов уу.