УИХ-ын гишүүн А.Ундраагийн гадаад томилолтын зардлыг МУИС гаргасан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар А.Ундраа гишүүнээс өөрөөс нь тодрууллаа.-Таны БНСУ руу явсан томилолтын зардлыг МУИС гаргасан гэсэн мэдээлэл гараад байгаа. Яагаад МУИС энэ зардлыг гаргасан юм бэ?-МУИС, Сөүлийн Үндэсний их сургуулийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэх ажлаар явсан. Байнгын хорооны даргын надад өгсөн үүргийн дагуу ажлаар явсан.-Зардлыг заавал сургуулиас гаргадаг нь ямар учиртай юм бол. Сургуулиуд сургалтын төлбөрөө жил бүр нэмдэг. Гэтэл гишүүдийн гадаад томилолтын зардлыг гаргах нь хэр зохистой вэ?-Хэрвээ их сургуулийг чадвахжуулах чиглэлээр томилолтоор яваагүй бол зардлыг гаргахгүй байх. Сургуулиудыг чадвахжуулах, судалгааны төсвийг нэмэх, шинжлэх ухаан технологийн төсвөө сайжруулах хэрэгцээ байгаа.-МУИС-иас зардлыг нь гаргаж байгааг та мэдэж байсан уу?-МУИС-иас зардал гарч байгаа гэдгийг онцгойлж мэдээгүй. Гэхдээ өөр сургуулиудыг бэхжүүлэх чиглэлээр, өөр гишүүд явдаг үгүйг би мэдэхгүй байна. Төрийн байгууллагууд гишүүдийн зардлыг дааж явуулах тохиолдол байдаг. Ер нь зардал хаанаас гарч байна вэ гэдэг маш чухал асуудал. Хувийн компанийн зардлаар гишүүд яваад тухайн компанийн ажлыг хийгээд явах нь хуулиар хориотой. Хэрвээ явбал төрийнхөө байр суурийг хувийн эрх ашигтаа ашиглаж байна гэсэн үг. Хувиасаа яагаад зардлаа гаргаагүй юм бэ гэж байна. Хувийн зорилгоор явбал хувиасаа зардлаа гаргаад явна уу гэхээс төрийн ажилд хувийн зардал гаргаж явах нь зохисгүй.