Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Төсөв: Ирэх онд 117 сургууль, 143 цэцэрлэг барина

Төсөв: Ирэх онд 117 сургууль, 143 цэцэрлэг барина
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 18
УИХ 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх жил  төсвийн хөрөнгө оруулалтаар 1.2 их наяд төгрөгөөр шилжих болон шинэ 877 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ. Төсөвт тусгаж буй нийгмийн бүтээн байгуулалт руу чиглэсэн онцлох хөрөнгө оруулалтыг танилцуулъя.
Ерөнхий боловсролын сургууль
Ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ, ачаалал Улаанбаатар хотод нэн тулгамдсан асуудал болсон. Нийслэлийн 2018-2019 оны хичээлийн жилд 28 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Иймд нийслэлийн сургуулийн барилга, барилгын өргөтгөлийг хөрөнгө оруулалтаас санхүүжүүлэх бодлогыг 2019 оны төсвийн жилд үргэлжлүүлнэ. Түүнчлэн хөдөө орон нутгийн сургуулиудын барилгын насжилт болон чанар ашиглалтын шаардлага хангахгүй болсныг харгалзан санхүүжүүлт хийх юм байна.
Хөрөнгө оруулалтын 2019 оны төсвийн төлөвлөлтөөр улсын хэмжээнд шилжих болон шинээр нийт 117 сургуулийн барилга, барилгын өргөтгөлийн ажилд зориулан 175.5 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөжээ. 
Сургуулийн өмнөх боловсрол
Урьдчилсан тооцооллоор энэ 2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 77.6 хувь нь цэцэрлэгт хамрагдсан, 39,000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа юм. “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2019 онд нийт 143 цэцэрлэгийн шилжих болон шинэ барилга, барилгын өргөтгөлийн ажилд зориулж 144.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсөн байна.
Анхан шатлалын эмнэлэг
Хоёрдогч болон гуравдагч шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилтын хүрээнд 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөлд шилжих болон шинэ нийт 62 анхан шатлалын эмнэлгийн барилга, барилгын өргөтгөлийн ажилд зориулан 67.7 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөжээ.
Гаалийн шинэчлэл
Монгол Улсын экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэх, гаалийн шинэчлэл хөтөлбөрийн хүрээнд авч  хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдэд зориулан 74.6 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөсөн байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн