Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Ц.Батцэнгэл: Вирусийн гаралтай ханиаданд антибиотик битгий хэрэглэ. Харин...

Ц.Батцэнгэл: Вирусийн гаралтай ханиаданд антибиотик битгий хэрэглэ. Харин...
Нийтэлсэн 2019 оны 2 сарын 4
 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги судлалын клиникийн их эмч Ц.Батцэнгэлээс ханиад томуунаас хэрхэн сэргийлэх, ханиад хүрч, хоолой өвдсөн үед ямар арга хэмжээ авах талаар  тодрууллаа.  
-Одоогийн байдлаар ямар вирусийн тархалт газар авч байна вэ. Тухайн вирус нь хүний биед ямар шинж тэмдгийг үзүүлдэг талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-Хүйтэн сэрүүний улирал буюу хүйтэн агаарын температуртай холбоотойгоор амьсгалын замын халдварладаг томуу, томуу төст өвчин түгээмэл тохиолдож байна. Хүмүүсийн хэлдгээр ханиад буюу амьсгалын замаар дамжих цочмог вирусийн халдвар нь агаар дуслын замаар дамжин халддаг. Халдварлах чадвар маш өндөр учраас богино хугацаанд олон хүнийг зэрэг хамруулан өвчлүүлдэг. Томуу өвчнийг үүсгэдэг А, В, С гэсэн гурван төрлийн вирус байдаг. Үүнээс А хүрээний H1N1, А хүрээний H1N3 гэсэн вирус одоогийн нөхцөлд нэлээд тархалттай байгаа. А хүрээний вирус нь хоргүй чанар ихтэй. Амьсгалын замаар нэвтрэн орж, цаашлаад цус руу нэвтэрч, өндөр халууруулдаг онцлогтой. Халуурахдаа 39-42 хүртэл өндөр халуурна. Мөн халдвар хордлогын хам шинж ихтэй. Ингэхдээ бүх биеэр янгинаж өвдөнө. Хамар битүүрнэ. Зогсоо зайгүй ханиалгана. Хамраас цус, ус гоожиж, цээжээр өвдөнө.  Үүнээс гадна амьсгалын замыг гэмтээн уушгины гүн рүү орж, уушгины хатгаагаар хүндэрдэг. Ханиад томууны үеэр хатгаа өвчин тусах, цаашлаад хатгаа өвчний хүндрэлээр нас барах тохиолдол байна.
-Хүмүүс ханиад хүрээд эмийн сангаас антибиотик авах нь байсан ч одоо эмчийн жороор олгодог болсон. Тэгэхээр антибиотик уухгүйгээр гэр аргаар ханиадаа дарах ямар арга байдаг вэ?
-Ер нь хүн болгонд ханиад тулгамдсан асуудал болж байгаа. Томуугийн эрсдэлт бүлэг гэж байдаг. Ханиад хүрээд эм уухгүйгээр эдгэрч болно. Тэр нь вирусийн халдварын онцлог болоод тухайн хүний дархлааны тогтолцоо, бие махбодын онцлогоос хамаарна. Зарим найтааж  байснаа нэг хоёр хоноод эдгэрчдэг бол зарим хүн уушгины хатгалгаагаар хүндрэх хүртэл шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр хүн болгоныг эмнэлэгт хүрэхэд хүндрэлтэй. Тэгэхээр эрсдэлт бүлгийнхэн анхааралтай байх хэрэгтэй. 0-2 насны хүүхэд, 65-дээш насны хүмүүс, амьсгал зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй, дархлаа суларсан, дархлаа дарангуйлагдсан байдалд байгаа, архаг хууч өвчтэй. Эрхтэн солиулсан байнгын дархлаа дарангуйлдаг эм уудаг  хүмүүсийн дархлааны тогтолцооны хамгаалалт нь суларсан байдаг учраас эдгээр хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй. Харин дархлааны тогтолцоо хэвийн тохиолдолд хамраас нус гоожиж, хэсэг хугацаанд халуурахад дархлаан нь дарангуйлна. Дархлааны тогтолцоо нь вирусийн халдварын эсрэг тэмцэж байдаг. Вирусийн халдварын үеэр 3-4 хоног халуурах хамраас ус, нус гоожих үед өвчин намдаах, үрэвслийн эсрэг витамин С өндөр тунгаар уух, чацаргана, аарц, сармистай шөл ууж байхад аяндаа эдгэрнэ.
-Ханиад хүрсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах ёстой юм бэ?
-Гурав ба түүнээс дээш хоногоор өндөр халуурах, амьсгаадах, цээжээр өвдөх, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа үед зайлшгүй өрхийн эмч болон мэргэжлийн эмчид хандана.
-Амьсгалын замаар дамжих халдварын тархалт их байгаа үед вирусийн халдвараас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?
-Ер нь агаар дуслын замаар дамжих халдварын халдварлах чадвар өндөр учраас вакцин хийлгэх ёстой. Томуугийн эсрэг вакцин хийлгэвэл тухайн жилдээ ханиад хүрэхгүй. Хамгийн түрүүнд эрсдэлтэй бүлгийн хүмүүс хийлгэх нь чухал. Амьсгалын замаар дамжих халдварын идэвхжлийн үед хамартаа  тосон түрхлэг түрхэж болно. Мөн хоолойгоо содтой ус, тамедины уусмал, сармистай усаар зайлж, амны хаалт хэрэглэхээс гадна бага насны хүүхдийг олон хүнтэй газраар авч явахгүй байх хэрэгтэй. Гэрийн дотоод орчны агаар цэвэр байхад анхаарах нь чухал. Гэртээ гаднын халдвар аваад орвол гэрийн орчинд тархах аюултай. Иймд гэртээ агаарын сэлгээ хийх, агааржуулагч тавих нь зүйтэй.
-А хүрээний вирусийн халдвар авсан үед хордлогын шинж тэмдэг илэрнэ гэж хэлсэн. Энэ тохиолдолд яах ёстой талаар зөвлөхгүй юү?
-Богино хугацаанд халуурч байгаа үед шингэн юм сайн ууж, хөлрөх хэрэгтэй. Мөн витамин С уух, үрэвслийн эсрэг хавсарсан найрлагатай эм сонгон ууж болно. Хавсарсан найрлагатай эм гэхээр найрлагад үрэвслийн эсрэг парацетамол, ибупрофен, витамин С, хлорфинаминтай  хавсарсан найрлагатай эмийг 2-3 удаа вирус гадагшилж эдгэнэ.
-Ханиад хүрсэн үед юунд анхаарах ёстой вэ?
-Ханиад хүрсэн үед халуурч, цээж өвдвөл антибиотик дур мэдэн битгий хэрэглэ. Вирусийн гаралтай ханиаданд антибиотик үйлчлэхгүй, эсрэгээрээ дархлаа сулруулдаг. Мөн амьсгалын замын вирусийн халдварыг дахин дахин өвчлүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд вирусийн гаралтай ханиад хүрсэн үед антибиотик хэрэглэхгүйгээр шингэн зүйл, витамин С, аарц, чацаргана ууна. Бүр өндөр халуурвал үрэвслийн эсрэг хавсарсан бэлдмэлүүдийг хэрэглэж болно. Нэг вирусийн цикл 7-14 хоног үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын гэмтсэн эсүүд нөхөн төлжтөл 14 хоног болдог. Энэ хугацаанд ханиад үргэлжилж, нэг цикл дуусахад эдгэдэг гэсэн үг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн