Үнэтэй бага литр шатахуун авах уу, хямд үнээр илүү их шатахуун авах уу, шатахууны чанар таны машинд ямар нөлөө үзүүлдэг вэ зэрэг асуултын хариултыг та Олон Улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн, ШУТИС-ийн доктор, профессор Ж.Цэвээнжавтай хийсэн ярилцлагаас сонирхоно уу.
-AИ92 болон AИ95 шатахууны ялгаа юу вэ. Алийг нь хэрэглэх ёстой вэ?
-Шатахууны марк хөдөлгүүрийн зэрэглэлээсээ хамаардаг. Автомашинд ямар бензин хэрэглэж болох нь тухайн автомашины төрлөөс шалтгаална. Манай улсын хувьд шатахууныг октаны тоогоор нь AИ92, AИ98, AИ95 гэх мэтээр ангилдаг. Автомашины каталогид хэрэглэж болох октаны доод хэмжээг заасан байдаг. Тэгэхээр унаж буй машиныхаа шаардлагад заасны дагуу шатахууныг хэрэглэх нь зүйтэй. Ихэнх суудлын машины каталогид 91-ээс дээш октаны тоотой шатахуун хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Тиймээс ийм төрлийн машинуудад AИ95 авч хийх шаардлагагүй ба чанарын шаардлага хангасан баталгаатай AИ92 шатахууныг тогтмол хэрэглэж байхад сайн нөлөөтэй. Гэхдээ октаныг өсгөн хийж болно. АИ92 хийх машинд АИ95 хийнэ гэдэг тухайн машинд сайн нөлөөтэй. Харин АИ80 хийж болохгүй. Мөн октаны тоо 95-аас дээш байх шаардлагатай машин унаж яваа тохиолдолд AИ92 шатахуун хийх нь машиныг эвдэлж, эд ангийг гэмтээх эрсдэлтэй.
-Тэгэхээр октаны тоо өндөр байх тусмаа сайн гэдэг зөв үү. Шатахуун авахаар 2000 төсөвлөсөн байлаа гэхэд АИ92 авбал илүү их литр авна. Харин АИ95 авбал бага авна гэж бодоод октан өндөртэй бинзен сонгохгүй байх тал бий.
-Октаны тоо илүү байх тусмаа чанартай. Октан багатай шатахуун шахалт өгөхөд амархан тэсрээд дутуу шаталттай байна гэсэн үг юм. Энэ нь хүч муу байна. Харин октан сайтай бол тэсрэлтийн зэрэг өндөртэй бүрэн шаталттай байдаг. Хоёрдугаарт, моторын хүчин чадал сайн байна. Октан ихтэй шатахуун шаталтын зэрэг өндөртэй учир илүү хүчтэй, хүчээ сайн авна.
Хямд шатахуун илүү литрээр авч байна гээд мөнгө хэмнэж байна гэсэн үг биш. Шахагдсан шатахуун шатаад дуусч байгаа учир муу, сайн удаан хурдан гэсэн ойлголт байхгүй. Энгийнээр тайлбарлавал октан ихтэй шатахуун хийх тусмаа таны машины хүчин чадал нь нэмэгдэж, нэг километрт зарцуулах шатахуун багасна. Үүгээрээ үнэтэй шатахууны үнэ нь нөхөгддөг. Өөрөөр хэлбэл утга нь чанар муутай шатахуунаар урт замыг илүү литрээр, өндөр үнэтэй шатахуунаар урт замыг харьцангуй бага литр шатахуунаар туулна.
Дэлхий даяар бүрэн шаталттай шатахууныг хэрэглэх нь зөв гэж үзэж байна. Агаар орчин бохирдуулахгүй, машин техникийн удаан хэрэглээндээ ч хэрэгтэй.
-Зарим хүмүүс нано хурдан дуусчихдаг гэж ярьдаг. Нано92 энгийн АИ92 юугаараа ялгаатай вэ?
-Нано 10-ийн хасах 9 зэрэг буюу хэмжих нэгж нь маш нарийн. Энэ нь илүү сарнилтай хольц хийхээр шатахууны үзүүлэлт ихэсдэг гэж тайлбарлаж болно. Нано хэрэглэх нь илүү түргэн шаталттай ч машинд эерэг нөлөөлнө.
-Та энэ сард шатахууны хомстол үүсч, үнэ нэмэгдсэн талаар ямар бодолтой байна вэ?
-Шатахууны үнийг чөлөөлөх ёстой. Анх удаа Ерөнхий сайд үнийг чөлөөлөх ёстой юм байна гэж зоригтой хэлж чадсан. Үүнийг одоо хийх үү гэж эргэлзэх шаардлагагүй. Учир аль 1990 он гарахад л шатахууны үнийг чөлөөлөх ёстой байсан. Ядаж л 2006 онд НИК-ийг чөлөөлөхдөө л энэ салбарыг чөлөөт үнийн тогтолцоо руу оруулах ёстой байсан.
Өнөөдөр шатахууны үнийг чөлөөлөх нь цаг үеэ олоогүй гэдэгтэй санал нэг байна. Бид өнгөрсөн зуны дэлгэр цагт шатахууны үнийг чөлөөлөх боломжтой байсан. Энэ хүйтэн, эдийн засгийн хямралтай үед үнэ чөлөөлөх асуудал яригдаж буй нь буруудсан.
-Үнэ яагаад өдийг хүртэл чөлөөлөгдөөгүй вэ?
-Бүх юмны үнийг чөлөөлсөн мөртлөө шатахууны үнийг стратегийн бүтээгдэхүүн нэрээр бариад байдаг нь сонирхолтой. Жишээлбэл, Монголчууд гурил, мах хоёроор амьдарч, шатахуун хэрэглэдэг. Махны үнэ өсөх биш буурч байна. Нэг хэсэг бид махны үнэд толгойгоо гашилгадаг байлаа. Харин өнөөдөр мах, гурилын үнэ тогтвортой болсон.
Гурилын зах зээл тогтворгүйжээд ирэхэд төр засаг үнэ тогтворжуулах нэрээр зээл санал болгоход “Алтан тариа”-гийн П.Цэнгүүн захирал “Би үнээ өөрөө тогтооно. Зээл авахгүй. Хөнгөлөлт урамшуулал хамаарахгүй” гэж хэлсэн. Энэ бол маш ухаалаг шийдвэр. Тухайн үедээ л гурилын үнэ буурна, өснө гэж монголчууд хэсэг шуугилдсан.
Өнөөдөр шатахуун импортлогч нар байр сууриа П.Цэнгүүн захирал шиг баттай хамгаалах ёстой байсан. Татвар бол түр аргацаах л бодлого болчихсон. Энэ шийдвэр шатахууны зах зээлийг удаан тогтвортой байлгаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Хэсэгчилж үнэ чөлөөлнө гэдэг утгагүй. Гэвч цаашдаа үе шаттай арга хэмжээ авах байх гэж харж байна. Төр онцгой албан татварыг тэглэлээ гээд үнэ тогтворжихгүй. Хамгийн шударга арга нь төр өөрөө хэрэглэгч, нийлүүлэгч хоёрыг шууд уулзуулах, үнэ хямдрах үед татвараа нэмээд, үнэ өссөн үед татвараа хасах хэрэгтэй. Хамгийн агуу зүйл хамгийн энгийн байдаг гэдэг. Төр энэ зах зээлийг самраад, хутгаад байх шаардлагагүй.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!