Засгийн газрын хуралдаанаар шинэ Хархорум хот байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн.
Тэгвэл тус тогтоолын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болсон байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд шинэ нийслэл буюу шинэ Хархорум хот байгуулах тогтоолын төсөл батлахаар болсон. Тогтоолын төсөл УИХ-аар батлагдсан даруйд газрын байршил судлах, ТЭЗҮ боловсруулах зэрэг олон үе шаттай ажлуудыг хийх аж.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг Засгийн газраас мэдээлж байсан билээ.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд өнгөрсөн наймдугаар сард Архангай, Өвөрхангай аймаг буюу шинэ Хархорум хот байгуулахаар судалж буй Орхоны хөндийд ажилласан. Хот байгуулахад тохиромжтой газар нутгийн судалгааг 2004, 2010, 2021 онд Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур сумдын нутагт байрлах Тоглохын тал газрын 40446.3 га талбай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн тусгай хамгаалалттай газрын хилээс зүүн тийш Онгоцон хөндий, Гурвалжин уул, Их номт овоо хүртэлх 41431.5 га талбайг хамруулан хийсэн. Судалгаагаар нийслэлийн баримжаатай шинэ хот байгуулахад талбай, хөрс, гүний усны нөөцийн хувьд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуурын 168642.4 га талбай хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Засаг захиргааны бүтцээр нь тодорхойлбол, Орхоны хөндийд орших Архангай аймгийн Өгийнуур, Өлзийт, Хотонт, Хашаат сум, Булган аймгийн Могод, Гурванбулаг, Сайхан сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум зэрэг нийт гурван аймгийн, найман сум, 46 баг хамрагдаж байна. Дэд бүтцийн хувьд түүх соёлын үнэт олдворуудыг түшиглэн аялал жуулчлал, зам тээвэр, логистикийн, чөлөөт бүс бий болох бүрэн боломжтой.