Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

С.Өсөхбаяр: ЭЕШ-ын оноогоо хараад өөрөөрөө бахархсан

С.Өсөхбаяр: ЭЕШ-ын оноогоо хараад өөрөөрөө бахархсан
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 8
Элсэлтийн ерөнхий шалгалтын газарзүйн хичээлээр улсын хэмжээнд  нэг л сурагч 800 оноо авсан. Түүнийг С.Өсөхбаяр гэдэг. Тэрээр Хэнтий аймгийн Лаборатори нэгдүгээр сургуулийн 12в ангийг төгссөн юм. Түүнтэй онлайнаар холбогдон ярилцлаа.
-Юун түрүүнд ЭЕШ-аа амжилттай өгч, газарзүйн хичээлээр 800 оноо авсанд баяр хүргэе. Анх ЭЕШ-ын оноогоо хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Өөр ямар хичээлээр шалгалт өгөв?  
-Баярлалаа. Шалгалт өгсний дараа 95 оноо авсан байгааг хараад хэмжээст оноо хэд гарч ирэх бол гэж дахин дахин бодож, 800 байгаасай гэж залбирч байсан. Тэгээд нэгдсэн дүн гарахад ганцаараа 800 оноо авсан байсныг хараад маш их баярлаж, өөрөөрөө бахархсан. Газарзүйгээс гадна монгол хэл, математик, англи хэлний хичээлээр шалгалт өгсөн. Монгол хэл 720 оноо, математикийн хичээлээр 653 оноо, англи хэлний хичээлээр 595 оноо авсан байгаа.
-Өмнө нь газарзүйн ямар олимпиадад оролцож байсан бэ?
-Есдүгээр ангиасаа хойш улсын төрөлжсөн олимпиадад орох зорилгоор газарзүйн хичээлийг судалж эхэлсэн. Тэгээд улсын төрөлжсөн олимпиадад хүрэл медаль, МУИС-ийн нэрэмжит газарзүйн V олимпиадад хоёрдугаар байр, Зүүн бүсийн газар зүйн олимпиадад гуравдугаар байр гээд цөөнгүй тэмцээн, олимпиадад амжилттай оролцсон.  
-ЭЕШ-д хэр удаан, ямар аргачлалаар бэлдсэн бэ?
-Эрчимтэй бэлдэж эхэлсэн хугацаа гэвэл, ЭЕШ-т болохоос хоёр сарын өмнө. Харин аравдугаар ангиасаа хойш сонгон судлах хичээлийнхээ хүрээнд бэлдэж, нэмэлт давтлага авдаг байсан. Мөн сурах бичгээ маш сайн судалж, өмнөх оны ЭЕШ-ын материалууд дээр дүн шинжилгээ хийж, ямар чиглэлийг түлхүү оруулдаг, ямар сурах бичиг ашигладаг зэргийг мэдэж, ахлах ангийн сурах бичгийн хичээлүүдээ илүү их үзэж, судалсан.  Ер нь өдөр болгон бэлдэх хичээлээ хэчнээн цагаар хийхээ нарийн төлөвлөдөг байлаа.
-Карантины үед ЭЕШ-т өгсөн болохоор шалгалтдаа өндөр оноо авах эсэхтэй эргэлзэж байв уу?
-Нэг талаараа карантин бидэнд давуу тал болсон. Харин нөгөө талаараа номын санд сууж, хичээлээ давтах боломжтой газар бүгд хаалттай байсан болохоор гэртээ бэлдэхээс өөр аргагүй болсон. Тэгээд гэртээ сууж бэлтгэл хийхэд бага зэрэг хүндрэлтэй байсан л даа. Энэ оны шалгалт өмнөх оноос хялбар байх болов уу гэж найдаж байсан ч, даалгаврууд нь өмнө жилүүдийнхээс хамаагүй өөр орж ирсэн санагдсан. Тиймээс ч эргэлзээтэй зүйл их байсан шүү.
undefined
-Багшийнхаа тухай яриач. Чамд газарзүйн мэдлэг олгохоос гадна ямар өөрчлөлт, дадал хэвшлийг бий болгоход туслав. Түүний хамгийн их захиж, хэлдэг зүйл нь юу бол?
-Манай багш намайг есдүгээр ангид байхад манай сургуульд шинээр орж, ирж байсан юм. Тэр үеэс хойш  дөрвөн жил газарзүйн чиглэлээр бэлтгэл хийсний үндсэн дээр энэ үр дүнд хүрч чадлаа. Манай багш намайг цаг ямагт дэмжиж, хамтдаа хичээлээс гадна бэлтгэлээ хийдэг байсан. Найз нөхөд шиг дотно байдаг. Г.Оджав багш надад юманд нухацтай хандах, сууж сурах, анхаарлаа төвлөрүүлэх, төлөвлөгөөтэй байх, хувь хүний төлөвшил гэх мэт олон зүйлийг зааж өгсөн. Тэр сайн хүн болж, хүссэн мэргэжлээ эзэмшиж, хүссэнээрээ  сайхан амьдраарай гэж хамгийн их  захидаг. Мөн өнөөдөр ялагдсан ч, өөр хэзээ нэгэн цагт боломж үргэлж байгаа гэж хэлж, олимпиад уралдаан тэмцээнд ялагдахад дэмжиж, урам өгдөг.  
-Чи ямар мэргэжилтэй болох вэ. Сургуулиа сонгосон уу?   
-Би санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшихээр шийдсэн. МУИС-ийн бизнес удирдлагын сургуульд орохоор бүртгүүлсэн байгаа. Санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшвэл нийгэмд хөрвөх чадвартай байдаг гэж бодсон учраас газарзүйн чиглэлээр мэргэшихээр төлөвлөөгүй. Газарзүйд сонирхолтой ч гэсэн ирээдүйгээ бодож ийм шийдвэр гаргасан юм.
-Ирэх жил ЭЕШ-т өгөх хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч. Бэлтгэлээ хэзээнээс эхлэх хэрэгтэй санагдав?
-Бид юмыг дандаа хожимдсон хойно нь ойлгодог. Бэлдэх хугацаа  байхад цагийг нь тулгаж, сар эсвэл долоо хоног үлдсэн хойно нь өдөр шөнөгүй бэлддэг. Түүнээсээ болоод өөртөө ачаалал авч, ядарч, уншиж бэлтгэж буй зүйлээ ч сайн ойлгож, тогтоож хүлээж авахаа больчихдог.  Тиймээс өдөр бүр бага цагаар тогтмол олон хичээл бэлтгэх хийх хэрэгтэй гэж зөвлөе. Энэ хэвшлээр дадал зуршил бий болгон амжилтад хүргэдэг гэж бодож байна. Хамгийн гол нь бэлтгэлээ яг одооноос л эхэл. Төлөвлөгөө сайн гаргаж, тууштай бэлдээрэй гэж зөвлөмөөр байна. Үүнээс гадна, намайг өдий зэрэгтэй хүн болгож, тусалж дэмдэг гэр бүл, сургуулийн бүх багш нартаа талархал илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн