АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 1992 онд дэлгэцнээ гарсан “Home Alone 2: Lost in New York” кинонд өөрийн жижиг дүрийг бүтээсэн байдаг билээ. Тэгвэл уг кино зул сарын баярын үдэш Канадын “CBC” телевизээр гарсан бөгөөд Трампын хэсэг гардаг 10 секундийн дүрсийг студийн найруулагч тастаж оронд нь реклам үзүүлсэн нь цахим орчинд хоёр орны иргэдийн дунд нэлээдгүй маргаан дэгдээгээд байна.
Энэ талаар Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү Доналд Трамп Жуниор өөрийн твиттер хаягтаа “Канадын CBC телевизийн зул сарын баярын хөтөлбөрийн үеэр "Гэртээ ганцаараа 2" киноны Трампын хэсэг гэнэт алга болсон нь үнэхээр өрөвдмөөр” гэж жиргэжээ.
Харин Канадын үзэгчид аль 2015 оноос эхлэн уг телевиз зул сарын баярын өдөр бүр уламжлал болгон гаргадаг “Гэртээ ганцаараа” киноны Трампын хэсгийг тастах болсон талаар сэтгэгдлээ илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, Канадын хамгийн том телевиз Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж эхэлсэн цагаас эхлэн энэхүү үйлдлийг хийх болсон гэсэн үг юм. Үүнийг “CBC” телевизийн зүгээс киноны дундуур сурталчилгаа үзүүлэх цаг гаргах үүднээс ийнхүү Трампын дүрийг тастах болсон гэсэн албан ёсны тайлбар өгсөн байна.
Гэсэн ч АНУ-ын иргэдийн зүгээс хөршүүд нь зориуд Төрийн тэргүүнийг нь басамжлах зорилгоор санаатайгаар Доналд Трампын хэсгийг монтажилсан гэж үзэж байгаа аж.
Гэртээ ганцаараа 2: Нью-Йорк хотод төөрсөн нь киноны гол үйл явдал Манхэттены алдарт Плаза зочид буудалд өрнөдөг билээ. Трампын хэсэг ч таван одтой уг тансаг зочид буудлын хүлээлгийн танхимд байгаагаар гардаг. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Плаза зочид буудлыг 1988 онд 400 сая ам.доллараар худалдан авсан байдаг бөгөөд 1995 онд 83 сая ам.долларын алдагдалтай зарсан байдаг.