Open iToim app
Бүтээгч | 5 мин уншина

Г.Чойжамц: Булган аймгийн Могод, Сайханы айргийг Америк, Солонгос, Япон руу экспортолно

Г.Чойжамц: Булган аймгийн Могод, Сайханы айргийг Америк, Солонгос, Япон руу экспортолно
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 9
Монгол түмний эрт үеэс уламжлалт аргаар боловсруулан хэрэглэж ирсэн исгэлэн амттай, анхилам үнэртэй, ариун чанартай айраг онцгой бөгөөд алдартай. Тэгвэл “Хөх-Үүр Тур” ХХК нь айргийг бие даасан үндэсний брэнд бүтээгдэхүүн болгон дотооддоо амжилттай борлуулж эхэлжээ. Үүгээр ч зогсохгүй тэд үндэсний брэнд болох айргийг олон улс руу экспортлох боломжтой болсон байна.
“Хөх-Үүр Тур” компани анх 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нийслэл хотын залуустаа зориулан айргаар үйлчилдэг, уламжлалт хэв маягийг харуулсан загвар бүхий “Хөх-Үүр” рестораныг нээж, өдий хүртэл үйл ажиллагааг явуулж ирсэн аж. Эхэн үедээ монгол үндэсний хоолыг айрагтай хослуулж үйлчилдэг байсан бол 2019 оны намраас айргийг бие даасан бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээл оруулаад байгаа юм. Тус рестораныг Монголдоо анхдагч гэж хэлж болох бөгөөд Нийслэл хотын хэмжээнд ийнхүү айргаараа дагнаж, борлуулалтад оруулж, экспортод гаргаж байгаа анхны ресторан юм.
Манай монголчууд олон үеийн турш айраг исгэж хэрэглэж ирсэн өвөрмөц арга барилтай. Тэр ч утгаараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Монголчуудын уламжлалт ундаа болсон айраг исгэх уламжлал, зан үйлийг  ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгүүлсэн цаг үетэй зэрэгцэн “Хөхүүрийн айраг” үндэсний брэндийг АНУ-ын зах зээлд борлуулахаар энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр анхны тээвэрлэлтийг хийсэн байна. Тухайлбал, “Хөх-Үүр Тур” ХХК-ийн үйлдвэрлэдэг 0.5 литр болон 1.8 литрийн савалгаа бүхий Булган аймгийн Могод, Сайхан сумд исгэсэн айргийг тус улсад экспортолж байгаа юм. Эхний ээлжид 300 литр айргийг экспортлох бөгөөд Чикаго  хотын “Англо фрейт” дэлгүүрт борлуулах аж.

Булганы Могод, Сайханы айраг АНУ-д хүрнэ

undefined
Энэ талаар “Хөхүүрийн айраг” төслийн удирдагч, үүсгэн байгуулагч Г.Чойжамц хэлэхдээ “Сүүлийн хоёр, гурван жилийн өмнө монгол үндэсний бүтээгдэхүүн, мах, сүү, цагаан идээг их болон бага хэмжээгээр гаднын улс орны хэлээр гаргахад нэлээд төвөгтэй байсан. Харин одоо цаг үе өөр болж байна. Дэлхийн улс орнууд байгалийн цэвэр бүтээгдэхүүн болон мал аж ахуйн гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх, үүний эрүүл мэндийн ач холбогдлыг мэдэж хэрэглэх тохиолдол маш өргөн болсон. Тийм учраас улс орны хэл хязгаарт тухайн сүү, сүүн бүтээгдэхүүнийг таньж мэдэж хориг тавихгүй байх. Мөн их, бага хэмжээнээс хамаараад саадгүй нэвтрүүлэх тохиолдлууд их гарч байна. Аливаа бүтээгдэхүүнийг гаднын зах зээлд нийлүүлэхэд эрүүл мэндэд хоргүй байх гэсэн шаардлага нэн тэргүүнд тавигддаг. Манай бүтээгдэхүүн энэ бүх стандартыг хангасан. Эхний сүүтэй шим тэжээлтэй, амин дэм, уургаар баялаг бүтээгдэхүүн бол гүүний сүү гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон. Тиймээс айраг онцгой ач холбогдолтой бүтээгдэхүүн болж байна. Мөн айраг исгэх зан үйлийг соёлын биет бус өвөөр бүртгүүлсэн нь бид бүхний ажилд дэм боллоо. Бидэнд олон улсуудаас манай айргийг авъя гэсэн саналууд  ирж байгаа. Үүний нэг нь АНУ руу тээвэр зууч хийдэг “Aнгло фрейт” компани санал тавьсан. Ингээд бид энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр анхныхаа тээвэрлэлтийг хийсэн байгаа. Энэхүү тээвэрлэлт амжилттай болвол цаашид жилийн дөрвөн улирлын турш бүтээгдэхүүнээ экспортолно. Мөн ганц АНУ гэлтгүй Хятад, Солонгос, Япон гээд олон улс руу гаргахаар ажиллаж байгаа” гэлээ.
“Хөх-Үүр Тур” ХХК нь айргаа Булган аймгийн Могод, Сайхан сумын малчны хотноос шууд тээвэрлэлт хийдэг бөгөөд тус аймгийн Сайхан сумынхан айргаа сайхан болгохын тулд хөрөнгөө өвөрмөц аргаар гарган авдаг аж.
Тухайлбал, хусран гүүний халуун саамыг айргийн ширэн борвинд хийж халуун өдөр моринд ганзагалан давхихад уг саам зайлагдаж өөрөө исдэг аж. Мөн ямааны түүхий сүүгээр тараг бүрж сайн хутгаад наранд исгэн дээрээс нь түүний дөрөвний  нэгтэй тэнцэхүйц халуун саам хийж хутган, өдөр бүр мөн халуун саам нэмж бүлсээр байгаад сайхан хөрөнгө гарган авдаг байна. Гэхдээ энэ аргаар хөрөнгө гаргаж авахад уйгагүй хөдөлмөр олон удаагийн оролдлогоор хийдэг төдийгүй тэр болгон хүн хийж чаддаггүй. Тийм учраас Булган аймгийн Могод, Сайхан сумын айраг нь амт чанарын хувьд сайн байдаг тул сонгосон гэдгээ хэлж байсан юм.
Сүүлийн үеийн залуус айрагны ач тус, хүний бие хэрхэн сайн нөлөө үзүүлж байдгийг тэр бүр мэддэггүй учраас иргэд айргийг тэр бүр өдөр тутамдаа хэрэглээд байдаггүй. Тиймээс “Хөх-Үүр Тур” компанийн залуу хэрэглэгчдэд эрүүл мэндийн ач холбогдлыг таниулахаар зорилгот тавин ажиллаж байгаа юм.
Айргийн найрлагад хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бараг бүх витамин агуулагдаж байдаг. Айраг А, С, В витаминаар маш баялаг байдаг. Нас гүйцсэн хүний биед өдөрт А витамин 1 мг, Д витамин 0.002 мг, С витамин 50-75 мг, В витамин 2-3 мг, РР витамин 20 мг гэх мэт витаминууд шаардлагатай байдаг гэсэн норм байдаг аж. Иймд айраг бол кальци, фосфор, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуутай. Айраг нь ялзруулагч бактери, гэдэсний савханцар, стафилококк зэрэг хөнөөлт болон сүрьеэ, хижиг, балнад, иж балнад мэт халдварт өвчний үүсгэгчийн өсөлт, үржилтийг саатуулах, гэдсэн дэх ялзралын процессыг зогсоох, гэдэсний рH-ийг хүчиллэг орчинд байлгах үйлчилгээтэй эрүүл мэндийн удаа юм.
undefined
“Хөхүүрийн айраг” үндэсний брэнд нь айрагны тээврэлт, хадгалалтын горим болоод борлуулалт, үнийн талаар “Хөхүүрийн айраг” төслийн удирдагч, үүсгэн байгуулагч Г.Чойжамцаас зарим зүйлийг тодрууллаа.
-Малчдын хотноос шууд тээвэрлэлт хийн хотод авчирч худалдаанд гаргахад айрагны чанар муудах эрсдэлтэй байдаг уу. Айргаа хэрхэн хадгалдаг вэ?
-Айрагны чанарын тухайд ямар ч асуудал байхгүй. Малчдын хотноос энд ирээд хэрэглэгчдийн гар дээр ирэх хүртэлх хугацааг бид сайтар тооцоолон ажилладаг. Хамгийн гол зүйл нь авчирсан айргаа зөв хадгалах байдаг. Тиймээс хадгалах горим дээр сайтар ажиллаж байгаа учраас айрагны чанар бол алдагдахгүй. Хадгалалтын нарийн зүйлсийг бизнесийн нууц гээд үлдээе. Айргийг сайн хадгалж чадах юм бол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй, жилийн дөрвөн улирлын ямар ч нөхцөлд хэрэглээд уух боломжтой байдаг.
-Айргийг бусад ундаа ус шиг удаан хугацаанд дэлгүүрийн лангуун дээр тавиад борлуулалтад оруулж болохгүй байх. Яаж борлуулалтаа хийж байгаа вэ?
-Айраг маань өөрөө цэвэр амьтны гаралтай малчин айл бүрийн хөхүүрт исдэг учраас маш эмзэг бүтээгдэхүүн. Орц найрлагад янз бүрийн нэмэлт зүйл байдаггүй учир савлаад удаан хугацаанд лангуун дээр байрлах боломжгүй. Тиймээс бид одоогийн байдлаар иргэд болон аж ахуй нэгж байгууллагуудаас урьдчилсан захиалга аваад савлаж өгч байгаа. Хэмжээнээс хамаарч, захиалгууд 1-2 хоногт гардаг.
-Мэдээж тээврийн зардал, савалгаа гэх мэт зүйлүүд ороод тодорхой хэмжээнд үнэ нэмэгдэж байгаа байх. Хөхүүрийн айраг хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа вэ?
-Айргийн малчид зун болон намрын улирлуудад үйлдвэрлэж эсгэдэг. Айраг исгэхэд янз бүрийн бүтээгдэхүүн ордоггүй ч олон жилийн турш тогтсон тариф байдаг. Айраг элбэг үед нэг литр нь хоёр мянгаас эхлээд гурав, дөрвөн мянгын хооронд байдаг. Харин өвөл хаврын улиралд ховорддог учир тодорхой хэмжээнд үнэ өсдөг. Тэгэхээр бид энэ жишгийг баримталж байгаа. “Хөхүүрийн айраг” нь  0.5, 1.8 болон 5 литр гэсэн гурван төрлийн савалгаатай гардаг. Үнийн хувьд 4000, 14000, 35000 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа.
-Та бүхний ажилд амжилт хүсье. 
undefined
undefined
Ярилцсан Э.Мөнхзаяа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн