“И-Монголиа” системээр дамжуулан авах боломжтой 74 лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй болсон гэдгийг Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр/2022.09.21/ мэдээллээ.Тэрээр, "Төр өөрөө жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтрийг өөрсдөө өгсөн. Гэсэн хэдий ч бүх төрлийн ТҮЦ машинаар, и-монголиагаар иргэд өөрийгөө таниад авч байхад хуулбарыг нь дахиад нотариатаар баталж байгаа нь зохимжтой биш. Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд нотариатчдын танхимтай зөвлөлдсөний дагуу и-монголиагаар дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа, тодорхойлолт, гэрчилгээг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болсон гэдгийг мэдэгдэж байна. Үүнд, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, оршин суугаа газрын бүртгэлийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 бичиг баримтыг нотариатаар баталгаажуулахын шаардахгүй байхаар болж байна" хэмээсэн юм.Хэрэв уг бичиг баримтуудыг төрийн байгууллагууд, албан хаагчид шаардвал 11-11 төв рүү мэдээлэхэд ЦХХЯ-аас албан бичиг хүргүүлж хариуцлага тооцох аж.