2016 оноос НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгаар бараа, үйлчилгээнд төлсөн албан татвараас 20 хүртэлх хувийг буцаан олгож, НӨАТ-ын сугалааны тохирлоор азтанг шалгаруулан урамшуулж эхэлсэн. Энэ оны аравдугаар сарын тохирлоор нийт 13053 азтан тодорсноос Баянзүрх дүүргийн иргэн Ж.Нямаа болон Чингэлтэй дүүргийн иргэн Г.Зундуй нар дөрвөн сая төгрөг, Орхон аймгийн иргэн Ч.Булган 20 сая төгрөгийн азтан болсон бол хоёр жилийн хугацаанд эзнээ хүлээсэн Супер шагнал буюу 500 сая төгрөгийн эзнээр нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Ж.Алтанзул тодорчээ.
Супер азтан Ж.Алтанзул 500 сая төгрөгийнхөө батламжийг гардан авах торгон цаг мөчид түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Супер азтан болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Одоо л зүүднээсээ сэрж байна. 500 сая төгрөг үнэхээр авах бол уу, яах бол гэж итгэж ядсан. Нэг өдөр миний утас руу “НӨАТ-ын сугалааны тохирлын газраас ярьж байна. НӨАТ-ын сугалааны аппликейшнаа шалгаад холбогдоорой гэсэн. Тэгээд аппликэйшн руу орсон чинь нүдэндээ итгэмээргүй тоо байна. Тэгэхээр нь ажлынхаа хүнд үзүүлж, “энэ хэд гэж байна” гэж асуусан чинь баахан 500 тэгээд 20 мянга байна. Худлаа байхаа аппликэйшнаа гараад дахиад ор гэсэн. Аппликэйшнээ дахин, дахин шалгаж үзсэн.
-Хэдэн төгрөгийн худалдан авалт хийгээд азтан болсон бэ?