Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

У.Хүрэлсүх: Нийслэл Яармаг руу нүүчихвэл араас нь Засгийн газар нүүхэд бэлэн байна

У.Хүрэлсүх: Нийслэл Яармаг руу нүүчихвэл араас нь Засгийн газар нүүхэд бэлэн байна
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 5
Нийслэлийн удирдлагууд хотын тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав. Уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарын хамтаар оролцсон юм.
Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн хэмжээнд хийх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, нийгмийн шинжтэй төсөл хөтөлбөрийг танилцуулав. Хөрөнгө мөнгө, санхүүжилтийн асуудлыг нааштай шийдвэл нийслэлийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх боломж байгааг тэрээр онцолсон. Мөн нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх “Сервис сентр” төсөл, хоггүй хот болох шийдэл бүхий хог хаягдлын үйлдвэрийн төсөл, нийслэлийн засаг захиргааг Яармагийн дэнж рүү нүүлгэх ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан юм.
undefined
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулга сонссоны дараа нийслэлийн удирдлагууд болон сайд нарт үүрэг өгч, үг хэллээ. Тэрээр  “Бидэнд цаг бага үлдсэн.  Засгийн газар сахилга хариуцлага, дэг журмыг тогтоохын төлөө ажиллана. Хоёрт, эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг авчрахын төлөө л ажиллана. Энэ хоёр зорилгод өнөөдрийн ярьж байгаа бүх асуудал багтаж байгаа. Засгийн газрын бүх яам, агентлагууд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ, Хотын захирагчтай хамтарч, санаа нийлж ажиллахыг Ерөнхий сайдын хувьд үүрэг болгож байна. Засгийн газар, хот, аж ахуйн нэгж гурвуулаа хогны үйлдвэр барина гээд яриад яваад байна.  Гурвуулаа нэгдэж нийлээд нэг л хогны үйлдвэр баръя. Нэг сайн төсөл дээр бүх талын оролцоог хангаж хамтран ажиллах хэрэгтэй. Үлдсэн 2.5 жилийн хугацаанд тоймтой хэдэн ажлаа барьж аваад хэрэгжүүлье. Одоо ярихаа зогсоож, үр дүн гаргах ажлаа эхлүүлье. Өнөөдөр ажил эхлүүлэхэд сэтгэл, зохион байгуулалт л дутаж байна. Хөрөнгө санхүүг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  шийдэх бүрэн боломж байна. Улаанбаатар хот хамгийн түрүүнд утааны асуудлаа шийдэх ёстой. Ирэх хоёр жил энэ асуудалд цэг тавина. 2019 оны дөрөвдүгээр сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалттай түүхий нүүрс оруулахгүй. Ард иргэддээ боловсруулсан түлш санал болгоно. Нэг жилийн дотор 548 мянган тонн боловсруулсан түлш хэрэглэх тооцоо гарсан. Энэ хэрэгцээг хангах ажил эхэлсэн. Бэлтгэл ажлыг хангахад Улаанбаатар хотын удирдлагууд хамтарч ажиллах ёстой. Утаанаас салах дараагийн төгс шийдэл бол Улаанбаатар хотыг барилгажуулж, төвлөрлийг сайруулах юм. Энэ ажлыг 2019 онд төгс хийж, ард түмнээ баярлуулъя. 2020 он гэхэд  Улаанбаатар хотын утааг 50 хувь багасгая.  Хоёрт, цэвэрлэх байгууламжийн асуудал 100 хувь нийслэлийнх биш, улсын асуудал болсон. Олон жил ярьж байгаа цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлнэ, бүтэн байгуулалтыг явуулна. Энэ ажлыг толгойгоороо хариуцаж байгаа хүн бол Х.Баделхан сайд. Бүх ажлыг эзэнтэй болгоно. Улаанбаатар хотын утааны асуудлыг Н.Цэрэнбат, хотын захирагч С.Батболд хоёр толгойгоороо хариуцна. Өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа хийж чадахгүй бол энэ хүмүүс хариуцлагаа хүлээж, дараагийн чадах хүнд шилжүүлнэ.
Нийслэлийн удирдлагууд сая хог хаягдлын үйлдвэртэй болно гээд ярилаа. Одоо хурдан барь л даа. Өчнөөн олон жил танилцууллаа, одоо амьдрал дээр хэрэгжүүлж, ажил болго! Улаанбаатар хот хогноосоо салмаар байна. Бариад өгье гэсэн гадна, дотнын байгууллага байгаа  бол бариул л даа. Асуудлыг хурдан шийд, бүтээн байгуулалтаа эхлүүл. Авто замын түгжрэлээ шийдэх гүүр, зам талбайгаа барь. Дээр дурдсан асуудлыг нэн тэрүүнд шийд.
Засгийн газрыг ч Улаанбаатар хотоос нүүлгэх шаардлага бий.  Нийслэл Яармаг руу нүүх ажлаа зоригтой зохион байгуулж чадвал араас нь Засгийн газар бүх яам, агентлагаа аваад нүүхэд бэлэн байна” гэлээ.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн