Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Хятадын гадаад худалдаа сүүлийн 10 жилийн рекорд үзүүлэлтэд хүрлээ

Хятадын гадаад худалдаа сүүлийн 10 жилийн рекорд үзүүлэлтэд хүрлээ
Нийтэлсэн 2021 оны 8 сарын 11
БНХАУ-ын Худалдааны яам мягмар гаригт тус улсын гадаад худалдааны хэмжээ 2021 оны эхний долоон сарын байдлаар рекорд үзүүлэлтэд хүрсэн талаар мэдээллээ.
Хятадын гадаад худалдааны өсөлт өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 24.5 хувиар тэлсэн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Улмаар манай урд хөршийн нийт гадаад худалдааны эргэлт оны эхний долоон сарын байдлаар 21.34 их юань буюу 3.3 их наяд ам.долларт хүрсэн байна.
БНХАУ-ын Гаалийн байгууллагын мэдээлснээр 2021 оны 1-7 сард тус улсын экспортын хэмжээ 24.5 хувь, импортын хэмжээ 24.4 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн, Хятадын гадаад худалдааны хэмжээ өнгөрөгч долдугаар сард өмнөх сартай харьцуулахад 11.5 хувиар өсөж, гадаад худалдааны эргэлт 3.27 их наяд юаньд хүрсэн нь тус улсын түүхэнд хоёрт орох үзүүлэлт болжээ.
Манай урд хөрш энэ онд АНУ, Европын холбоо болон Японы зах зээлд экспортын хэмжээгээ 22.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Харин Зүүн өмнөд Ази, Латин Америк болон Африкийн хөгжиж буй зах зээлүүдэд нийлүүлэх Хятадын экспортын хэмжээ энэ онд 26.5 хувиар өсчээ.
Тэгвэл Хятадын 2021 оны эхний долоон сарын экспортын өсөлтийг бүтцээр нь авч үзвэл хувийн аж ахуйн нэгжүүдийн экспорт 30.1 хувь, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн экспорт 17.9 хувь, төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон компаниудын экспорт 16.7 хувиар тус тус өссөн байна. Харин салбарын хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашины экспорт 102.5 хувь,  “e-commerce” буюу цахим худалдааны экспорт 44.1 хувиар тус тус хамгийн өндөр өсчээ.
Дэлхий болон бүс нутгийн хэмжээнд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт эрчимтэй явагдаж байгаагаас шалтгаалан Хятадын гадаад худалдаа энэ онд үргэлжлэн өсөх хандлагатай байгаа юм. Гэвч БНХАУ-ын Худалдааны яамнаас тус улсад “COVID-19”-ийн дельта хувилбарын тархалт үүсэж, Бээжин тэргүүтэй томоохон хотууд хөл хорионы дэглэмд шилжиж эхлээд байгаагаас шалтгаалан үйлдвэрлэл, худалдаанд хүндрэл нүүрлэж болзошгүй эрсдэлийг анхааруулсан байна.
Эх сурвалж: Xinhua
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн