Сүүлийн гурван жил нэмэгдээгүй их, дээд сургуулиудын сургалтын төлбөр энэ жил тодорхой хувиар нэмэгдсэн. Тиймээс их, дээд сургуулиудын сургалтын төлбөр ямар үндэслэлээр нэмэгдсэн, хэдэн хувиар нэмсэн болон их, дээд сургуулиудыг нэгтгэх асуудлаар БСШУСЯ-ны Дээд боловсролын Бодлогын газрын дарга Т.Амаржаргалантай ярилцлаа.
-Энэ жил их, дээд сургуулиудын сургалт нэмэгдсэн байна. Уг асуудалд яамны зүгээс хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ. Сургалтын төлбөр нэмэх ямар үндэслэл байгаа юм бэ?
-Яамны зүгээс өмнөх гурван жилийн хугацаанд сургалтын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл их, дээд сургуулиудад өгч байсан. Харин энэ жилийн хувьд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг тодорхой хувиар нэмэгдүүлж байна. Энэ нь инфляци, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой ч нөгөө талаар техник технологийн хөгжилтэй шууд холбоотой. Бид оюутнуудтайгаа шинэ арга зүйгээр ажиллах шаардлагатай байна. Эдгээрийг шийдэхэд санхүүжилт дутаж байгаа учраас энэ жил сургуулиуд сургалтын төлбөрөө нэмсэн.
-Тухайлбал, улсын томоохон их сургуулиудын сургалтын төлбөр хэдэн хувиар нэмэгдсэн юм бэ?
-Тухайлбал, АШУҮИС 9.5 хувь, МУИС 12.5 хувь, ШУТИС 15-16 хувь, МУБИС 9.2 хувь, ХААИС 15 хувиар сургалтын төлбөрөө нэмсэн. Ер нь их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 15-аас дээш хувиар нэмээгүй.
-Их сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдэл харилцан адилгүй байна. Ер нь сургалтын төлбөрийн нэмэгдлийг хэмжээг яаж тогтоодог юм бэ?
-Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэх асуудлыг хуулиараа тухайн сургуулийн Удирдах зөвлөл нь тогтоож өгдөг. Тэгэхээр сургууль тус бүрийн удирдах зөвлөл тухайн жилийнхээ орлого, зарлагаа хэлэлцэж, хөгжлийн бодлого сургалтын чанараа сайжруулах, багшаа хөгжүүлэхэд хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг үндэслэн сургалтын төлбөрийг хэчнээн хувиар нэмэх, эсэхийг шийддэг.
Харин яамны зүгээс сургалтын төлбөрөө нэмж байгаа сургуулиудын үндэслэл нь юу болох, юунд зарцуулах болон төлбөрийг огцом нэмэхгүй байхад хяналт тавьж байгаа. Мөн их, дээд сургуулиудаас боловсролын чанар шаардаж байгаа. Шинээр төгсөж байгаа залуус шууд хөдөлмөрийн чадамжтай болж чадаж байна уу, оюутан суралцах орчныг бүрдүүлж чадаж байгаа эсэх, эрдэмтэн, багш нарт чадамж байна уу гэдэг талаас анхаарч, юунд төлбөрийн нэмэгдэл зарцуулагдахад хяналт тавьж байна. Хамгийн сүүлд нь их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөөс бусад аргаар орлогоо нэмэгдүүлэх чиглэл өгсөн.
-Манай улсын их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг олон улстай харьцуулахад ямар байна вэ?
-Манай улсын их, дээд сургуулиудын сургалтын төлбөр бусад улстай харьцуулахад харьцангуй бага. Бодит ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд хүүхдүүд маш их дадлага хийх ёстой. Үүнд зарцуулах хөрөнгөө манай улсын их, дээд сургуулиуд бүрдүүлж чадахгүй байна.
-Их, дээд сургуулиудаас чанартай боловсрол олгохыг шаардаж байгаа гэлээ. Үүнээс гадна яамны зүгээс чанартай боловсрол олгож, бодит чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн тулд төрийн их, дээд сургуулиудад аль болох сурах эрмэлзэлтэй залуусыг сургах хэрэгтэй байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдийг илүү бүтээлч, хариуцлагатай болгохын тулд Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог нэмсэн. Сайн оноо авахын тулд сурагч хөдөлмөрлөх хэрэгтэй болно гэсэн үг. Ер нь оюутан өөрөө хичээхгүй бол юу ч сурч чадахгүй. Тэгэхээр оюутан, залуус бодит мэдлэг чадвартай болохын төлөө хичээдэг, оролцоотой байх шаардлагатай.
Үүнтэй холбоотойгоор 2019 оноос сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө нэмэлт эссе бичдэг болно. Тодруулбал, шинэ элсэгч сонгох гэж байгаа мэргэжилдээ хэр сонирхолтой, мэргэжлээ хэр ойлгож мэдсэн, урьдчилсан бэлтгэл байгаа эсэхийг харгалзаж, мэргэжлийн талын ойлголт, нийгэмд хариуцлагатай байх байдлыг тодорхойлох эссэ бичүүлнэ. Мэргэжлээ сонгон, ойлгосон хүүхэд сургуулиудаа илүү мэрийлттэй байдаг.
Энэ хичээлийн жилд дөрвөн дээд сургууль нэгдэж, боловсролын чанараа сайжруулахаар болсон
-Үүнээс гадна их, дээд сургуулиудыг нэгтгэж байгаа. Одоогийн байдлаар хэчнээн сургууль нэгдээд байна вэ?
-Яамны зүгээс их, дээд сургуулиуд оюутан, залууст чанартай боловсрол олгож чадаж байгаа эсэхэд хяналт, үнэлгээ хийж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 18 сургуульд хяналт үнэлгээ хийсэн байгаа. Зарим сургуулиудад үйл ажиллагаагаа сайжруулах үүрэг өгсөн. Тэдгээр сургуулиудыг энэ жил дахиад хянана. Мөн сургалтын орчин нөхцөл, шаардлага хангаагүй сургуулиудыг хааж байгаа. Гэхдээ сайн дураараа зарим сургуулиуд нэгдэж байна. Одоогийн байдлаар дөрвөн сургууль нэгтгээд байна.
-Улсын хэмжээнд нийтдээ хэчнээн их, дээд сургуулиуд байна вэ?
-Өнгөрсөн оны статистикийн судалгаагаар 97 их, дээд сургууль байсан. Энэ жилийн судалгаа гараагүй байна.
-Энэ жилийн хувьд хэчнээн сургуулийг нэгтгэхээр төлөвлөсөн бэ?
-Хэдэн сургууль нэгтгэх нь хяналт шалгалт хийж дууссаны дараа тодорхой болно.