Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Б.Пүрэвдорж: Гишүүдийн тоог 99 болгохыг дэмжинэ, 'давхар дээл'-ийг дэмжихгүй

Б.Пүрэвдорж: Гишүүдийн тоог 99 болгохыг дэмжинэ, 'давхар дээл'-ийг дэмжихгүй
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 13
Эрх баригч нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гаргасан гэсэн мэдээлэл гараад удаж буй. Мөн УИХ-ын гурван ч гишүүн хоёр асуудлаар Үндсэн хуулийн зарим өөрчлөлт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн асуудлаар Цэцэд хандаад байгаа билээ. Тиймээс энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах магадлалтай болоод байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах шаардлагатай гэсэн асуудлаар Цэцэд хандсан. Хэрвээ Цэц энэ гомдолд маргаан үүсвэл Үндсэн хуульд холимог тогтолцоотой байхаар тусгах нь. Та үүнийг дэмжих үү?
-Өнөөдрийн Үндсэн хуульд хүнийг сонгоно гэж заасан байгаа. Тиймээс зайлшгүй Үндсэн хуулийн өөрчлөлт шинээр хийж байж сонгуулийн тогтолцоог өөрчилнө. Ер нь УИХ дахь АН-ын бүлэг гурван асуудал дээр нэг байр суурьтай байгаа. Нэгд, он дамжаад баахан сонгууль болдог. Тэр сонгуулиас нь болоод улс эх орны ажил хойш нь татагддаг. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-ынхан ялалт байгуулчихаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд бүтэн жилжингээ бэлтгэж үйл ажиллагаа явуулсан. Ийм зүйл хаа сайгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой гэдэг дээр байр суурь нэг байгаа. Хоёрт, сонгуулийн холимог тогтолцоо байгаа. УИХ-ын гишүүд аймаг, аймгаас сонгогдоод гараад байхаар улсын төсвийн ихэнх хөрөнгө оруулалтыг тийшээ тавиулдаг. Тиймээс сонгуулийн холимог системтэй болчихвол нэг хэсэг Их хурлын гишүүд улс эх орныхоо том бүтээн байгуулалт, том зүйл дээр анхаарлаа хандуулдаг болно. Мөн сонгуулийн санал гээгддэг асуудал байхгүй болно. Нийт сонгогчдын 40 хувийн санал авчихаад 65 суудал авдаг байж болохгүй. Гуравт, манай улс 2.5 сая орчим хүнтэй байхдаа 76 Их хурлын гишүүнтэй байна гэж тооцож гаргаж байсан. Өнөөдөр 3.4 сая хүрчихлээ. 2024 он гэхэд 3.5 сая гараад явчихна. Бүхэл бүтэн сая хүнээр хүн ам нэмэгдэх нь. Тиймээс гишүүдийн тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. 99 гишүүнтэй байлгах асуудлыг дэмжиж байгаа.
-Танай бүлгийн хоёр гишүүн Засгийн газрын дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байна гэсэн заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж мөн Цэцэд хандсан. Танай бүлэг энэ асуудал дээр нэгдсэн байр суурьд хүрээгүй юм уу?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр далимдуулаад “давхар дээл”-ийн асуудлыг оруулж ирнэ гэвэл дэмжихгүй шүү. Мэдээж парламентын гаднаас Засгийн газрын гишүүн болно гэдэг мэдээж хүнд. Гэхдээ мэргэшсэн сайд нь урт хугацаандаа салбарынхаа асуудлыг илүү сайн авч явна гэж үзэж байгаа. Тиймээс “давхар дээл”-ийн асуудлыг дэмжихгүй байгаа.
Манай хоёр гишүүн Цэцэд хандсан нь гэнэтийн үйл явдал болсон. Тиймээс энэ асуудлыг дахиад бүлгийн хэмжээнд ярилцах зайлшгүй шаардлага байгаа. Бид улсын төрийн том бодлого дээр нэг байр суурьтай заавал хандах ёстой.
-Танай бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн гурван зүйл дээр санал нэгдэж байгаа гэлээ. Хэрвээ Цэц дүгнэлтээ гаргачихвал он гаргаад энэ асуудлыг УИХ хэлэлцэх болов уу?
-Өнөөдөр МАН том, том үйл явдлынхаа ард гарлаа. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Ерөнхийлөгчийн сонгуулийг хийлээ. Дээрээс нь намын даргаа солилоо. Том, том хөтөлбөрүүдээ зарлаад ажил нь тодорхой хэмжээнд нь урагшаа явж байх шиг байна. Үүний ард Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх эрмэлзэл МАН-д байгаа гэж харж байгаа. УИХ-д байгаа бүлэг, фракцуудын байр сууриас ч харахад, ялангуяа МАН-ынханд “давхар дээл”-ийн асуудлыг шийдэх сонирхол маш их байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэн даруй оруулж ирэх бодлого яваад байна гэж харж байгаа. Хаврын чуулганаар энэ асуудлыг оруулж ирэх байх. Хэрвээ оруулж ирвэл би хувь гишүүнийхээ хувьд дээрх гурван асуудлыг дэмжинэ. Энэ бол цэвэр монголчуудын эрх ашгийн төлөө хийгдэх зүйл.
Өнгөрсөн парламентад МАН-ын 65 гишүүн 32,33-аараа хуваагдчихаад, дээрээс нь манай намын зарим гишүүн холимог систем энэ тэрийг хүлээж авахгүй байснаас болоод энэ өөрчлөлтийг хийж чадаагүй юм. Энэ парламентын үед, ялангуяа АН-ын бүлгийн гишүүдийн хувьд сонгуулийн холимог системийг Үндсэн хуульд оруулж чадна гэдэг бидний хувьд хамгийн том амжилт гэж үзэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн