Open iToim app
Тэд бидний тухай | 6 мин уншина

Василий Иванович: Монгол дахь Путины эрх ашиг

Василий Иванович: Монгол дахь Путины эрх ашиг
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 13
ОХУ-ын нийтлэлч, блоггер Василий Ивановичийн 2014 оны есдүгээр сард Путины Монгол Улс дахь нүүрс, төмөр замын төслүүд дээрх эрх ашгийн талаар бичсэн нийтлэл сүүлийн үед Монголын цахим орчинд анхаарлын төвд ороод байна. Иймд энэхүү нийтлэлийг эмхэтгэн хүргэж байна.   
Оросын бүх хаад болон Зөвлөлтийн удирдагчид “Оросын газар нутгийг тэлсэн хүн” гэдэг нэрээр түүхэнд үлдэхийг эрмэлздэг байв. Жишээ нь, Лениний унхиагүйтэж алдсан Финлянд, Польш зэрэг Оросын эзэнт гүрний газар нутгийг эргүүлэн авах асуудал үргэлж Сталины анхаарлын төвд байж ирсэн. Алдсан газар нутгаа авах гэж янз бүрийн оролдлого хийсэн. Улмаар ЗХУ 1939-1940 оны дайны үр дүнд баруун Украин, баруун Беларусийг өөртөө нэгтгэж, тухайн үеийн Ленинград хотоос Финландын хилийг түрж, холдуулсан.
Путин бол эргэлзээгүй агуу улстөрч. Тэр оросуудын зүрх сэтгэлд агуу их гүрний мэдрэмж, галыг дахин асааж, сэрээсэн нэгэн. Мөн Путины ачаар ОХУ өнөөдөр Вашингтон болон Европын холбооноос царай алдалгүй бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж явна. Зөвлөлт болон өнөөгийн ОХУ-ын гадаад бодлогын ялгаа удирдагчдынх нь энгийн прагматизмд оршдог.
ЗХУ-ын удирдагчид социалист чиг баримжаа тунхагласан бүх хүнд зэвсэг, зээл тусламж үзүүлж, Саддам Хусейн, Нур Мохаммед Тараки зэрэг жигшүүрт хүмүүстэй анд нөхөд болж байв. Харин одоо бол ОХУ-ын гадаад харилцаанд цэвэр эдийн засгийн болон геополитикийн ашиг сонирхол нэгдүгээрт тавигддаг.
Бүр Фидель Кастро мэтийн ЗХУ-ын үеийн хуучин анд нөхөдтэйгөө хүртэл маш прагматик бодлогоор ажилладаг. Жишээ нь, Путин ЗХУ-ын үеийн Кубийн 32 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн явдал бол ах дүү орны хайр биш. Эсвэл задарсан ах нь цөхрөнгөө барьсандаа ядарсан дүүгээсээ мөнгөө авахгүй гэж байгаа зүйл огт биш. Куба өр цайрсны төлбөрт ЗХУ-ын үед байгуулсан цэргийн баазыг сэргээн босгохыг зөвшөөрөх ёстой. Энэ бол ОХУ дэлхий даяар цэрэг, батлан хамгаалахын нөлөөгөө тэлэх том төлөвлөгөөний ердөө нэг хэсэг юм.
Тэгвэл Монгол бол Путины онцгой анхааралд байдаг улс. Асуудал нь, Монгол Улс олон жилийн турш ЗХУ-ын дагуул улс явсанд биш. Эсвэл Монголчууд Горбачёвын сул талыг далимдуулж тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Бейкерийн амлалтад найдан Зөвлөлтийн олон мянган цэргийг бараг нэг шөнийн дотор хөөж гаргасанд өш санадаг гэвэл бүр ч биш.
Монголд Оросын эдийн засаг болон геополитикийн ашиг сонирхол л бий. Гэхдээ Кремль яг аль ашиг сонирхлоо эхэнд эрэмбэлдгийг мэдэхгүй. Магадгүй эдийн засгийн ашиг сонирхол нь л түрүүлдэг байх.
Владимир Якунин(2005-2015 онд РЖД-гийн ерөнхийлөгч) төмөр замын мэргэжилтний хувиар томчуудын нэг биш. Тэр бол Путины найз. Бас тэр бизнесийн менежер бус Путины геополитикийн том тоглоомын төмөр замын тээврийн хэсгийг явуулах гэж РЖД-г толгойлдог.
Путин Балтийн орнуудаас бусад хуучин Зөвлөлтийн орнуудыг эдийн засгийн хувьд нэгтгэж, эдийн засгийн бүс бий болгохыг зорьж буй. Европын холбоо шиг “Евразийн эдийн засгийн холбоо”, “Евразийн Гаалийн холбоо” гэх мэтээр. Үүнд хамгийн эхэнд ОХУ, Казахстан, Беларусь нэгдэн орсон.
Яах вэ, Казахстанд бол илүү стратегийн сонирхол байгаа. Тэдэнд Хятадтай харилцах харилцаанд том, найдвартай түнш, “ар тал” хэрэгтэй. Харин Беларусь, ерөнхийдөө бол Лукашенкод сонголт байгаагүй. Учир нь, Европын холбоонд Беларусь хэрэггүй. Ямар “МАЗ” эсвэл төмс авалтай биш. Дээр нь Европын холбоо Лукашенко шиг дарангуйлагчтай харьцахгүй. Тиймээс Кремль түүнтэй “Тэр бол новшийн хүү. Гэхдээ манай новшийн хүү” гэдэг зарчмаар харьцаж, түүний асуудлуудыг нүдээ аниад өнгөрдөг.
Тэгвэл хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг хамарсан эдийн засгийн холбоо байгуулах гол орц нь төмөр зам юм. Дан төмөр зам биш шүү. Төмөр замын сүлжээ.
Армени улс хамгийн сүүлд Евразийн эдийн засгийн холбоонд албан ёсоор элсэж байгаа. Шалтгаан нь төмөр зам. Армений хувьд төмөр зам эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Кремль Армений дамжин өнгөрүүлэгч, төмөр замын транзит улс гэдгийг нь далимдуулан 2008 онд “Армений төмөр зам” компанийг РЖД-д нэгтгэж, өөрийн болгосон. Одоо энэ компанийн менежментийг РЖД хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл, Армений төмөр зам”-ыг ОХУ-ын мэргэжилтнүүд удирддаг. Яг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүх орнуудын төмөр замд ижил дарамт үзүүлдэг шиг. Жишээ нь, Орос, Казахстанд эдийн засгийн ямар ч өгөөжгүй, бусдад нь ашигтай Хятад-Киргизстаныг холбох төмөр замын төслийг нефтийн бүтээгдэхүүнд хориг тавих заналхийллээр зогсоосон. Төмөр замаар шахах энэхүү бодлогыг Якунин боловсруулсан. Одоо Монгол Улсад уг бодлогоо хэрэгжүүлж байгаа.
Гэвч Монгол Улсад энэ бодлого хэрэгжихэд гол асуудал болж байгаа саад нь Монголын төрийн бүтэц юм. Путин бол бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн улс орны цорын ганц удирдагч. Харин Монгол Улс өөрийн гэсэн онцлогтой парламентын засаглалтай орон. Тиймээс Путин 76 гишүүнтэй ажиллах хэцүү, одоохондоо аргаа олж чадахгүй байгаа.
Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед Путин Монгол Улсын их өрийг тэглэсэн. Тэрээр Путинд маш олон зүйл амласан боловч Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож чадаагүй. Одоо Н.Энхбаяр Солонгост эмчлүүлж байгаа. Тиймээс өвдсөн хүнээс “тэр амласан мөнгө, ураны орд чинь хаана байна?” гэж асуух нь ч хаашаа юм.  
Энхбаяр бүтээгүй болохоор Путин хамгийн хэрэгтэй хүн бол Ерөнхий сайд нь юм байна гэж шийдсэн. Тэгээд С.Баярыг Ерөнхий сайд болоход тусалсан. Даанч С.Баяр Оюу Толгойн ордыг Рио Тинтод өгч Путиныг луйвардсан. Тэгээд Баяр мориноос унаж гэмтсэн тул бас л эмчлүүлэхээр Америк яваад өгсөн.
Баяр бас бүтээгүй болохоор алдартай улстөрч Х.Баттулгыг элсүүлсэн. Даанч Баттулгын тэнэглэл эсвэл шуналын улмаас сайнаар төгссөнгүй. Энэ талаар сүүлд дэлгэрэнгүй бичнэ.
Эндээс дүгнэхэд нэг талдаа, Путины дэргэд Монголын талаар зөвлөх сайн шинжээч байхгүй байгаа бололтой. Нөгөө талдаа, Зөвлөлтийн үеийн “том ах” арга барил, хандлага нь саад болоод байх шиг.
undefined
Хүссэн ч эс хүссэн ч Монголын бараг бүх дэд бүтэц, аж үйлдвэрийг ЗХУ бий болгосон. Яах вэ, зарим аж үйлдвэрийг социалист лагерийн бусад орнууд барьж байгуулсан. Гэхдээ Москвагийн захиалгаар. Жишээ нь, Улаанбаатарын гутлын үйлдвэр, Дарханы цементийн үйлдвэрийг Чехословакууд Москвагийн захиалгаар барьсан.
ОХУ-ын амбийц бол эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч гүрэн болох. Дэд бүтэц, боловсон хүчин, хүний нөөц гээд үүнд хүрч чадах бүх нөөц бололцоо бий. Мэдээж технологийн хоцрогдол байгаа учраас ОХУ нарны зай болон бусад сэргээгдэх эрчим хүчний салбарын зах зээлд өрсөлдөж чадахгүй. Тэгэхийг ч хүсэхгүй. Тэгэх хэрэг ч байхгүй. Яагаад гэвэл, ОХУ-д стратегийн ач холбогдлын дарааллаараа газрын тос, байгалийн хий, нүүрс, уран гэд бүх түүхий эдийн нөөц байгаа.
Харин Монгол Улсад энэ дарааллаас ОХУ-ын хувьд ач холбогдлоороо сүүлд ордог нүүрс, уран бий. Эндээс л Монгол дахь Путины ашиг сонирхол гарч ирж байгаа юм. Товчхондоо, Монгол нүүрс зарвал Оросын нүүрсний экспортод шууд заналхийлж байна гэсэн үг.
Вашингтон 1990-ээд оны дундуур Европын нүүрсний импортын зах зээлээс ОХУ-ыг шахаж гаргасан. Тэгээд бид биш Колумбууд Европд нүүрс зарж байгаа шүү дээ гэж хэлсэн нь хоржоонтой тохуурхал юм. Тэр үед ч, одоо ч Колумбын нүүрсийг АНУ атгадаг гэдгийг бүгд л мэднэ. Тэгээд Оросууд илүү ирээдүйтэй Ази-Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Хятад, Япон, Солонгос, Тайваний зах зээлд анхаарлаа хандуулах болсон.
Михаил Фрадковын Засгийн газрын үеэс ОХУ Монголын нүүрсний салбарт хяналтаа тогтоохыг хичээсээр ирсэн. Ялангуяа Тавантолгой орд дээр онцгой анхаарч байсан. Бүр 2007 онд Оросууд Тавантолгойн нүүрсний ордыг сонирхож байгааг албан ёсоор илэрхийлж байв. Гэхдээ яг сонирхол нь бол ордыг өөрсдийн хяналтдаа авах байсан. Учир нь, Хятадын хилийн хажууханд оршдог энэ орд ОХУ-ын нүүрсний салбарын бүх бодлогод томоохон аюул заналхийлэл болж байлаа. Байршил, нүүрсний чанар, өртгийн үнэ гэх мэтчилэн.
Тэгээд Путин Владимир Якунин, Олег Дериспаска нарт эхлээд төмөр зам, дараа нүүрсний орд гэх байдлаар асуудлыг даалгахаар шийдсэн. Мөн энэ ажилд Монголын талаас амбийцтай улстөрч, Монголын ардчилсан холбооны тэргүүн Х.Баттулгыг сонгож, элсүүлсэн.
Якнунины даалгавар бол Тавантолгойн ордыг Транс-Монголын төмөр замтай холбох. Өөрөөр хэлбэл, УБТЗ-ын 50 хувийг РЖД эзэмшдэг. Тиймээс нэгэнт Транс-Монголын төмөр замтай холбочихвол Тавантолгойн хяналт Оросуудад автоматоор орж ирнэ.
Тэгээд л 2010 онд Якунин гэнэт шидтэн шиг гарч ирээд Чойр өртөөнөөс Находка руу Монголын нүүрс ачсан хоёр галт тэрэг явуулаад л, Монголын далайд гарцтай болох эртний мөрөөдлийг нь биелүүлж байсныг санаж байхаа байх. Тэр үед РЖД эсвэл Якунин хувь хүнийхээ хувьд ёстой юуг ч хийж чадахыг бүгдэд нь харуулсан.
Харин Дериспаскагийн ажил нь Монголын хамгийн чухал нүүрсний ордууд, тэр дундаа Тавантолгойн ордыг хэсэгчлэн эсвэл бүтнээр эзэмших явдал байсан. Гэхдээ энэ дээр бол Монголын улстөрчид болон бизнесмэнүүд оросуудаас илүү тоглосон. Ингээд “Ухаа худаг”-ийг “Энержи ресурс” нэрээр Монголын групп компани авч, бусад гадаад компаниудад хувь эзэмшүүлсэн. Энэ дээр Оросууд оролцох гэж өчнөөн үзсэн ч юу ч олж долоогоогүй. Гэхдээ энэ нь Оросуудад ч сайн болсон.
Гол нь, Тавантолгойн ордод хяналт, атгандаа оруулах байв. Гэтэл “Энержи Ресурс”-ын сэргэлэн залуус Якунин, Дерипаска хоёрын бараг бүх хөзрийг будлиулсан. Тэд төмөр замын төслийг санхүүжүүлэх 700 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг олж ирж чадсан. Тэгээд манай залуус Тавантолгойгоос шууд Хятадын хил хүрдэг Оросын мэдлийн бус төмөр зам барихыг зөвшөөрөөгүй. Учир нь, энэ төмөр зам Оросын нүүрсний салбарын бүх хөрөнгө оруулалтын төслүүдийг тасалдуулж болзошгүй.
Тиймээс Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг зогсоох даалгаврыг Монгол Улсын төр, Засгийн газрын хүмүүстээ үүрэг болгосон. Тэгэхээр эндээс Гашуунсухайт төмөр зам Монголын геополитик, үндэсний аюулгүй байдалтай түй ч хамаагүй гэдгийг ойлгож байгаа байх. Гол нь Оросын ашиг сонирхлыг харгалзан үзэх шаардлагатай бөгөөд тэгвэл бүх зүйл бүтнэ.
Монгол Улс өмнө нь ЗХУ-ын эзэмшилд байсан ураны ордуудаа ашиглах талаар маш олон материал бий. Эдгээр төсөл дээр Канад, Францууд ажиллаж чадахгүй. Учир нь, Оросууд үүнийг зөвшөөрөхгүй.  
Эх сурвалж: Asiarussia.ru
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн