Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд таваас дээш насны 2243 хүн амиа хорложээ. Амиа хорлолтын талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэх нь хэр зохимжтой талаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, магистр Д.Идэржаргалаас тодрууллаа.
-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд амиа хорлосон, хорлохыг завдсан мэдээлэл их гарах боллоо. Амиа хорлолтын талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэх нь хэр зохимжтой вэ?
-Хэвлэл мэдээллийн байгууллагууд амиа хорлолтын талаар мэдээлэхээсээ өмнө үүнийг заавал мэдээлэх шаардлага байна уу гэдгийг хэлэлцэж байх хэрэгтэй. Сайн сэтгүүл зүйтэй орнуудад амиа хорлолтын талаар шууд дамжуулан мэдээлэх нь тун ховор. Хүчирхийлэл, амиа хорлолт зэрэг эмзэг асуудлыг болгоомжгүй, мэдрэмжгүй мэдээлсний улмаас хохирогч давхар хохирох, даган дуурайх үзэгдэл гардаг. Энэ нь олон жишээгээр батлагдаад ирэхээр эмзэг сэдвийг хэрхэн сурвалжлахад анхаардаг болсон улс орнууд ч бий.
-Амиа хорлолтын талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэх нь нийгэмд хэрхэн нөлөөлөх вэ?
-Амиа хорлолт, хүчирхийлэл зэрэг эмзэг асуудлыг сурвалжлахдаа хамгийн түрүүнд авч үзэх ёстой асуудал нь бид юуны төлөө үүнийг мэдээлж байна вэ. Хэрвээ хандалт авахын төлөө л ийм асуудлыг мэдээлэх гэж байгаа бол сэтгүүлчийн ёс зүй, хүний эрх, сэтгүүл зүйн үүрэг, зорилгын талаар тухайн редакц, хамт олонд ойлгуулахаас нааш өөрчлөлт гарахгүй. Хүний амьдралын үхэл хагацал, зовлон зүдгүүртэй холбогдож болох асуудлыг хандалт авах зорилгоор мэдээлнэ гэдэг нь тэнд мэргэжлийн ёс зүй байхгүй, эсвэл энэ талаар огт мэдэхгүй байна гэсэн үг.
Эсрэгээрээ, чанартай, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйн хувьд ийм үйл явдлуудыг мэдээлэх нь нэг л зорилготой байдаг. Ийм хэргийг бууруулах буюу амиа хорлолт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгохыг зорьдог. Тийм учраас асуудлыг сенсаци болгож мэдээлэхгүйгээр хам асуудлууд нь юу байна, манай нийгмийн систем энэ асуудал үүсэхэд хэрхэн нөлөөлөв, хаана нь засаж залруулах зүйл байна гэсэн өнцгөөс мэдээлдэг.
Хэрвээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд амиа хорлолт, хүчирхийллийг зөвхөн мэдээлэх зорилгоор мэдээлээд л өнгөрдөг, сенсацлаад л орхидог явдал газар авбал маш аюултай. Олон улсад хийгдсэн томоохон судалгаануудыг харахад ийм эмзэг асуудлыг зөвхөн мэдээлээд л өнгөрснөөр нийгэмд дараах байдлаар сөргөөр нөлөөлдөг.
Нэгд, олон нийт үүнийг хэвийн буюу байдаг л зүйл юм байна гэж харж эхэлдэг. Энэ нь хүчирхийлэгчдэд өөрийгөө зөвтгөх хандлагыг бий болгож байдаг.
Хоёрт, хохирогчдыг мэдээллээр давхар хохироож байгаа учраас тэд хохирсон гэдгээ зарлахаас эмээх шалтгаан болдог. Хүчирхийлэлд өртсөн, амиа хорлох гээд бүтэлгүйтсэн хүний нэр усыг зарлах, нэр усыг нууцаллаа ч түүнийг таньж болох дүрсийг харуулах, гэрийн хаяг, сургууль зэрэг бусад шинж тэмгүүдийг нь мэдээлээд байдаг алдаа манай сэтгүүл зүйд түгээмэл бий. Мөн хохирогчийн хувийн амьдралын талаар маш их бичдэг, тэрэнтэйгээ тийм нөхцөлд амьдардаг байсан, өмнө нь цагдаад тийм хэрэг бүртгэгдэж байсан гэх мэтчилэн хохирогч дээр л анхаарсан өнцгөөс мэдээлээд байгаа нь тэднийг давхар хохироогоод байдаг. Мөн сэтгүүлчид асуудлыг учир шалтгааныг олсон багахан мэдээлэлдээ үндэслэн шууд дүгнэх гэж оролдоод байна.
Гуравт, амиа хорлолтыг сенсацитай мэдээлэх тусам даган дуурайх үзэгдэл нэмэгддэг нь судалгаануудаар батлагдсан байдаг. Тухайлбал, Японд 1987-2005 оны хооронд амиа хорлосон дата, кэйсүүдийг шинжилсэн судалгаагаар амиа хорлосон эсвэл хорлох гэж оролдсон тухай олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн тохиолдол бүрийн дараах өдрүүдэд амиа хорлолт нэмэгдсэн гэдэг нь тогтоогдсон байгаа юм. Мөн олны танил хүмүүс амиа хорлосны дараа амиа хорлох үзэгдэл ч нэмэгддэг гэж дүгнэсэн.
Ийм сөрөг нөлөөнүүдийг нийгэмд бий болгох эрсдэлтэй учраас амиа хорлолт, хүчирхийллийг мэдээлэхдээ үүнийг урьдчилан сэргийлүүлэх, буруулах зорилго өвөртөлж мэдээлж буй гэдгээ санан ёс зүйтэй, мэдрэмжтэй мэдээлэх нь чухал юм.
-Амиа хорлолтын талаар мэдээлэхээр бол юунд анхаарах вэ?
Нэгдүгээрт, хохирогчийг буруутгаж огт болохгүй. Бүгдийг нь тийм гэж хэлэхгүй ч манай сэтгүүл зүйд хохирогчийг буруутгасан өнгө аясаар маш их мэдээлж байна. Ил задгай хувцасласан байснаасаа, эсвэл согтчихсон байснаасаа болоод хүнд хүчирхийлүүлсэн мэт ойлголтыг нийгэмд өгч хохирогчийг давхар хохироодог. Эсвэл болж бүтэхгүй амьдралтай байсан учраас амиа хорлох гэж оролдсон байна гэсэн мессежийг өгч байна. Өөрөөр хэлбэл, асуудал яагаад үүсэв, үүссэн тохиолдолд хэрхэх ёстой вэ гэдэгт анхаарахаас илүүтэй хохирогч хэн байсан, юу өмсөж байсан, ямар амьдралтай байсан зэргээр хохирогчид төвлөрч мэдээлээд байгаа нь буруу юм.
Хоёрдугаарт, маш сайн сэрэмжлүүлж мэдээлэх ёстой. Эмзэг асуудлын талаар мэдээлж байгаа л бол заавал сэрэмжлүүлэх шаардлагатай. Хүчирхийллийн хэргийн талаар мэдээлсэн бол та хүчирхийлэлд өртвөл ямар утсаар, ямар шат дарааллаар өөрийгөө хамгаалуулах боломжтой вэ гэдгийг нь хэлж өгөх ёстой гэсэн үг. Гэтэл манай сэтгүүлчид сэрэмжлүүлэхдээ дийлэнхдээ "шөнө оройн цагаар гадуур явахгүй байх, ил задгай хувцаслахгүй байх, архидан согтуурахгүй байх, бага насны хүүхэддээ анхаарч байх" гэж сэрэмжлүүлдэг. Энэ бол сэрэмжлүүлэг биш, давхар хохироож байгаа явдал юм. Согтуу учраас, хүүхэддээ анхаараагүй учраас, гадуур хэсэж тэнэж яваад хохирогч болчихжээ л гэж хэлээд байгаа хэрэг. Ингэж мэдээлбэл хохирогч бүр их шархална, нийгэм хохирогчийг буруутгаж харна. Бага насны хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэхдээ "Хойд байтугай төрсөн эцэг нь хүүхдээ хүчирхийлдэг болсон энэ цаг үед цэцэг цэврүү шиг охидоо нүд салгахгүй харж хандъя" гэж "сэрэмжлүүлснийг" уншаад толгой сэгсэрч байлаа. Тиймээс сэтгүүлчид зөв сэрэмжлүүлж сурах ёстой.
Гуравт, энэ асуудал яагаад бий болов, асуудал үүсэхээс хамгаалах сэргийлэх систем манайд хэр байна, хаана нь алдаа дутагдал байна гэдэг өнцгөөс буюу хам сэдвийг сурвалжлах нь маш чухал. Саяхан гурван хүүхэд амиа хорлох гэж оролдсон талаар хэвлэлүүд их мэдээлсэн. Тэдэн дундаас eguur.mn амиа хорлохоор үсэрсэн хүн гудсан дээр унасан ч гэлээ амиа алдсан учир шалтгааныг сурвалжилж, улсын хэмжээнд ийм гудас ганцхан байдгаас гадна таван давхраас л үсэрсэн хүнийг аврах боломжтой гудас байгааг мэдээлснийг маш их сайшааж байна. Бусад хэвлэлүүд нийтээрээ ингэж мэдээлдэг болчихвол сэтгүүл зүй эмзэг асуудалд анхаарч буйн, үүнийг буруулах зорилго өвөртөлж буйн тод жишээ болж харагдана, нийгэм ч асуудлыг хэвшмэл ойлголтоор бус шинэ өнцгөөс харж эхэлнэ.