Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Арматурын үнэ гурван сая төгрөг давжээ

Арматурын үнэ гурван сая төгрөг давжээ
Нийтэлсэн 2021 оны 6 сарын 29
Цар тахлын нөхцөл байдал болон дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байгаагаас шалтгаалан барилгын гол нэрийн бүтээгдэхүүн арматурын үнэ өсөөд байна. Жилийн өмнөхтэй харьцуулахад нэг тонн арматурын үнэ мм-ээсээ хамаарч 400-770 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар хоёр дахин нэмэгдэж дундаж үнэ 1000-1350 ам.доллар болж өсжээ. 
Манай улсын хувьд дотоодод зарагдаж байгаа арматурын дундаж үнэ урт, мм-ээсээ хамааран аль хэдийнээ гурван сая төгрөг давжээ. Тухайлбал, Улаанбаатар Менежмент ХХК-ийн 12 мм нэг тонн арматур 3.080,000, Агь Трейд ХХК-ийнх 12 мм нь мөн адил 3.080,000 төгрөгийн үнэтэй  зарагдаж байна.
Сангийн яамны тайлан мэдээгээр Монгол Улс 2020 онд 240 мянган тонн арматур импортолж, 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур импортолж, 5000 тонныг дотооддоо үйлдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, энэ онд арматурын нийлүүлэлт хангалттай түвшинд хүрэхгүй байгаагаас дотоодод хомсдол үүсч, үнэ улам өсөх хандлагатай байна. Барилгын салбарынхны хувьд ч сүүлийн хоёр жил цар тахлын нөлөөллөөс болж хэвийн ажиллаж чадахгүй байгаагаа учирлаж байна. Дээр нь гол нэрийн түүхийн эдийн үнэ өсч байгаа учраас барилга барихад хүндрэл үүсч байгаа аж. Үүнийг дагаж зах зээлд орон сууцны ам метрийн үнэ өсч, нийлүүлэлт хомсдох эрсдэл үүсчээ.
Барилгын материал тэр дундаа арматур  өсөхөд юу голлон нөлөөлсөн, яамны зүгээс үүнд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар Барилга хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригоос тодруулахад “Барилгын материалын үнэ өсч байгаа гол шалтгаан нь урд, хойд хөршид үнэ нь өсч байгаатай холбоотой. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан уг асуудлыг Засгийн газарт өмнө танилцуулж байсан. Үүний дараахан Сангийн яамны сайд “Бид барилгын материалын үнийн өсөлтөд нөлөөлж чадахгүй юм байна. Энэ зах зээлийн зарчмаар явагдах ёстой” хэмээн мэдэгдэл гаргасан. Иймд ойрд энэ талаар яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ байхгүй болов уу. Манай яамны зүгээс  холбогдох зарим материалуудын түүхий эдийг гааль, НӨАТ-өөс чөлөөлөх хуулийн төсөл боловсруулан Сангийн яам, Хууль Зүйн яаманд хүргүүлсэн хүргүүлсэн.
Ерөнхийдөө барилгын материал, арматурын үнэ өсч байгаа нь хил дээр ачаа тээвэр гацсантай бас холбоотой. Ачаа тээврийн асуудлаас болж нийлүүлэлт багасч байна. Энэ тал дээр ГХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм. Тэд энэхүү асуудлыг шийдвэрлэх гол ажлыг хийнэ” гэлээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн