Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Б.Чойжилсүрэн: Албан тушаалаа ашиглаж компани руугаа 36 тэрбум төгрөг шилжүүлээгүй

Б.Чойжилсүрэн: Албан тушаалаа ашиглаж  компани руугаа 36 тэрбум төгрөг шилжүүлээгүй
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 31
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн  эзэмшлийн “Хурд групп”-т НӨАТ-ын буцаан олголтын 36 тэрбум төгрөгийг олгосон гэх мэдээлэл гарсан. Түүний энэ үйлдэл нь УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн эсэхийг тодруулахаар “Иргэний шударга шүүх” ТББ-аас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан байна. Тэгвэл Ёс зүйн дэд хорооноос уг асуудлыг шалгаад албан ёсны дүгнэлтээ гаргажээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.
Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд “Хурд групп” ХХК-д 18 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгосон нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан, импортоор оруулсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” албан татварыг тухайн татвар төлөгчийн төсөвт төлөх татвараас хасаж тооцох мөн хуулийн 15.1-д албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгохоор заасныг тус, тус үндэслэсэн байна. Албан татварын илүү төлөлтийг холбогдох журмын дагуу Татварын ерөнхий газраас хянаж, баталгаажуулсан байна. 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын албан татварын буцаалт “Хурд групп”-т олгогдоогүй байх бөгөөд Сангийн яамны холбогдох албан бичгүүдэд нийт 18 тэрбум төгрөгийн албан татварын буцаалтыг “Хурд групп” ХХК-д шилжүүлсэн бөгөөд Сангийн яам болон Татварын Ерөнхий газрын ирүүлсэн албан бичиг, баримт тайлбар мэдээллийг үзэхэд “Хурд групп” ХХК 18 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн татварын буцаан олголтыг авах эрх нь дээр дурдсан холбогдох хуулийн дагуу үүссэн бөгөөд буцаалтыг олгох шийдвэр гаргах явц нь холбогдох хуулийн дагуу явагдсан байна. Иймд Ёс зүйн дэд хорооноос УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй байна гэж үзсэн болно” хэмээн дурджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Миний 100 хувь эзэмшдэг “Хурд групп” ХХК 2010 нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэлх НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах актыг татварын ерөнхий газарт хүргүүлж баталгаажуулсан. Татварын Ерөнхий газраас НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулж буцаан олголтыг өгсөн. Энэ бол хуулийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа. Урьдчилж илүү төлсөн татвараа буцаан авсан үйл явдал юм” гэлээ.
Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Танай компани тус, тусдаа 18 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг авсан юм биш үү. Тэгэхээр нийлээд 36 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авсан гэсэн үг.  Яагаад 36 тэрбум төгрөгийн буцаан олголтыг аваагүй гэж хэлээд байгаа юм бэ?
-Сангийн яамнаас найман тэрбумаар нэг удаа 10 тэрбумаар нэг удаа гүйлгээ хийсэн. Нийт 18 тэрбум төгрөг. Нэгийг нь хоёроор үржүүлээд л олон нийтийн сүлжээнд тавьчихсан байх.
-Илүү төлсөн татвараа яагаад НӨАТ-ын татвар гэдэгт оруулсан юм бэ. Энэ талаар тайлбар өгнө үү?
-“Хурд групп” ХХК нь барилгын өртгийг бүрдүүлэх явцдаа барилгын материал худалдан авахдаа илүү төлсөн НӨАТ нь тайлагнах, борлуулах борлуулалтаас нь илүү гарчихсан учраас ийм зүйл үүссэн. Татварын буцаан авах журмын дагуу л явагдсан ажил. 36 тэрбум төгрөг гэдэг нь гүтгэлэг.
-Тост тосон бумбын нурууны ойролцоо таны 50 хувийг нь эзэмшдэг компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Та улстөрч, нэр хүндтэй бизнесмен хүнийхээ хувьд энэ ордоос татгалзчихаж болдоггүй юм уу?
-Тост тосон бумбын нуруунаас 50 км-ийн зайтай талбайг энэ компани эзэмшдэг. Миний 50 хувийг нь эзэмшдэг компанитай яг зэрэгцээ талбайд нийт таван компани үйл ажиллагаа явуулдаг. Намайг улс төрд байгаа болохоор л ингээд баалаад байгаа юм. Түүнээс биш хууль зөрчихсөн зүйл байхгүй. Хоёр голын ургацаас холдуулж, 2 км-ээр талбайгаа татсан. Урт нэртэй хуулиар бол 200 м л байгаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн