Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

ЖДҮ эрхлэгч М.Мөнхцэцэг: Зарж буй барааг мах, сүүгээр сольё гэх хүн олширсон

ЖДҮ эрхлэгч М.Мөнхцэцэг: Зарж буй барааг мах, сүүгээр сольё гэх хүн олширсон
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 14
Сонгинохайрхан дүүргийн бизнес эрхлэгч, “Зузаан хөөвөр” брэндийг үйлдвэрлэгч М.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-ЖДҮ эрхлээд хэдий хугацаа өнгөрөв, энэ хугацаанд хэрхэн хүрээгээ тэлсэн бэ?
-Би 2009 оноос эхлэн гэртээ өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Манай гэр Баянхошуунд байрлах Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байдаг. Жилийн өмнөөс дүүргийнхээ Инкубатор төвд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтад сууснаар ЖДҮ эрхлэгч болж өрхийн бизнесээ тэлсэн. Миний хувьд ноос ноолууран бүтээгдэхүүн урладаг. Одоогоор 20 нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулж байна. Малгай, бээлий, ороолт, хантааз, жилетка, цамц, өмд гээд хүний өмсдөг бүхий л хувцсыг урлана. Нэг цамц гэхэд л товчтой, цахилгаантай, малгайтай, хүзүүтэй, хүзүүгүй гээд олон төрлөөр гарна.  
-Бүтээгдэхүүний түүхий эдээ хаанаас авдаг вэ. Дотоодоосоо хангаж чаддаг уу?
-Дотоодоосоо 100 хувь хангадаг. Түүхий эддээ сарлагийн хөөвөр, хонины ноосыг сонгодог. Ноолуураар хийдэггүй. Цаашид ноолуураар бүтээгдэхүүн хийх төлөвлөгөөтэй. Одоохондоо үнэ нь хэтэрхий өндөр байдаг учраас зарим нэг хүндрэлүүд бий. Хамгийн үнэтэй материал нь ямааны ноолуур. Дараа нь сарлагийн хөөвөр, дараа нь хонины ноос. Үнэтэй түүхий эд ашиглавал бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Тэр хэрээрээ хямралын үед зарагдах нь муудна.
-Түүхий эдийн олдоц хэр байдаг вэ. Ер нь энэ төрлийн бизнес эрхлэхэд ямар ямар хүндрэл тулгарч байна вэ?
-Сарлагийн хөөвөр нэг жилийн өмнө кг нь 120-150 мянга байсан бол 150-200 мянган төгрөгийн үнэтэй болсон. Хонины ноос кг тутамдаа 30 мянган төгрөг байсан бол 60 мянган төгрөг болж өссөн. Харин ноолуур кг тутамдаа 516 мянган төгрөг гэдэг. Хонины ноос элбэг олддог бол сарлагийн хөөвөр ховордсон. Дөнгөж аж ахуйн нэгж болж байгаа хоёр гуравхан ажилчинтай газар материалаа багаар авдаг. Харин том үйлдвэрүүд олон тонноор нь авдаг.
-Бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа ЖДҮ эрхлэгчдэд цаг үеийн тулгамдсан асуудлууд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Энэ онд ковидын хорио цээргүй байна. Тиймээс өнгөрсөн хоёр жилтэй харьцуулбал хамаагүй бизнесийн орчин зөөлөрсөн. Цар тахал, цаг үеийн хүнд асуудлууд бидэнд сайн, муу аль алинаар нь нөлөөлсөн. Сайн тал нь гэвэл, цахимаар худалдаа хийж, хүмүүст бараа бүтээгдэхүүнээ борлуулж болдгийг сайн ойлгож, борлуулах менежментээ илүү ухаалаг болгож чадсан. Харин сөрөг тал нь үйлчлүүлэгчээс дамжин бидэнд түлхүү ирдэг.
Эдийн засгийн хямрал иргэдэд их хүндээр тусаж байгааг бараа зарж байгаа хүмүүс маш сайн мэдэрдэг юм билээ. Нэгд, борлуулалт буурна. Хоёрт, хүмүүс авах гэж байгаа бараагаа хямдруулахыг их хүсдэг. 1000 төгрөг ч хамаагүй буулгаад өгөөч гэж гуйна. 20 мянган төгрөгийн барааг 17 мянган төгрөг хүртэл хямдруулдаг. Манайх чинь Баянхошууны эцэст байдаг учраас хотын төвийн дэлгүүрүүдээс хамаагүй хямд үнэтэй. Их мөнгө нэмж зарж чаддаггүй. Тэгсэн ч заримдаа хямдруулахаас өөр аргагүйд хүртэл гуйдаг юм. Зарим хүмүүс ааруул, сүүгээр сольё гэдэг. Байгаа зүйлээрээ сольё гэх хүмүүс ер нь олширсон.
undefined
-Бизнес эрхлэгчдээ хороо дүүргээс нь хэр дэмждэг вэ?
-Үнэнийг хэлэхэд манай хороо мэдээлэл өгдөггүй. Харин дүүрэгтээ жилийн өмнө хийж буй ажлаа бүртгүүлсэн юм. Бүртгэл хийлгэснээс хойш сургалт, семинар юу л болно утсаар мэдэгдэж, байнга мэдээлэл өгдөг болсон. Бизнес эрхэлдэг, эрхэлдэггүй хамаагүй хороо, дүүрэгтээ мэдээллээ сайн өгч, авч байх хэрэгтэй юм билээ. Манай дүүрэг ЖДҮ эрхлэгчдээ бусад дүүргүүдээс илүү их дэмждэг санагдсан. Одоогоор Баянхошууны Инкубатор төвд метр квадрат ажлын байрыг 10 мянган төгрөгөөр түрээсэлдэг.  
-Таны хийж буй бүтээгдэхүүн ноос, ноолуур учраас улирлын чанартай хэрэглэгддэг. Дулааны улиралд бизнес нь зогсдог уу, орлогоо хэрхэн тасалдуулахгүй авч явдаг вэ?
-Хавар дөрөвдүгээр сараас есдүгээр сар дуустал борлуулалт зогсоно. Өвөл бүтээгдэхүүнээ борлуулахдаа зун орлого тасалдана гээд хуримтлал үүсгэдэг. Гэхдээ их байж чаддаггүй. Өмнөх жилүүдэд зундаа бизнес маань зогсдог байсан учир энэ жилээс шулуун оёдол хийх төлөвлөгөөтэй оёдлын машин авчихсан. Өөрийгөө хөгжүүлж ЖДҮ эрхлэгчдэд зориулсан сургалт, семинарт сайн суудаг. Түүгээрээ аливаа бизнесийг хөрвүүлж, ганцхан төрлөөр нь дагнахгүй байж болдгийг ойлгож, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Тиймд хавраас эхлэн нимгэн хувцас хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Сард олж байгаа орлогоороо амьдралаа залгуулж хүрэлцдэг үү?
-Хоёр идэхгүй, хоосон хонохгүй л амьдарч байна. Олж байгаа орлого маань хангалтгүй. Гэхдээ тууштай байж л амжилтад хүрнэ. Үүнээсээ илүү орлого олдог болно. Долоо хоногийн зургаан өдөр нь ажиллаж нэг өдөр нь амардаг. Хувийн бизнес эхлүүлсэн хүн долоо хоногийн дөрвөн өдөр ажиллаад гурван өдөр амраад байж болохгүй шүү дээ. Хөлөө олтлоо өдөр шөнөгүй ажиллахаас өөр аргагүй. Одоогоор гурван ажилчинтай. Ер нь бизнес эрхэлнэ гэдэг их ухаан шаарддаг юм билээ. Ажилчдадаа хатуу үг хэлж болохгүй, хэт зөөлөн байж болохгүй. Үнэхээр болохгүй байгаа юмыг нь хэлмээр байв ч амаа жимийх үе гардаг. Ер нь бизнес эрхлэгч хүнд ажилтнаа алдчих вий гэх айдас байдаг юм шиг санагдсан.
Төрөөс ямар нэгэн халамж харж тэтгүүлэх талаар бодолгүй хөдөлмөрлөөрэй. Эхэндээ хэцүү ч гэлээ бага ч гэсэн ажилтай орлоготой байх шиг сайхан зүйл үгүй. Цаашил олон нэр төрлийн бүтээгдэхүүн хийхээ багасгаж, цөөхөн чанартай бүтээгдэхүүн хийж танигдах зорилготой байгаа. Мөн ноолууран бүтээгдэхүүн урладаг болно.
-Ярилцсанд баярлалаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн